2012 он дөнгөж гараад байсан нэгдүгээр сарын 12-ны өдөр. Ашигт малтмалын салбарт хөрөнгө хаяж хүч сорихоор шулуудсан нөхдүүдийг цочоосон хуулийг УИХ батлан гаргалаа. Маш товчхон 2 зүйл, 3 өгүүлбэрээс бүрдэх хуулийг буулгавал,
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай.
5
1-р зүйл. Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох болон бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж дагаж мөрдөх хүртэл хориглосугай.
6
2-р зүйл. Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
5
Энэ хууль уул уурхайн лицензээр хөрөнгөжиж байсан олон хүний толгойд цус хуруулсан нь тодорхой. Хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр хайгуулын лиценз атгаж, гар дамжуулан зарж мөнгө босгодог мэргэшсэн сүлжээний ченжүүд болоод нэлээдгүй олон бизнесмений хаясан хөрөнгө мөнгөний ирээдүй бүрхэг болж ирсэн. 2010 оны үед хайгуулын тусгай зөвшөөрөл гэсэн гэрчилгээ атгаад түүнийгээ цааш нь зараад, барьцаанд тавиад банкнаас, гадаадынхнаас их хэмжээний мөнгө зээл босгочихсон нөхдүүд хөл толгойгүй болох дөхсөн нэгэн үе бий. Хориглосон хууль гарснаар уул уурхайгаар мөнгө босгодог хэсэг хүмүүсийн хөдөлгөөн хаагдаж хаялгад нь уул ухаж, ус ширгээдэг аюул түр намжсан. Энэ талаасаа дээрх хууль нь эрх зүйт төртэй улсын эх орноо бодоод гаргах л ёстой шийдвэр байлаа. Тухайн үед уул уурхай дахь хайгуулын зөвшөөрлийг олгох ажилд нугалаа давхардал ихсэж, түүнийг дагасан авилга, харамж шан хэрээс хэтэрч ирсэн. Мөн тусгай зөвшөөрөл атгасан аж ахуйн нэгжүүдээс явуулж байгаа үйл ажиллагаа нь зарим тохиолдолд хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн эмх замбараагүй шинжтэй болж бараг хяналтаас гараад байсан дүр зурагтай байж. Энэ нь даамжирсаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч ирсэн юм.
5
2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар 478 мянган га талбай бүхий 1096 ашиглалтын, 38.9 сая га талбай бүхий 3659 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь улсын нийт нутаг дэвсгэрийн 24.5 хувийг аль хэдийнэ эзлээд байжээ. Дорноговь аймагт 491 тусгай зөвшөөрлөөр нийт 5 сая гаруй га газар олгогдсон нь аймгийн нийт нутгийн 50 орчим хувь, Өмнөговь аймагт 459 тусгай зөвшөөрлөөр 7.5 сая га газар олгогдсон нь тухайн аймгийн газар нутгийн 45 орчим хувийг эзэлж иржээ. Нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 10 гаруй хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд эзэмшиж эхэлсэн байна. Одоо ч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 165 компани 322 тусгай зөвшөөрөлд хамрагдах 2.1 сая га газар, хамтарсан компанийн хэлбэрээр 74 аж ахуйн нэгж 123 тусгай зөвшөөрлөөр 700-гаад мянган га газрыг эзэмшдэг. Энэ тухай Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийн хугацааг сунгах тухай төслийг өргөн мэдүүлэхдээ дурьдаж байлаа.
5
Энэ хүртэлх хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу геологи, уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, заавруудыг цэгцлэх ажил хийгдэж ирсэн нь сайшаалтай. Ингээд энэ зунаар асуудлыг цэгцэлж болсон гэж үзсэн бололтой Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх коридорыг нээж өглөө.
5
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэж эхлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг ч салбарын яам дуулгав. Товчхондоо хүчингүй болгосон байсан 106 хайгуулын лицензийг сэргээнэ гэсэн нь олны анхаарлыг татаад байна. Олон нийтийн хувьд үүнийг анхаараад байгаа нь өнөөх урьдын замбараагүй байдал давтагдаж уул усаа сүйтгэх вий гэсэн болгоомжлол. Хориглосон хууль мөрдөгдсөн жилүүдэд 2010 онд олгогдоод байсан 4137 тусгай зөвшөөрөл 2880 болж буурсан гэсэн сайхан тоо байдаг. Мөн энэ хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалтаар уул уурхайд орж төсөвт нэмэр болох мөнгө эргэлт эрс багассан сөрөг тал ч бий болсон. Эдийн засгийн энэ хүчин зүйлийн шахаа давамгайлснаар өнөөдөр тусгай зөвшөөрлийг дахин олгож эхлэхээр болоод байна. Олон нийтээс энэ асуудал дээр ганц л асуултыг туйлын болгон тавьж хариултыг хайж байгаа юм. Энэ нь урьдын алдаа гажуудлыг дахин гаргахгүйн тулд ямар зохицуулалт, хамгаалалтыг хийсэн бэ гэдэг асуулт.
5
Үүнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайн зарчимтай нийцүүлж чадна гэж салбарын яамныхан хариуцлагатай мэдэгдэж байгаа юм байна. Тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ гэж тэд үзжээ. Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаар олгохоор болж. Ингэснээр ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэнэ гэлээ. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдох газар нь нь хязгаартай болж нийт нутаг дэвсгэрийн 07 хувийг хамрана гэж олныг тайтгаруулжээ. Ер нь бол энэхүү тусгай зөвшөрлийг сэргээх ажлыг засгийн газар шуудруулсан ба ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг Ашигт малтмалын газар цахим хэлбэрээр олгох тухай шийдвэрч гарчээ.
5
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг Монгол Улсын Засгийн газраас тогтоох бөгөөд тогтоосон талбайн мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Ашигт малтмалын газар) өдөр тутмын сонин, өөрийн цахим хуудас болон байгууллагын гаднах дэлгэцээр олон нийтэд ил тод, нээлттэйгээр зарлахаар болжээ.
6
Эрсдэлтэй ч энэ салбарт хөрөнгө хаяж бэлээ зузаалах хүсэлтэй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид захаасаа аваад байгаа тул ачааллыг харгалзан өргөдөл хүлээн авах талбайг тухай бүр хэсэгчлэн зарлахаар тогтсон гэж байна. Төрийн аливаа ажил ингээд хууль дүрэм журамтай сайхан эхэлдэг ч дасгаж байгаад цавчаа оруулж эхэлдэг ужиг гэмтэй. Сэргээгдэх гэж буй 106 хайгуулын лицензийн 87 нь дотоодын, 14 нь гадаадын, 5 нь гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан нь анхаарал татаж байна. Эдгээр 87 хувийг барьж байсан дотоодын компаниуд хэр бэлтэй чадавхитай байсан бэ. Цаасан дээр дотоодын ААН-үүд 74 хувийг нь атгаж байсан ч ачир дээрээ бүгд шахуу гадны компаниас мөнгө босгосон, тусгай зөвшөөрлөөрөө барьцаалагдсан өртөнгүүд байсан төсөөлөл үлдсэн байдаг. Одоогийн шинэ зохицуулалтаар эхний ээлжинд Монгол улсад татвар төлөгч ААН-үүдэд давуу байдлаар олгох бодлого тусгагдсан байгаа ч хөрөнгө бэл муутай компаниуд тусгай зөвшөөрлөө авчихаад дахиад мөнгөтэй гадныхныг царайчилж үзээд болохгүй бол зөвшөөрлөө зарж орхидог явдал давтагдахгүй байх баталгааг сайн хангаж тооцох ёстой байх.
6
Дэлхий даяар жилдээ 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг өөртөө татаж чаддаг уул уурхай эрдэс баялгийн салбараас өөрийн эдийн засагтаа ядаж 300-400 сая ам.долларыг эргүүлээд татахын тулд Хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин нээх болсныг олон нийт ойлгож байна. Харин хэтдээ наанаа Монгол эзэнтэй ч цаанаа харийн хүний халаасанд орчихсон уул уурхайн бүс үүсэх вий гэсэн болгоомжлолыг цаг үргэлж тооцох нь төрийн эрхэм үүрэг. Нэг сэрэхэд “Тусгай зөвшөөрөл” гэдэг дархлаатай даварсан харийнхан уул уурхайд ноёрхсон байх нөхцлийг тооцон хараарай гэснээр хайгуулын лиценз сэргээхийг дэмжиж болох юм.
7
Харин ой, гол усны савд хэн ч савраа бүү дүр гэдгийг уул уурхай дахь хүний өөрийн хөрөнгө оруулагчид нэг мөр санаж, ард түмний дургүйцлийг төрүүлэхгүй байхыг хичээн явбал хэн хэндээ тустай. Энэ бол хайгуулын тусгай зөвшөөрлийг дагаж явах “тусгай” заалт юм.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/