Ерөнхийлөгч маань “Мөнх тэнгэр ивээг” гээд наадам арга хэмжээг хаасан ч уудам монгол оронд ойн наадмын уухайн түрлэг үргэлжилж байна.
6
Одоогоос 90 жилийн өмнө Ардын төр засаг Монгол улсын засаг захиргааны нэгж 118 сумдыг бий болгох тогтоол шийдвэрийг нэгэн сар өдөрт гаргасан бололтой юм. Түүхэн замнал, өгсөж ирсэн замаа эргэн харж, гавьяат буурлуудаа дурсан хүндэлж, одоо үеийнхэнд урам болоод омогшил өгч, сум орныхоо хөгжилд хөрөнгө оруулах гээд тэгш ой дагасан эерэг тал зөндөө. Мөн ойн арга хэмжээг зохион байгуулах хийгээд хөрөнгө хандив босгох арга барил нь нэн хоцрогдсон тул бүгд л нэг тиймхэн үр ашиггүй, мөнгө зарсан наадам ойн баяр хийсэн гэсэн шүүмжлэлд зохион байгуулагчид нь өртдөг. Аль ч сумын ой байсан тусгаар тогтносон монгол орны бөөрийг битүүлэх нэг нэгж, нэгэн гэр бүл хамт олон, нутаг усныхны бахархал, ахмад үеийхний хөлмөр хөлс шингэсэн түүх тул энэ баярт нь хүндэтгэлтэй хандаж тал бүрээс нь дэмжиж, баярын мэнд цэнхэр хадаг барих нь зүйн хэрэг биз.
6
Аймаг сумдын наадмын хөл хөөр сайн мууг тоочиж их бичдэг тул энд давтан нуршихгүй. Амжилттай сайн зохион байгуулж халуун бүл, сум орноороо сайхан наадаарай гэж ерөөх нь Монгол жаягт зохилтой болно.
Харин хөдөө сумдад асрын өмнө алдартнууд тухлан сууж өгсөн хандив, өргөх бай шагналаараа уралдаж байх хооронд морь эргэх замд анхаарал алдаж, стандартгүй юм их болдгийг мартаж үл болно.
6
Өнгөрсөн жилийн наадмаар морины уралдааны замд эрдэнэт хүүхдийн амь эндсэн нь хөдөө сумын наадмуудад л тохиолдсон гэж мэдээлэгдсэн. Архангай, Төв аймагт хурдан морь унаач хүүхдийн амь нас эндэж, Хүй долоон худгийн замд мөн л цөөнгүй хүүхэд уралдааны замд мориноос унаж, хоёр хүүхдийн эгэм хугарч хүнд бэртсэн. Өнгөрсөн жилийн баяр наадмаар 100 гаруй хүүхэд хурдан мориноос унаж, гэмтэж бэртсэн тухай өөр нэг эх сурвалж мэдээлж байсан.
6
Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдэгдэл гаргаж. ... Монгол Улсын Засгийн газарт хүүхэд бүрийн амьд явах эрхийг хамгаалахад бүх хүчин чармайлтаа дайчлахыг зөвлөсөн ба Комиссоос өгсөн зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлээгүй, мөн хурдан морь унаач хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх эрх зүйн орчин болон хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүйгээс хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирч эрх нь ноцтойгоор зөрчигдсөн хэвээр байна...” гэж онцлон анхааруулж байсан.
7
Хүүхдийн амь нас эрүүл мэнд хохироход “даатгал хийлгэсэн үү ?” гэж асууснаар асуудал хайрцаглагддаг ба ард нь буруутай этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал таг дарагддаг.
6
Тэр даатгал нь яаж хийгддэг вэ. Саяхан Хүй долоон худагт энэ асуултад “хүүхдийг яаж үнэлэхээс л болно. 3-5 сая төгрөгт даатгуулдаг” гэж албаны хүн ярьж байхыг телевизээр харлаа. Хуучин орос машин авч хүрэхгүй үнээр даатгагдсан хүний хүүхдийн амь гэж байх юм. 16 нас хүрсэн хүүхэд гэвэл нэг нугалж бодоод 10 сая орчмоор даатгагдах жишигтэй юм байна гэж ойлгогдохоор. Дашрамд хэлэхэд манай даатгалынханд булхай будилаан их байгаа нь янз бүрийн эрсдэл тохиолдолд харагдаад байгаа. Саяхан нийслэлд хоёр байрны дээвэр шатахад даатгалын байгууллагын гэрээ, үүргийн талаар маш бүрхэг мэдээлэл явж байна. Даатгуулсан хэрнээ даатгалын байгууллагатай хийсэн гэрээгээ мэдэхгүй, ямар нэхэмжлэлийг хэнд хандаж гаргахаа ойлгохгүй байгаагаа оршин суугчид ярьж байна. Зарим эх сурвалжийн хэлж байгагаар бол СӨХ – нь оршин суугчдынхаа өмнөөс даатгалын компанитай гэрээ хийж мөнгө татаад байсан ч юм шиг. Гэхдээ энэ нь сумдад морь унаач хүүхэд дээр арай тодорхой байдаг байх. Ямар ч гэрээ байлаа гээд даатгал нөхөн олговрын амлалт зэрэг бол морины хүүхдийн амь насыг торгон жолоотой нь бөхлөх баталгаа болж чадахгүй. Хамгаалалтын каск, стандарт шаардлага хангасан хамгаалах хувцас өмсгөлийг нэг мөр хэрэглүүлж, хэвшүүлэх явдал морины хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн найдвартай арга болно гэж албаныхан хэлж байгааг сумын наадам зохион байгуулагч нарт уламжлая. Албан ёсоор бол Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 62645 2011 гэж байдаг. Үүнийгээ л хаана ч аль ч сум байсан нэг мөр хатуу мөрдөх хэрэгтэй байх.
6
Зарим улс төрчид сум орныхоо тэгш ойн наадамд сумдын өрхийн тоогоор мотоцикл бэлэглэнэ гэсэн шуугиан ч сонсогдсон. Түүхт тэгш ойн баярт хэдэн зуун саяар нь хандив өгдөг өгөөмөр эрхмүүдийн зарим нь энэ жилийн төрөлх сумдынхаа ойгоор морь унаач хүүхдүүддээ нэг каск хамгаалалтын хувцас бэлэглэчихдэг бол наадмаас наадамд дамнан хүүхдийн амь, эрүүл мэндийг хамгаалсан өлзий буянаа өгсөн хол хаялгатай хандив тус болохыг энд хэлмээр санагдлаа. Морь бөхийг өндөр байлснаар наадмын чансаа тогтоогдог байж магад. Гэхдээ хүүхдийн амь насыг хамгаалснаар ирэх буян, нэр хүнд гэж түүнээс ч том байх учиртай.
6
Монгол наадам хаана ч байлаа өнгө нэг, дэлгэр сайхан болдог. Бас хаана ч, ямар ч наадамд давхисан байлаа морины хүүхэд бариан зурхай дээр тоо бүрэн торгон жолоогоо атгасаар аав ээждээ амьд бүтэн давхиад ирдэг байх ёстой.
7
Пүрэвжавын Баярхүү /тоймч/