Монгол хүний үнэ цэнийг сайхан харуулж наадав. Дархан аварга дархан аваргадаа бууж өгч монгол эрийн жудагийг гайхуулав. Түүх шүүрдээд үзвэл ийм учрал алга. Эртдээ хийморио даатгадагсан. Үе нь өнгөрөө юм байлгүй. Мэргэчүүл, алтан туурт хүлгүүд минь шударга наадлаа. Дархан аварга нар нэг юм бодно биз. 160 сум наадамдана гэж байна. Нэг сум л гэхэд дор хаяж 600 сая төгрөг. Бүгдийг нөгөө төсөв гээч дээ суулгачихаж. Үржүүлээд үзээрэй хөгийн тоо гарна даа. Даншиг энэ тэрээ бодохоор сайхан наадаж байгаа биз.
a
Засаг баахан зүйл амласан. Эдийн засгийг эрчимжүүлэх хоног нь гүйцлээ. Өөрөө өөртөө л гай хурааж байгаа юм. Эдийн засаг, хүн амынх нь амьдрал сайжирсан ч юм байхгүй НААДМЫН улирал дуусна. Нөгөө төмөр зам, ашигт малтмалаас олох орлого бүгд дашийн шог.
a
Уг нь энэ оны сүүлч, ирэх оны эхэн гэхэд уг төслүүд эхнээсээ хэрэгжээд эхэлчихсэн байх ёстой. Засгийн газраас хэрэгжүүлж буй эхний том төсөл нь Тавантолгой. Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлаа Засгийн газраас шинэ оны шинэхэн өглөөнөөс эхлүүлсэн. Наадамдсаар долоон сараа ардаа хийв. Нэг л их тэнгэрлэг монголчууд. Монголынхоо үндэсний баярыг муулах гэсэнгүй. Зуны гурван сарын туршид наадамдаад хахир цагаар амаа барьдаг олдмол араншингаа л муулах гэсэн юм.
a
Хөгжил гэдэг хүн болгон өөртөө оногдсон үүрэгт ажлаа сайн хийхээс л эхэлдэг. Үүрэгт ажлаа илүү сайн хийх тусам илүү их цалин авч амьдрал ахуйд нь сайнаар нөлөөлдөг болж гэмээ нь хүмүүс урамшина. Эзэн Чингис маань, -Биеэ засаад төрөө зас хэмээж.. Бие хүнээ төлөвшүүлэхгүйгээр Монгол хэмээн гүрээний гурван судсаа эгштэл уйлаад нэмэргүй. Өнөөдөр л амьдарч байгаа юм шиг бүү авирла. Цаана чинь энэ цаг үеийг шүүж яллах ирээдүй ирж байна. Яг л гал шиг асч бадарч байгаа залуу насны эрч хүчээ дэлхийн түвшингийн мэдлэг чадвараар сүлж байгаа залуус Монголын минь хөгжлийн ирээдүйг чимж байна.
a
Бусдаас мундаг гэх үг наадмын өдрүүдээр цуурайтлаа. Мундаг байгаасай. Эх орныхоо түүхийг гуйвуулсан кино драмд Монголоо живүүлчихээд хэнэг ч үгүй хууль батлалцаад суугаа ТВ-ийн төрийн түшээ эрхмүүдэд Бусдаас мундаг гэх үгийг хаяглая.
a
Залуустаа л хандья. Цаг үеэ харанхуй гэж бүү төсөөл. Өөрийгөө харанхуйг гэрэлтүүлэгч Данте шиг бүү төсөөл. Өөрийгөө бүү тоо. Бүү гэсэн хориг бүхний чинь төлөөнөөс өвөг дээдэс чинь амьдралаа үрсэн юм. Гол мөрөн гатлавч үргэлжид урссаар байдаг нь жам ёс. Магадгүй чиний хөлийн хээг авч үлдэж байгаа ч юм билүү. Амьдралын их давалгааг цахлай мэт зүсээд л гарна гэж төсөөлж, залуу нас гэдэг гоёлоороо бусдад гайхуулж бардамнаж яваа энэ л залуус бидний хойч үе. Тэдэнд бид хэрэгтэй, бидэнд ч тэд хэрэгтэй. Тэдэнтэй найзалж нөхөрлөж, тэднийг зөв тийш нь чиглүүлж, хамтран ажиллах нь бидний үүрэг.
a
Монголд минь "газар авч" хөгшин залуугүй талцуулж байгаа улстөрийн болхи хуваагдал, ийм залуусыг бүү хамраасай гэж ах маань бичсэн юм шүү. Үнэхээр үнэн үг. Хүссэн ч хүсээгүй бид тэнгэрлэг Монголчууд. Энэ алдрыг өвөг дээдэс минь өгсөн өртөөлөн дараа үедээ өвлүүлэх нь ирээдүй чиний үүрэг. Гомдож гутах нь энэ цагийн аяс өөдлөн дээдлүүлэх нь ирээдүй чиний үүрэг шүү.
a
Эрүүл саруул ухаанаар наадамдан цэнгэхүйн утга учрыг бясалгавал ийм байх юм. Эрүүл явахад улсын наадам үзнэ гэдэг. Монголд минь наадаан ихдэж найр хавтгайраад байна уу даа гэж эмзэглэх юм. Тэнгэрлэг Монголчууд аа.
a
Н.Бадамжав