Наадмын дараах ид ажлын үе тун мөдхөн эхэлнэ. Мал сүргийнхээ тарга тэвээргийг авахуулах, хадлан тэжээлээ бэлдэх, ургац хураалт гээд хахир хүйтний улирлыг яавал өнтэй давах гээд хот хөдөөгүй ажил ундарна. Ойрын жилүүдэд газрын гарц сайтай, цаг агаар тогтуун сайхан байсны ачаар ХАА-н салбар хөл дээрээ нэгэнт өндийжээ. Уул уурхайн салбар хүндхэн байдалтай байгаа нь биднийг бусад салбартаа түшиглэж эдийн засгаа солонгоруулах боломжийг нэг талаар олголоо. Монгол хүн түүхийнхээ туршид өлсч байгаагүйн учир шалтгаан уламжлалт мал аж ахуйтай л холбоотой. Мал сүргээ өсгөж, олшруулах бус аль болох эрчимжүүлж, мах сүү, ноос ноолуурын гарц сайтай шилмэл үүлдэрийн малаар төрөлжүүлэхийг чармайх болжээ. Бас л дэвшил.
6
Ноолуурынхаа гуравны хоёрыг түүхийгээр урд хөрш рүү зөөдөг байснаа болих сэтгэлгээ бий болчихож. Хэдийгээр удааширалтай байгаа Хөдөө аж ахуйн бирж үүргээ биелүүлэх гэж чармайж байгаагийн үр дүн гэж хөдөөгүүр малчид ярьж байна. Хэдэн арваараа нэгдэж малынхаа ашиг шимийг хот хүрээ оруулж борлуулах хоршоо байгуулж эхэлжээ. Ноосоо угааж самнаад эсгий болон эсгий бүтээгдэхүүн хийгээд зах зээл дээр борлуулж байна. Сүү цагаан идээгээ боловсруулж нэмүү өртөг шингээгээд нийлүүлэх нь эрс нэмэгджээ. Гагцхүү төрийн зохицуулалт л их хэрэгтэй болоод байгаа юм. Нөгөө талаар банкны зээлийн хүү өндөр байгаа нь хөл дээрээ босох гэж тэнцэн ядаж байгаа малчдад их дарамт болох юм даа.
6
Хөдөөд махны үнэ хямд хот сууринд тэнгэрт хадаад байгаагийн гол шалтгаан ченжийн гар дамждагтай л холбоотой. Уг нь Хөдөө аж ахуйн бирж жинхэнэ утгаараа ажиллаад хот хөдөөг найдвартай хэрсэн түгээлтийн сүлжээ бий болчих ёстой юм. Даанч төрийн ажил өөрөө энэ сүлжээ шигээ бүх шатандаа найдваргүй байгаад хэргийн учир оршиж байгаа юм. Алийн болгон муулах вэ дээ. Өнгө гэрлийн үзүүр мал аж ахуй дээр хэдийн тусчихлаа. Одоо яавал бөхөөчихгүй улам бүр бадраах вэ гэдгээ л бодохсон. Хөрөнгийн урсгал банкуудаар дамжин хөдөө орон нутаг руу зүглэвэл олноороо хоршсон малчид ченжийн гар дамжилгүй бүтээгдэхүүнээ хот сууринд хямд үнээр шууд нийлүүлчих бололцоотой гэж ярьж малчид байгааг засаг төр анхаарчих л хэрэгтэй байгаа юм.
6
Салбарын яамнаас гаргаж байгаа дүн мэдээгээр үр тариа, хүнс хүнсний ногооны хураалт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс нэг их дутахгүй шинжтэй байна. Гадагшаа ч бага хэсгийг нь экспортлох боломж бий гэнэ. Ургац хураалтад бас л хөрөнгө мөнгөний бэрхшээл тохиолдох нь. Эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор ургац хураалтад шаардлагатай хөрөнгө мөнгө дутагдах нь нэгэнт тодорхой болсон.
6
Банкууд зээл олгоё л гэж байна. Гэхдээ зээлийн хүү тариаланчдын хүссэн хэмжээнд бага биш байгаа нь асуудал үүсгэж байгаа хэрэг. Бас л засгийн нүүр харна. Манай дарга найрлаж наадамдаж яваа хойно газар дээрх байдлыг сайн мэдэж байгаа хэрэг. Даанч чуулгандаа ирж суух, эцэс төгсгөлгүй маргаанаа дэгдээсээр байгаад хугацаа л алдах байх даа. Жил болгон ингэж шийдэж ядсаар суугаад олон мянган тонн тариагаа цасанд даруулж, олигтойхон махны нөөцөө бэлдэж чадалгүй зутраадаг нь энэ удаад л бүү давтагдаасай.
6
Хоол байхад өнөөхөндөө бид болж л байна. Харин ирээдүйн хөгжлийн үндэс юу байх талаар нухацтай тунгаах учиртай. Гадаадын хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж, өр зээл, бондын санхүүжилтээр хэдий болтол амиа аргацаах вэ. Хэдэн жилийн дараа гэхэд өрөнд баригдаж баялагаа гадагш зөөж нүүрээ талхална. Хорвоод үнэ төлбөргүй зүйл гэж байхгүй. Хэзээ нэгэнтээ анх бадар барьснаасаа хэд дахин илүүг төлж л таарна. Өр зээл хэрэггүй гэж тас хөндлөн яриад ч яах вэ. Зээлсэн ганц зоосоо арав болгочих ухаан л хэрэгтэй байгаа юм. Өвчин эмэнд харш. Өвчин эмийн тусыг мэддэггүй гэдэг шиг явамгүйсэн. Уул уурхайн баялаг нөхөн сэргээгдэхгүй. Өнөөгийнх шиг түүхийгээр нь зөөгөөд байвал дорхноо л дундраад явчихна. Тонн төмрийн хүдрийг хэдхэн доллораар гаргаж байхаар коксжих нүүрсээрээ шатааж хайлуулаад төмөр, ган болгоод зарвал 30-40 дахин өндөр өртөгтэй болоод хувирчихна шүү дээ. Өөрсдийгөө малын дайтай авч явбал хоньчин ямагт олдоно. Тэр хоньчин биднийг мал шиг л адгуулна. Мал сүрэг шиг явсан үе бий. Харин өнөөдөр бол өөр гэрэл гэгээ дүүрэн үе шүү.
6
Н.Бадамжав