Нийгэм эдийн засгийн асуудал хүндэрсэн энэ цаг үед Ерөнхийлөгч манай гуравдагч орны манлайлал Японд айлчилж байна. Ардчилсан улс орон болоход хамгийн их тус хүргэсэн нь тэд. Эх түүхийнхээ туршид алсад орших хэрнээ ойр дотно байсан улс. XIII зуунаас л эхтэй юм даг. Их Монголын довтолгоог дорно зүгт няцаасан ганцхан орон. Түүнээс хойшхи янз бүрийн хугацаанд хоёр орон харилцаатай байсан. Манжийн ноёрхолоос салах гэж ихэс дээдэс ухаан бодлоо уралдуулж байх цагт Японыг түших саналыг олон ноён түшмэл өгүүлж байлаа.
_
1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар Монгол Улсад бүх талын тусалцаа, дэмжлэг хүсэн захидал илгээж байлаа. Өнөөгийн Монгол амаргүй сонголтын өмнө тулж ирээд байна. Мал аж ахуйд түшиглэдэг байсан улс уул уурхайн олзворлолтоор өөрийгөө тэжээхээр шийдсэн. Оносон алдсан нь байгаа л байх гэхдээ алдсан нь илүүтэйг өнөөгийн нөхцөл байдал нотлоод байна. Тэр нэгэн цагт Японы буцалтгүй тусламжаар цахилгаан станцууд хэвийн ажиллаж, Улаанбаатар хотын нийтийн тээвэр зогсонги болсон үед, гал команд, эмнэлгийн түргэн тусламжийн машингүй болж байсан үед, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд сургууль цэцэрлэгээр дутагдах үед чухамхүү япончууд ч тусламжийн гараа сунгаж байсныг бид цаг ямагт санадаг гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Японы эдийн засгийн форумд үг хэлэхдээ онцолсон байна. Үнэн үг.
_
Цаг нь боллоо сэрцгээе гэж Ерөнхийлөгч хэлсэн. Бидэнд ашигт малтмал байна. Та нарт техник технологи нь байна. Японы буцалтгүй тусламж энэ оноор дуусгавар болж байгаа. Одоо бид тэднээс тусламж гуйх нь утгагүй. Харин яаж харилцан ашигтай хамтрах вэ гэдэг нь чухал. Монголд томоохон хөрөнгө оруулагч хэрнээ худалдааны эргэлт 100 сая ам.долларт л эргэлдэж байгаа нь тун харамсмаар үзүүлэлт. Энэ том хэрэглэгч бас нийлүүлэгчийн ашиг сонирхлыг хангаж гэмээн эдийн засаг маань сайжирна. Хятадаас 80 хувь, ОХУ-аас 10.6 хувийн хамааралтай эдийн засгаа Япон, Солонгосын хувь хэмжээг нэмэгдүүлбэл аяндаа эдийн засгийн солонгоролт явагдана. Нөгөөтэйгүүр техник технологи тэднээс импортолно. Ашигт малтмал дээрээ нэмүү өртөг шингээх нь л бидэнд чухал шүү дээ. Тиймээс тэдний технологи хэрэгтэй.
.
Арлын Японы томоохон компани, корпораци үндэстэн дамнаж үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг компьютерийн эд анги арваад улсад үйлдвэрлэгдэж, угсрагдана. Тэд нийгэм эдийн засаг нь тогтвортой улс орны эрэлд хатдаг. Тэр элийн үзүүр Монгол руу хэдэнтээ чиглэсэн боловч хууль эрхзүйн орчин нь хувьсамтгайн улмаас хөрөнгө оруулахыг хүсдэггүй болохоор 100 сая ам.долларт л эргэлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд итгэхгүй байна. Асар их боломж байгааг мэдэж байгаа ч өнөөдөр нь хаалгаа нээчихээд маргааш нь ичих ч үгүй хөөгөөд явуулчихдаг болохоор итгэхгүй байгаа юм. Хоёр хөршөөсөө их хамааралтай байхын зовлонг бид мэднэ. Гуравдагч найдвартай хөрш нь Зүүн хойд Азийн эдийн засгийн сүлжээ. Хамгийн идэвхтэй гишүүд нь Япон, өмнөд Солонгос. Тэр зах зээл дэлхийн эдийн засгийн гучаад хувийг бүрдүүлдэг гээд бодохоор асар том боломжийг энэ хоёр улс атгаж байгаа биз. Нөгөө талаар хамгийн том хоёр зах зээлийн дунд бид оршиж байна. Монгол дахь Япон, Солонгосын магнат үйлдвэрүүдийн салбар энэ зах зээл рүү сатаарах зүйлгүйгээр бараагаа нийлүүлж чадна. Өртөгт нь бид л хожно. Ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүн болгоно, хүнсний бараа бүтээгдэхүүнээ импортолно. Сэргээгдэх эрчим хүчний бүс нутагтаа толгой цохих нөөцтэй болохоор бид эрчим хүч байнга дутагдаж, нөөцөө бий болгохыг чармайж байдаг хоёр хөршдөө импортолно.
.
Одоо бидний ухаан мэдэх хэрэг. Хуулиа чанаржуулж, хөрөнгө оруулагч нарыг эх орончдын давалгаагаар ил цагаан хөөгөөд байдаггүй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингээж чаддаг тийм Монгол байхын тулд өндөр хөгжилтэй гуравдагч орны буцалтгүй тусламж биш хамтын ажиллагаа хэрэгтэй. Мэдлэг бол хүч, дан хүчээр бүхнийг шийдэхгүй ухаан санаа хэрэгтэй. Хоёр их хүчний дундах Монголд нэгэн бодол санаа байнга байх ёстой. Тэр нь үр ашигтайгаар яаж хамтран ажиллах вэ гэх бодрол.
.
Н.Бадамжав