Наадмын дараах нам гүм эхэлжээ. Улстөрчид, засаг төрийнхөн амрахын хажуугаар өнгөрснөө дүгнэж цэгнэж, дараагийн хагас жилийн ажил алхмуудаа тооцож суугаа. Долоодугаар сар гарснаар энэ оны улс орны нийгэм, эдийн засгийн амьдралын дараагийн хагас жилийн тоолуур гүйж эхэлсэн.
6
Оны эхний таван сарын төсвийн орлогын хэмжээ 400 орчим тэрбум төгрөгөөр тасарсан дүн гарсан. Оюутолгой мөнгө олж байгаа ч манай төсөвт нэг ч цент оруулахгүй байгаа хэвээр. Эрдэнэс-Тавантолгой нүүрсээ зөөж, өрөө төлсөөр. Товчхондоо уул уурхайн салбар, хэдэн толгой төсөвт ам.доллар оруулах болоогүй дүр зураг хэвээр хадгалагдсаар, бид хагас жилийг үдэж, одоо амарч байна. Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногоос үндсэндээ 30 хоног үлдлээ. Энэ нэг сарын хугацаанд уруудсан талдаа байгаа эдийн засгийн динамикийг босгоод өгөх эрс өөрчлөлт болохгүй нь тодорхой.
6
Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш тавдугаар сард 1.6, зургаадугаар сард 0.6 хувиар суларч, инфляци өссөн статистик гарсныг хэвлэлүүд анхааруулж байна. Инфляцийн хувь хэмжээг тооцож хардаг 329 барааны 32 хувь буюу бидний өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь биднийг инфляцийн аманд барьж өгч байна гэж эдийн засагчид хэлж байна.
6
Өнгөрсөн жилийн наадмын маргаашнаас шуугиулсан ам.долларын ханшны өсөлт жилээ дааж оргилдоо зогссон хэвээр тул төгрөгийн сулралт цааш намраа даах нь тодорхой гэсэн таагүй таамаг дэвшүүлсэн нийтлэлүүд хэвлэл, сайтад зонхилж байна.
6
Одоо иргэдэд тансаг хэрэглээгээ танахыг уриалах ч хэрэггүй болж байна. Дундаж болон бага орлоготой иргэд тансаг хэрэглээгээ танах биш бүр хасаад эхэлчихсэн байгаа юм. Талх, гурилаа зээлээд аргалаад байгаа айлууд ч олон болсон. Монголын буян их тул дэлгэр цагт цагаан идээ идээнд өлсөөд байхгүйн сайханд бид хэсэг амарч, инфляци ханшийн өсөлтөөс түр тусгаарлагдсан мэт орчинд өөрсдийгөө хуурч сууна.
6
Нэгэнт хойморлоод авсан эдийн засгийн хүндрэлийг хөөсрүүлж сенсаацалж сүржигнэх нь одоо хэнд ч хэрэггүй. Харин амрах энэ зуурт гол гацаа болоод гарах гарцаа олж харж, улс төрийн хүрээн дэх суурь өөрчлөлт заслаа хийж явах нь хэтдээ зөвдөхийн эхлэл болох тухай товч өгүүлэх байна.
6
Хямралтай эвлэрсэн төр засаг өнгөрсөн нэг жилд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын орчныг эерэг болгоход бүхнээ зориуллаа. Олон хууль өөрчилж баталж, хөрөнгө оруулагчдад хандсан эрх зүйн шинэ гэж болох орчныг бий болголоо. Гэхдээ энэ хангалтгүй гэсэн шиг гадныхан хүлээзнэсээр байна. Яагаад?
6
Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн таатай орчноо хангалттай сурталчилж чадахгүй, холбогдох дүрэм журам зохицуулалтаа төгс хийж гаргахгүй байгаа төрийнхний цалгардал тээг болж байгаа. Гэхдээ хамгийн гол гацаа бий болгож байгаа хүчин зүйл нь манай улс төрийн тогтворгүй байдал, Засгийн газраа савлуулж чадах хэмжээнд үзэлцээд байгаа бүлэглэл фракцуудын овлигогүйтэл юм. Өнгөрсөн хагас жилийн дотор гадныханд найр тавин баталсан хуулиуд хэлэлцэгдэх явцдаа маш их зөрчил маргаан дагуулсан. Энэ зөрчил нь хуулийн үзэл санаа, зохицуулалт дээр гэхээсээ хэсэг бүлгийн нөлөө, эрх ашгийг хадгалсан авиртай, таалагдахгүй бол засгаа барьцаалсан шинжтэй байсан нь манайхыг улс төрийн хувьд тун найдваргүй орчинтой гэсэн дүгнэлтийг гадныхан хийхэд хүргэсэн. Өчигдөр батлуулсан хуулиар нь хөрөнгө орууллаа гэхэд маргааш нь нэг нөлөөтэй фракц нь засгаар дамжуулж парламентаа шахаад онилсон хуулиндаа өөрчлөлт оруулах замаар тоглож, хэдэн ам.долларыг нь түгжээд, нэг хайгуулын өрөмтэй үлдээж магадгүй гэсэн болгоомжлол гадныханд байгаа. Өөрөөр хэлбэл хууль батлах түвшинд ч, гүйцэтгэх засаглалын хүрээнд ч төсөв мөнгөний урсгалд шууд хяналтаа тогтоож чадахуйц цөөн бүлэглэлд нөлөө бүхий гарууд байгаа нь бараг ил болж ирсэн нь шударга, тэгш орчинд хөрөнгө оруулат хийх хүсэлтэй байгаа хөрөнгө оруулагчдыг үргээсэн.
6
Наанаа бид гадныхныг уриад даллаад байгаа ч улс төрийн хүрээн дэх дотоод зөрчил, тогтворгүй шинж тэмдгээрээ давхар үргээгээд байх талтай. Энэ хам шинжээ засч, улс төрийн тогтвортой байдал, намуудын зөвшилцлийг бий болгоогүй цагт хөрөнгө оруулагчид шаагилдан орж ирэхгүй. Үүнийг гадны хөрөнгө оруулалтыг даллангаа буцааж үргээсэн улстөрчдийн нэгэн жилийн овлигүйтэл тодорхой харууллаа. Ам.доллар атгасан хөрөнгө оруулагчийн цаана ашиг харахаас гадна хуульд захирагдах, эрсдлээс зайлсхийх цусны хүмүүжилтэй бизнесмен байгааг бид бага тооцож байна. Өнгөрсөн нэг жилд хийсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өөрчлөлт нь хангалттай буюу тулсан гэж болохоор. Одоо энэ орчноо төгөлдөржүүлж улс төрийн тогтвортой байдал бий болгон намууд нэг үзүүрт хөгжлийн бодлогыг зангидах шаардлага харагдаж байна. Аливаа бизнест хууль журам барьж ярьснаас цагаан захтнуудтай зөв ярьчихвал ажил нь амархан бүтчихдэг жишгийг бүх шатандаа бий болгосны хар сүүдэр томорсоор одоо хөрөнгө оруулагчдыг үргээж байгааг бид харж, мэдрэх ёстой болжээ. Хөрөнгө оруулагчдыг татах хууль батлах, эрхзүйн орчноо сайжруулах бол нэг л хэрэг юм байна. Цаана нь засаглалын хямрал занхайгаад, цагаан захтай олигархиуд төрийн дээр гараад суучихсан дүр зураг харагдаад байхад хөрөнгө оруулах цэвэр гартай бизнесмен гарч ирэхгүй. Их хурлаар хүссэн хуулиа батлуулж чаддаг бүлэглэл фракцууд тодорсон байгаа одоогийн дүр зураг нь мөнгө угаах санаа тээсэн, хөрөнгө оруулалтаар зүсээ хувиргасан гаруудад бохир бизнес хийх таатай орчин болон харагдаж байж ч болох юм.
5
Хөрөнгө оруулагчид болон гадаадынханд улс орноо сурталчлахын тулд мөнгө хаяж кино хийж байгаа сураг гарсан. Кино яахав, сэтгэгдэл төрүүлж болох юм. Гэхдээ хөрөнгө оруулагчид бидэн шиг сэтгэл хөдлөлөөр хөдөлдөггүй, шийдвэр гаргадаггүй. Тэд бодит судалгаа шинжилгээнд суурилсан дүгнэлт тооцоон дээр үндэслэн шийдвэр гаргана. Цагаан захтнуудын хулгай луйвар нүүрлэсэн, авлигад гүнзгий идэгдсэн, улс төрийн зөрчил хямрал нь гүнзгийрсэн, тогтворгүй байдал нүүрлэсэн гэсэн дүгнэлт гарахад кино үзээд төрсөн гоё сэтгэгдэл нь шууд арчигдана. Хэн ч хэлцэл хийж хөрөнгө хаяхад тухайн орны улс төрийн орчин нь тогтвортой, төр нь тунгалаг байх ёстой гэж үзнэ. Энэ нь эсрэгээрээ байхад хөрөнгө оруулагчдыг айлгасан их үргээлэг үргэлжилсээр байх болно.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/