Наадмын дараа намар гэдэг ч наадам үргэлжилсээр, наадсаар байна. Энэ жилийн тухайд Их Монгол Улс байгуулагдсаны, Ардын хувьсгал ялсны тэгш ой биш ч хувьсгалт засгийн үеийн сумын захиргаа шинээр эмхлэгдэн байгуулагдсаны их ойн жил тохиолоо. Монгол Улс 330 сумтай. Сумдын дийлэнх нь хувьсгалт засаг төр эмхлэгдэн байгуулагдсаны дараагаар нэгэн жил зэрэг байгуулагдсан. Тиймээс ч өнөөдөр 21 аймаг бүр сумдынхаа 90 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Улсын наадмаас илүүтэй сумын ойдоо анхаарсан, санаа тавьсан яриа аль зуны эхэн сараас үргэлжилсэн. Эдүгээ энэ сумын ой нижгэр боллоо, тэр аймгийн тэр сумын унаган хүү аргагүй л бэлтэй хүн шиг зангараг гаргалаа, одоогийн төрийн өндөрлөгт манай нутгийн хүү байгаа болохоор ойгоо нижгэр хийлээ гээд наадмын яриа амаас ам дамжин яригдсаар байна.
6
Нэг талаасаа зардалчирэгдэл их гаргалаа, эдийн засаг хямралтай үед хэдэн зуун сая, тэрбум тэрбумаар нь хөрөнгө цацлаа гэх шүүмжлэл сумын тэгш ой тэмдэглэхтэй холбоотойгоор өрнөсөн. Одоо ч энэ шүүмжлэл тасраагүй байна. Арга ч үгүй биз, эдийн засаг хямарч, бараа таваарын үнэ өдрөөс өдөрт нэмэгдэн, ард иргэдийн амьжиргааны түвшин муудаж байгаа энэ үед иргэд бухимдах нь зүйн хэрэг.
7
Гэхдээ монголчууд бид нутаг усаа дээдэлж, төр ёсоо хүндэтгэж ирсэн ард түмэн. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг эс тооцон, унаж төрсөн нутгаа, аав ээжийнхээ, хадмынхаа нутгийн зорих хүү, охин, хүргэн бэрүүдийн цуваа хөдөөний замд үргэлжилсээр. Нөгөөтэйгүүр зам дагаж хөгжил ирнэ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хийсэн, олон түмэнд хүртээмжтэй ажлуудын нэг нь аймгуудыг Улаанбаатартай холбосон автозам. Эдүгээ Монголын өрх бүр дор хаяж нэг суудлын тэрэгтэй болсон үед нийслэлтэй ойрхон аймгийн иргэд долоо хоног бүр нутгаа зорьж байна. Хол нутгийнхан жилдээ нэг удаа нутагтаа очоод ирж байгаа. Энэ жил улаанбаатарчуудын дийлэнх нь орон нутгийг зорьж, унасан газар угаасан усандаа хөрвөөгөөд ирлээ.
6
Аялал жуучлалыг хөгжүүлнэ гэж жил бүр ярьдаг. Ялангуяа манай иргэд эх орноо тойрон аялахгүй гадаадыг зорьж, гадаадад улс оронд хөрөнгө оруулалт хийж байна гэж аялал жуучлал хариуцсан албаны хүмүүс шүүмжилдэг. Тэгвэл энэ жил дотоодын аялал жуучлал элдэв сурталчилгаагүйгээр хувь илүү үр дүнд хүрсэн гэж найдаж байна. Энэ жилийн дотоодын сурталчилгаа “Сум-90 жил” байлаа. Амьдрал хөөж нутгаасаа гараад 10, 20 жил болсон ах дүүс, нутаг нугынхныг тэгш ой учрууллаа. Учир нь нутгийн ой сайхан боллоо, манай сум ч хөгжиж байна, нутагтаа очиж хийморио сэргээгээд ирлээ гэх хотынхон хаа сайгүй таарч байна. Нутгаа зорих замдаа иргэд өөрсдийн маршрутыг зохион, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газруудаар аялдаг болж. Тэр байтугай дараа жил аль аймгийн ямар сумыг ямар маршруттайгаар явж үзэхээ ч төлөвлөжээ.
7
Энэ жил сумдын тэгш ойгоос гадна Ламын гэгээний 375 жил, Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа. Баянхонгорчууд саяхан Ламын гэгээний 375 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ лээ. Ойн хүрээнд төр, засгаас хөтөлбөр гарган тэмдэглэхээс гадна иргэд, олон нийтийн байгууллагын зүгээс Халхын гол руу аялах маршрут зохион байгуулж байгаа. Харин үүнд манай ССАЖЯ-ныхан хэр санаачлагатай оролцож байгаа бол. Аймаг сумдын тэгш ойнууд үргэлжилсэн энэ жил нутгаа сурталчилж, хандив, тусламж эрэхээс гадна сум нутаг усныхаа онцлог, байгалийн үзэсгэлэнт газруудынхаа талаар аяллын маршрут гаргасан болов уу. Тэгш ой тохиосон аймаг, сум, нутгийн зөвлөлийнхөн Улаанбаатараас тухайн нутгийг зорих аяллын маршрут гаргаж байвал дотоодын төдийгүй гадаадын иргэд ч сонирхон очих биз ээ. Цаашдаа ойдоо зориулж хандив гуйх бус аяллын маршрут гаргацгааж жуулчдыг даллаасай.
6
Н.Энх