Монгол Улсын мал сүрэг 50 саяд хүрээд байна. Байгаль цаг уурын тааламжтай байгаа үед цаашдаа ч өсөх шинжтэй. Бэлчээрийн даац хэдийнэ хэтэрчихсэн. Мах сүүг нь дотоодынхоо хэрэгцээг хэл амтай хангасан болоод өнгөрч байна. Гадаад зах зээлийн тухай бүүр ч ярихын хэрэг байхгүй. Өвөл зуны аль улиралд энд ч боом, тэнд ч шүлхий гарлаа гэсэн мэдээлэл цацагдана. Малаас хүнд халддаг малын гаралтай гоц халдварт өвчнөө хязгаарлаж чадахгүй л бол экспортын хэмжээ нэмэгдэхгүй. Бэлчээрийн мал сүргийг өвчнөөс бүрэн сэргийлэх боломж бололцоо тэр бүрий байдаггүйтэй энэ нь холбоотой. Уг нь манай малын мах амт чанарын хувьд тэргүүн зэрэглэлд багтдаг. Жилийн дөрвөн улирлын турш өвсний соргог, усны тунгалгийг даган идээшилдэг болохоор тохилог хашаанд хашигдаж хүчит бордоогоор бордуулсан малын махнаас хувь илүү байх нь ойлгомжтой. Гадныхан манайд итгэдэггүй. Тиймээс ч Монголын талаар нэг бэлчиж байгаа үнэт баялагаа экспортлох үүд хаалга байнга шахуу хаалттай, зах зээл нь хумигдвал байгаа юм. Малыг эрүүлжүүлж аюулгүй хүнс гэсэн баталгаатай болгох нь МАА-н салбарын хамгийн том асуудал болоод байна. Их ч хөрөнгө мөнгө шаардагдана. Талаар нэг тарсан мал сүргийг толгой дараалан эрүүлжүүлнэ гэдэг бас л хүндрэлтэй. Нөгөө талаар шүлхий, боом өвчин гарахаар Монгол даяар гарчихсан юм шиг мэдээлэл түгээдгээс шалтгаалаад гадныхан их сэжигтэй хандаж байна. Эргээд тэд импортынхоо хэмжээг багасгана. Дэлхийн дахинд малын 15 төрлийн өвчин гарвал худалдаа шууд зогсдог. Тэдний нэгэнд шүлхий багтана. Шүлхий гарсан нутагт хөл хорио хэрхэн тогтоож, өвчний голомтыг хэрхэн дарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэхээсээ илүү сүр дуулиан болгодгоос ийм буруу ойлголт гадна орчинд төрөөд байгаа юм. Уг нь бид малын халдварт өвчний олон улсын товчоонд эрүүл бүс нутгаа зарлуулах ёстой юм. Аль хязгаарын малын махыг гадна орчинд экспортлохыг хүсч байгаагаа байнга мэдээлж байвал гадна орчны ойлголт сайжирна. Монгол малын махыг гадныхан Австрали, Шинэ Зеландын махтай харьцуулсан маш олон төрлийн судалгаа хийсэн. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, амьтны гаралтай уураг гэдэг талаас нь харж эрүүл мэндийн олон нэмэлт бүтээгдэхүүн, бэлдмэл хийж байгаа. Өөр олон анагаах чанар бийг судалж тогтоож байна. Гүүний саам, айраг, хар ямааны бэлдмэл, ингэний хоормог ... гэхчлэнгээр урт жагсаалт бий. Гол нь өргөн уудам Монгол Улсын аль бүс нутаг нь эрүүл малтай, аль нь өвчний голомттойг ялгаж салгаж мэдээлэх нь чухал.
6
Гадна орны махтай харьцуулахад монгол малын маханд холестрин маш бага агуулагддагийг тогтоосон байдаг. Импортоор авчих юмсан гэх улс орон өч төчнөөн бий. Гол нь дэлхийн стандартад нийцэхгүй байгаа юм. Гаднаас мах оруулж ирж байгаа орнууд тус тусдаа нарийн стандартуудтай. Жишээ нь Азийн ихэнх оронд хонь байхгүй. Тэд Австралиас хонины махаа оруулж ирдэг. Ингэхдээ хонины маханд нэгдсэн нэг бэлтгэн нийлүүлэлт, ариун цэврийн стандарт тавьдаг. Энэ бүхнийг нь хангачих л юм бол асуудал шийдэгдэнэ. Хууль эрхзүйн орчин манайд асуудалтай байгаагаас зохицуулалт хийж болохгүй байгаа юм. Өнөөхний өөх тос ярьж байхаар маргаашийн зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна даа. Малын халдварт өвчний олон улсын товчооноос хүлээн зөвшөөрөгдсөн бус нутгаас бэлтгэсэн буюу тууварласан малыг хилийн боомтууд түшиглэсэн мал нядалгаа, бэлтгэлийн газруудын лобарторид олон улсын эрүүл ахуйн хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээгээр нотлуулаад гаргавал илүү үр дүнтэй. Дээр нь мөнөөх л олон улсын жишигт нийцсэн мал комбинатад гадныхны хүссэн хэмжээ, ялгалаар савлаад нийлүүлбэл ажлын байр бий болоод зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болно. Ерөнхийлөгчийн айчлалаар япончууд танай малыг эрүүлжүүлэхэд туслая гэсэн. Мэдээж тэд маш удаан бодно. Гоомой зүйл хэзээ ч хийдэггүй улс. Олон төрлийн судалгаа шинжилгээ, тооцоо төлөвлөгөө, өнөөгийн бас хэтийн төлөвлөгөө нарийвчилна. Харин аливаа ажлыг бүтээн босгохдоо чанарын өндөр төвшинд хийдэг. Тэднийг хүлээж суухдаа өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийж байхсан. Цаг хугацаа эс тоовол бүхнийг алдана гэдэг мэргэн үг байдаг даа.
6
Н.Бадамжав