Шагналын хур буулаа гэж хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр баяр ёслолын үеэр сурталчилна. Уг нь шагнал гэдэг бусдаас илүүг хийж бүтээсэн хүмүүст олгогддог байх ёстойсон. Манайд эсрэгээрээ шахуу. Улс орных нь байдал сайнгүй, нийтээрээ ажлаа муу хийгээд эсвэл ажлаа огт хийхгүй байхад, хэн нэг нь хийх ёстой ажлаа ёсоор нь хийхээр л "шагнадаг" уламжлал бий болжээ. Ердөө л ажлаа хийж зохих ёсны ажлын хөлсөө аваад амьдрал ахуйгаа аваад явж байхад янз бүрийн гуншин цолтой болж, энгэрээ төмрөөр цоолно.
1
УИХ-ын хэн нэгэн гишүүн чуулгандаа таслалгүй суугаад байвал "шилдэг улстөрч"-өөр тодорно. Хэн нэгэн улстөрчийн сонгуулийн кампанит ажилд оролцож дуу дуулсан дуучин, магтсан сэтгүүлч зохиолч, мөнгө хандивласан бизнесмэн шагналын жагсаалтын эхэнд бичигдэнэ. Түмнийхээ дуу хоолой болох ёстой эрхэм түшээ, мяндагтангууд өөрийнх нь төлөө зүтгэсэн хэн болгоны дээлийн энгэрийг цоолно. Сонгуулийн дараах жилд учир тоймоо алдана. Шагнагдах хүмүүсийн нэрсийг нь дуудаад л байна, дуудаад л байна, тэнгэрээс буух аадар шиг л алга нижигнэнэ. Аньсага чийгтүүлэн байж Төрийн сүлд өршөөлөө, амьд явсны минь хэрэг бүтлээ гэхчилэнгээр шагнагдагсад хоолой зангируулан ярилцлага өгнө. Энэ жил 300 гаруй сумын гуравны нэгийнх нь тэгш ой тохиож байгааг ч хэлэх үү төр төлөөлсөн эрхэм түшээ нар ёстой авдар авдраар нь цол тэмдэг тарааж байна шүү. Хашрууд ийн тараахдаа өөр намын нөхдөд гар татахаа сайн мэднэ. Зоос гоёлынхон, өмнөд хөршөөс тэмдэг импортлогч нарын халаас овоо цулайсан сураг сонстоно. Төрийн ордон энгэр дүүрэн цол тэмдэг хангинуулсан нөхдөөр дүүрэн зусав. Байдлаас хараад байхад улс орон үсрэнгүй хөгжиж байгаа бололтой. Наадмын дараа намрын их ажил залгана. Хадлан тэжээл, мал сүргийн тарга тэвээрэг авахуулах, тарьсан үр тариа, төмс хүнсний ногоогоо хурааж авахад бэлдэх гээд их ажил ундарч байхад найр наадмын уухай ер тасрах шинжгүй. Авдар дүүрэн төмөр, ачаа дүүрэн жаазтай өргөмжлөл тээсэн дарга нар хавийн найр халамцуу голдуу сүнгэнээд байхад энэ их ажил нугларах уу. Шагналын тухай нухацтай бодох цаг нь нэгэнт болсон.
1
Ер нь шилдгийн шилдэг өргөмжлөлгүй хүн энэ Монголд огт байхгүй гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй. Сүүлдээ бүр бизнес болоод хувирчихсан. Сүүлийн хэдэн жилийн цагаан сараар энэ өргөмжлөл учир тоймоо алдсан. Мөнгө тушаагаад л ачлалт аав, энэрэлт ээжийн өргөмжлөл авч болно. Ийм дагнасан үйл ажиллагаа явуулдаг сан, хэвлэлийн газрын тоо борооны дараах мөөг шиг олширсон. Байгууллага бүр хоёр оны зааг дээр шилдгийн шилдгүүдээ тодруулна. Жаазтай өргөмжлөл айл бүрийн хойморийг чимэглэнэ.
1
Өмнөх Ерөнхийлөгч маань ганцхан сарын хугацаанд 40 гаруй байгууллагын ивээгч, шилдэг хүнээр тодорч билээ. Улстөрч бизнесмэн өөрсдийгөө шагнуулчихаад хэвлэл мэдээллийнхнийг дуудаж өөрснийхөө тухай бүхэл бүтэн нэвтрүүлэг, сурталчилгааны мэдээлэл гаргуулна.
1
Шагнаж урамшуулж бололгүй яах вэ. Гэхдээ л хавгайрсан энэ шагнал, шагналын үнэ цэнийг үгүй болгоод байгаа юм шүү дээ. Хөгжил гэдэг хүн болгон өөртөө оногдсон үүрэгт ажлаа сайн хийхээс л эхэлдэг. Үүрэгт ажлаа илүү сайн хийх тусам илүү их цалин авч амьдрал ахуйд нь сайнаар нөлөөлдөг болж гэмээ нь хүмүүс урамшина. Цөөхөн чанартай л баймаар байгаа юм. Энгэр дүүрэн төмрөөр яах ч билээ. Тэмдэг дагасан мөнгө нь амьдрал ахуйд нь нэмэр болохуйц мөнгө дагалддаг байх ёстой. Сайн ажиллаж байгаа хүмүүсийг илүү сайн ажиллахад нь эдийн засгийн дэмжлэг болохоор өөрчлөх цаг болжээ. Төр соёрхолоо хүртээж байгаа бол дор хаяж 500 сая төгрөг дагалдуулж өг л дөө. Өөр улам төгөлдөр уран бүтээл, шилдэг бүтээгдэхүүн, эрдмийн ажил, төгс технологи хийх боломжийг нээнэ шүү дээ. Шагнал цөөхөн, эдийн засгийн баталгаа болбол хөгжлийг төгөлдөржүүлэхэд ашиг тустай баймаарсан. Шагнал нүдээ олно гэдэг энэ бүхнийг харгалзсан бодлогын тусгал байж гэмээн нэр хүндтэй болно.
1
Н.Бадамжав