Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал найман хувийн хүүтэй зээл олголт зогсоогүйг "албан ёсоор" хэмээн тодотгож байгаад хэлэв. Харин арилжааны банкуудын ихэнх нь энэ зээлийг олгохгүй байна. Тухайлбал, "Хаан", "Капитрон", "Улаанбаатар" банкууд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй байгаагаа дуулгав. Сар орчмын өмнөөс зээл олголтыг зогсоосон гэнэ. "Хаан", "Капитрон" банк Монголбанкнаас өгсөн санхүүжилт дууссан гэсэн шалтгааныг хэлж байна. Улаанбаатар банк "цаанаасаа зогсоосон" хэмээв.
5
Харин "Төрийн банк", "Хас", "Голомт" банкууд найман хувийн хүүтэй зээлийг олгож байгаа гэнэ. Гэхдээ шаардлага өндөр басзээл судлалт удаан байгааг иргэд хэлж байгаа. Хас банк гэхэд зөвхөн өөрийн харилцагчиддаа зээл олгож байна. Энэ банкаар дамжуулж цалингаа авдаг, бизнесийн орлого зарлага нь зөвхөн Хас банкаар дамждаг хүмүүс л найман хувийн хүүтэй зээл авах эрхтэй гэсэн үг. Харин Төрийн банк Гадаад харилцааны яам, Хараа тооцооны төв гэсэн хоёрхон салбар дээрээ л найман хувийн хүүтэй зээлийн материал хүлээн авч байгаа гэнэ. Эндээс банкууд найман хувийн хүүтэй зээл олгох сонирхолгүй болсныг харж болно.
5
Засгийн газраас шийдвэр гарч, энэ төрлийн зээлийг олгож эхэлж байх үед бүх банкууд салбар бүртээ найман хувийн хүүтэй зээл олгож байна хэмээн рекламдаж, бараг л шагайсан бүхнээс зээл авах уу гэж асууж байв. Хаалга үүдэнд нь “Найман хувийн хүүтэй зээл олгож байна” гэсэн зар хадаастай. Эдийн засагчид нь ч уриалгахан, зээл олголт ч хурдан шуурхай. Харин өнөөдөр энэ үед найман хувийн хүүтэй зээл авсан хүмүүс азтайд тооцогдож байна. Аливаа зүйл шинэхэн дээрээ соньхон байдаг гэдэг нь зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтой.
5
Ажилласан жил сар, урьдчилгаа мөнгө, хамтран зээлдэгч, байрны гэрчилгээ зэргээр зээлийн түмэн шаардлагыг арай гэж нэг хангатал банкууд гэдийчихэж. Байртай болох гэсэн насны мөрөөдөл дахин нэг хана мөргөх нь тэр. Үнэндээ банкнаас зээл авах тийм ч амархан ажил биш. Дургүй хүргэсэн нэгнийг “банкнаас зээл авмар” гэж хараамаар санагдах үе ч бий. Хэвийн олгож байх үед тулгардаг байсан бэрхшээл одоо бүр түмнээр тоологдох нь тэр. Зөвхөн манай банкны харилцагч байх ёстой, ганцхан энэ салбараар материал авна гэхчлэнгээр олгож байгаа нэг нь хязгаар тавьчихаж. Байраа сонгочихсон, урьдчилгаа бэлэн. Зөвхөн зээлэн дээр л гацах зовлонг олон хүн мэдэрч байна. Дээр нь мөнгөө төлөхгүй бол сонгосон байрыг чинь өөр нэгэнд өглөө гэж барилгын компаниас шаналгана. Зээл авах эсэхээ мэдсэний дараа урьдчилгаа төлбөрөө хийхгүй бол мөнгөө алдах эрсдэлтэй. Энэ мэтээр насны мөрөөдөл, амьдралын чухал хэрэгцээ зөвхөн банкнаас өгөх зээлээс хамаарна. Гэтэл найман хувийн зээлийн анхны төрх хэтэрхий өөрчлөгдөж, зүс нь хувирав. Хүссэн бүхэнд битгий хэл шаардлагыг нь хангасан нэгэн ч давж гарахад зовлонтой өндөр босго болж. Цаашид ч өндөрсөх бололтой. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Монголбанкны зүгээс найман хувийн хүүг цаашдаа чанаржуулах хэрэгтэй гэж бодож байгаа” хэмээн ярьсан. Ямар утгаар хэлснийг мэдэхгүй ч шууд утгаараа бол иргэдэд тийм ч таатай мэдээ биш.
6
Ямартай ч найман хувийн хүүтэй зээл цааш үргэлжлэх гэнэ лээ. Гэхдээ дүр төрх нь дахин яаж өөрчлөгдөхийг таах аргагүй. Дундаж давхаргынханд зориулсан зээл дундажаас дээгүүр зүйлийг шаардаж буй нь зүйд нийцэж байна уу гэдгийг бодох л хэрэгтэй. Онилсон сум байгаа яг онодоггүй юм гэхэд орчимд нь унасан цагт л амжилтын тухай ярих ёстой биз ээ.
5
В.Хэрлэн