Улс орны баялаг бол алт юм. Экспортыг алт авчирна. Гадаадын барааг ихээр импортлох нь алтаа алдахад хүргэнэ. Улс орон алтны нөөцөө хадгалахын тулд импортоо хязгаарлах ёстой. Тийм болохоор аль болохоор гадаадын бараа импортоос эдийн засгаа хамгаал ... гэх ийм үзэл санаа 16-р зууны үед ихэд дэлгэрч байжээ.
5
Экспорт үндэстний баялгийг нэмэгдүүлнэ гэх Маркенталист үзэл хүрээгээ тэлсэн 16-р зуунд хамгаалах эдийн засгийн бодлого буюу импортоо хязгаарлах тухай үзэл санаа хүчтэй гарч байж. Тухайн үндэстний нөөц алтаар хэмжигдэх “үндэстний баялаг” хэмээх ойлголт энэ үед бий болж. Үүн дээр тулгуурласан улс орны эд баялаг нь худалдааны таатай тэнцэл буюу улс оронд орж ирэх алтны хэмжээ нь гарч байгаагаасаа илүү байхаас хамаарна гэсэн онол бий болж. Энэ итгэл үнэмшлээ хамгаалагчдын байр суурь их энгийн, хэн ч ойлгохоор. Хэрвээ улсын нөөцөөс илүү их хэмжээний алт гарвал тухайн орны хөгжил цэцэглэл зогсож, цалин хөлс багасаж, ажлын байр алдагддаг. Англи улс нэгэн цагт яг ийм байдалд орж алтны гадагшаа чиглэх урсгалыг багасгахын тулд гадаадын барааны хэрэглээг хязгаарлах зорилготой хуулийг баталж байж.
5
Энэ хамгаалах бодлогын гол төлөөлөгч болж байсан Жерард де Малинес гэх гадаад арилжааны шинжээч эрхэм хэт их алт урсан гарвал Английн мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ доош унана гэдэг дээр тууштай байж төр засагтаа анхааруулж байв. Харин үүний нөгөө талд Британий “Ист Индиа” компанийн удам залгасан захирал Томас Мүн гэх эрхэм экспортыг дэмжиж импортыг багасгах нь зөв, гадаадад хийгдэж буй төлбөр бол гол асуудал биш. Харин худалдаа төлбөрийн тэнцэл ямар байх нь чухал гэж үзэж байж. Гэхдээ тэрээр дотоодын барааны арвич хямгаж хэрэглээг нэмэгдүүлж, экспортыг дэмжин, импортыг багасгахыг хүсч байсан юм. Хэрвээ гадаадаас бараа авч тэрийгээ дахин экспорт хийх замаар гадаад бараа эргэлтэнд алт мөнгө зарцуулахад айх зүйл байхгүй гэж тэр мэдэгдсэн. Өөрийнхөө компаны маш их хэмжээний мөнгөний дүнтэй экспортыг ч Томас Мүн энэ л үзэл санаагаар хамгаалж байж. Хожмоо энэ эрхэм //1628/ онд Ист Индиа Компанийхаа худалдааг Голландтай хийх өрсөлдөөнөөс хамгаалахыг засгийн газраасаа хүсч өөрөө парламентдаа танилцуулж байлаа.
5
Эдгээрийн араас 18-р зуунд нь алдарт Адам Смит хамгаалагчдын үзэл санааг үгүйсгэж баялгийн тогооны хэмжээ тогтмол бус, улс орны худалдааг үл хязгаарлавал хугацаа явах тусам тогооны хэмжээ нь өсдөг. Худалдааг зөнд нь орхих юм бол зах зээлд оролцогч улс орон бүрийг баяжих хэмжээнд хүртлээ өсөж, томордог хэмээсэн. Эдийн засагчдын энэ бүх онолын зөв бурууг энд шүүн харьцуулж ярих гэсэнгүй. Энэнь тусдаа эрдэмтэн судлаачдын болгоох асуудал.
5
Харин эдгээр эдийн засгийн суурь онолуудаар харьцуулж харвал Монгол минь аль талд нь явна гэдгийг харах гэж оролдож болох юм. Үүгээр дамжуулан манай эдийн засгийн хүндрэл гэж яг юу яваад байгааг бас зураглан харж болох талтай тул оршилд нуршин буулгалаа. Энд юун түрүүнд хэлэхэд ямарч байсан бид эдийн засгийн хамгаалалтаа их алдсан буюу гадаадын бараа, импортоос маш их хамааралтай болсон нь үнэн.
5
Өдгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ бараг 90 хувийг гаднаас авдаг болчихсон байгаа улс ямар хэмжээний импорттой байх нь тодорхой. Харин ноён Томас Мүний хэлээд байсан баялаг, алтыг авчрах гадаад худалдаа буюу экспортийн нэр төрөл нь тун цөөхөн. Нийт экспортын бараг 80 хувь уул уурхайн эрдэс баялаг. Гаднаас гадаад худалдааны эргэлтээр орж ирэх “алт” маш бага гэсэн үг. Одоогийнхоор бол энэхүү эд баялаг“алт” гэдгийг экспорт талаас нь бид ам доллараар орлуулаад ойлгочихож болно. Ойрын жилүүдэд энэхүү эд баялгийн санг нэмэх алт буюу гадаад валют манай эдийн засагт нь орж ирэхгүй болчихоод байгаа. Бид маш их валют хаяж импорт хийдэг хэрнээ гадаад талдаа худалдаа хийж эдийн засагтаа оруулж ирэх валют нь түүнээс хэд дахин бага байсаар ирсэн. Уулаасаа хязгаарлагдмал экспорт хийдэг орон тул гадаад худалдаа, экпорт импортын энэхүү зөрүү шархаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхсөөр ирсэн. Гэтэл сүүлийн хоёр жилд өнөөх нөхөөс хийж хэдэн ам доллар эдийн засагт эргэлдүүлдэг хөрөнгө оруулагчид нь хэлцсэн мэт хөндийрч зайгаа барьсан. Гэтэл бидний сүү, өндөг, гутал өмд, нолийн цаас, памперс гээд доллар өгч байж авдаг импорт улам нэмэгдсээр. Харин түүнийг нөхөж дараагийн импортын барааг бөөндөхөд хүрэх хэмжээний ам доллар гаднаас орж ирэхгүй болсон. Ингээд ховор живэр болсон ам доллар чангарч төгрөг суларсаар тавдугаар сарын эхээр улсын жилийн инфляци 13.7 байсан бол зургаадугаар сард 14.6 хувьд хүрсэн.
5
Сүүлийн нэг жилд шинжээч эдийн засагчдын хэлээд байгаа эдийн засгийн хүндрэлийн талаар хийж байгаа тайлбар дүгнэлтийг нэгтгэвэл ерөнхийдөө ингэж л бууна.
5
Энд нэмж хэдэн тоо статистик хэлэх ёстой байх. Энэ оны байдлаар гадаад худалдааны алдагдал 156.1 сая ам.доллар болжээ. Өмнөх тавдугаар сард нь бүр 204 сая ам долларын алдагдалтай гарч байж. Тэнцэл нь маш их алдагдсан гэсэн үзүүлэлт байх. Харин энэ алдагдлыг нөхдөг гэж болох гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 оны нэгдүгээр улиралд 294.0 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс даруй 551.8 сая ам.доллар буюу 65.2 хувиар буурчээ. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн эдийн засагтай явж ирсний бодит үр давар болсон ийм л хүндрэл манай эдийн засагт нүүрлээд байгаа юм.
5
Энд дээр дурьдсан Маркенталистуудын хэлдэг улс орны эд баялаг нь худалдааны таатай тэнцэл буюу улс оронд орж ирэх алтны хэмжээ нь гарч байгаагаасаа илүү байх гэдэг зарчим алдагдсан эдийн засгийн суурь хөрс аль хэдийн бий болжээ гэж дүгнэж болохоор.
5
Төгсгөлд эхлэхэд яг ийм байдалд орж явсан Британи, АНУ,Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд гадаадын зарим худалдаа импортод зохих хориг тавьсан хамгаалалтын бодлогыг хэрэгжүүлж импортыг хязгаарласнаар нялх аж үйлдвэрүүдээ хөл дээр нь босгож дотоодоо үйлдвэрлэгч улмаар экспортлогч орон болж эдийн засгаа хүчирхэгжүүлж чадсан юм билээ. Одоо эдгээр орнууд кимчи, бохь, бэлэн гоймонгоос өгсүүлээд авто машин тоног төхөөрөмж гээд элдэв дээдээ бидэндээ шахсан том экспортлогч, үйлдвэрлэгч орон болсныг бид харлаа.
5
Гаднын бараа, импортын нөлөөнөөс зах зээлээ тодорхой хязгаарт хамгаалж, дотоодын барааны арвич хямгач хэрэглээг төрийн бодлогоор бий болгож экспортыг дэмжин импортыг багасгах нь зөв гэсэн Томас Мүний үгийг талын Монголчууд бид ч бас санаж сэхээрэн гадаадын бараанаас өрсдийгөө “хамгаалах” хэрэгтэй болсон санагдав.
4
Пүрэвжавын Баярхүү /тоймч/