Монгол наадам эхэллээ
2014-07-10

Дэнжийг дэлгэнүүлж дээдсийн буяныг ерөөлсөн их Монголын Наадам аугаа ихээ гайхуулан ирлээ. Нар  хур тэгширсэн зунаар найраг, эгшиг хосолсон Монгол наадам эхлэв. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шинэлэг байдаг аа.

6

Наадам сайхаан. Наадмын хуушуур бүүр ч амттай. Наадамчин олон дэндүү жаргалтай. Шандас хурдан морьдоо хараад нулимс унагадаг, эр бяр нь тэгширсэн эрчүүдээ хараад сэтгэл нь догдолдог, эрхий мэргэн харваачдаараа бахархдаг ийм баяр дэлхийд бий юу. Ганцхан л юм шиг.

6

Шинээр тодрох шилдэг шандас хүлгүүд, эр баяр нь ханасан аварга, арслан, гарьдууд, эрхий мэргэн харваачдууд-Энэ бол монгол наадам. Самсаа шахирам, уулга алдам сайхан наадам. Наадмын дараа наадам болно. Дэлхийд нэрээ дуурсгах олимпийн алдартнууд дэнж хотойлгон баярлах монгол наадмын чимэг болно. Дэнжийг дэлгэнүүлж дээдсийн буяныг ерөөлсөн их Монголын Наадам аугаа ихээ гайхуулан ирлээ.

6

Сумын наадам.

Суусрын гүйдэлт салхи шанхаар наадан сэвэлзсэнээс

Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос

Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу \Дэндэвийн Пүрэвдоржийн шүлгээс\ Бага балчир насандаа сумын наадам дөхөхөөр нойр хулжчихдаг сан.

6

Элдэв сайхан мөрөөдлүүд толгойд эргэлдээд, хоног тоолох тусам нарыг "аргамжчихсан" юм шиг л өдөр хоногууд удаан өнгөрөхийг яана. Арай гэж наадмын өглөө болоход, эрт гэгч босоод хонио, хурга ишигтэй нь нийлүүлэхгүй гэсэндээ голын тэртээд гаргана. Хэд хоногийн өмнөөс ээжийн минь урласан цоохор даавуун өмд цамц, энэ насанд минь өмссөн хамгийн сайхан гоёл. Зунжин нүцгэн гүйсээр шир шиг хатуурчихсан хөлөндөө шинэхэн савхин гутал өмсчихөөд байн байн түүнээ бахархалтайгаар харна. Сэтгэл дотроо бол өөрийгөө "цэргийн дарга"- рхуу төрхөөр төсөөлж байгаа юм чинь.

5

Аль хэдийн бэлэн болчихсон бидний хэдэн "нусгай" нууд томчуудын бэлэн болохыг хүлээн, голын наадтайд салхины аясаар дэрвэх наадмын эрээн асар майхнууд руу сэм сэмхэн хараа билчээнэ. Тэр дэнж дээр морьтонгууд нэмэгдэж, хөл хөдөлгөөн ихсэх тусам, хөдөлж ядсан юм шиг удах томчуудаа дотроо "загнаж, үглэх" авч, гаднаа хэрхэн гаргаж зүрхлэх билээ. Тэгж зориглох аваас "нусаа сугартал" алгадуулахаа муухан мэдэх хойно. Арай гэж бэлэн болсон томчуудтай хамтдаа асар майхан, туг далбаа дэрвэлзсэн наадмын сэрүүн дэнж рүү хөдлөх мөчид мөнөөх "шазруундуу" бодол салхинд хийссэн мэт хаа нэгтээ алга болж, сэтгэл минь баяр хөөрөөр дүүрч, халгиж цалгидаг сан. Томчууд л болсон хойно бидний хэдэн нусгайнуудад "За та нар гол ус руу хамаагүй гүйвээ", "Морь малны хөлд орчихов зай, болгоомжтой томоотой байдаг юм шүү" гэж зэмлэх анхааруулахыг хослох авч тэр болгон нь чихний хажуугаар өнгөрнө.

5

Наадмын талбайд сумын бүх л хүмүүс хамаг гоёлоо өмсөж, морьдын сайнаа унаж, үнэт зүүсгэлээ зүүн цуглардаг сан. Аливаа улс үндэстнийг тодорхойлох гол үнэт зүйлд үндэсний хувцас чухал байр суурь эзэлдэг. МЭӨII зуун буюу Хүннү гүрний үед монгол хувцасны дүр төрх бүрэлдэн тогтжээ. Монгол үндэсний дээл нь жилийн дөрвөн улирал буюу халуун хүйтэн хосолсон  уур амьсгалд сайтар зохицож, нүүдэлчин ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан байдгаараа онцлог юм.Иргэд хотжих тусам үндэсний дээл хувцас хэрэглээнээс халагдаж, зөвхөн баяр наадмын өдрүүдэд өмсөх нь элбэг болсон. Харин 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Дээлтэй монгол” наадам нь Монгол үндэсний дээл хувцсыг сэргээн таниулсан, гадаад дотоодын жуулчдад, танилцуулж, үндэсний өв соёлоороо бахархах сэтгэлийг сэргээх болсон нь эх орноороо бахархах,омогших сэтгэлийг нь улам бадраах болсон билээ Анх дээлтэй монгол наадамд 100 гаруй хүн оролцож байсан бол 2012 онд албан байгууллага, аж ахуй нэгж ард иргэдийн нийлсэн 10 000 гаруй хүн оролцож байлаа.

4

Салхины аясаар хийсэх туг далбааны дэрвээн дор сумын радио үзель, чангарч нэг, паржигнаж нэг сонсогдох. Хурдан морьд унасан хүүхдүүдийн гийнгоо, бөхчүүдийн цол дуудах уянгалаг айзам, үзелээр байн байн дуулагдах уртын дууны эгшиг, хоорондоо сугадалцан хэлхэлдэх таних танихгүй эгч нарын нудралцан аалигүйтэн инээх төрх, агсам морины нуруун дээр халамцуу маягаар хөндөлдөн охид бүсгүйчүүдийг өдөж, таахалзах эрчүүд бүгдээрээ л сумын наадмын жинхэнэ өнгө, төрх нь байдаг сан. Багачууд бид нар, хаяаг нь шуусан хуушуур зардаг гэрийн үүд хаалга, хаяа хатавч хавиар эргэлдэж нэг төгрөгийн үнэтэй томоо гэгчийн дугуй хуушуур хэдийг авч, 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй "улаан ус"аар даруулан уухдаа л энэ ертөнцийн түмэн жаргалыг эдэлж, сумын наадмын амтыг мэдэрдэг сэн.

5

Оройхон хэрд хүмүүсийн хөл хөдөлгөөн ширүүсч, энгэр заамаа ярсан халамцүү залуусын дуу энд тэндгүй л "хадаж", эцэг эхчүүд гэнэт л хүүхэд биднийгээ дуудаж дэргэдээ авах. Тэднийхээ хажууд бээрсэн болжморууд шиг бээвийж суухдаа бөхчүүдийн хэн нь давж, хэн нь унаж байгааг ч ойлгох сөхөөгүй. Хагас дугуй зээглэн суусан олны дундуур харц минь тэнүүчилж, хааяа нэг "хөөрхөн охин"-той харц тулгарахдаа ичингүйрэн тонгойх авч, нүдний булангаараа сөөлжүү харахаа мэдэхтэйгээ. Хацар минь халуу оргиж, зүрх минь хүчтэйеэ цохилож, сэтгэлд минь нэг сонин мэдрэмж төрдөг сөн. Хэрдээ "эр хүн " гэдгээ харуулах гэж хичээн харцаа дээшлүүлэвч, довон дунд тонгочих хурга ишиг шиг харц минь нэг мэдэх дор мөнөөх охиныг хайн бэдэрнэ. Наадмын хамаг өнгө аяс, тэр охины байгаа газар дээр гэрэлтэх шиг. Нэг харах дор мөнөөх охин алга болчихсон байх. Сэтгэлд асч байсан баяр хөөр гэнэт алга болж, наадам ч тэгтлээ сонирхолгүй болох шиг.

5

Наадам хоёрхон өдөр болдог сон. Наадмын өмнөх өдрүүдэд "аргамжигдсан" нар, наадмын хоёр өдөр аргамжаагаа алдуурсан морь шиг л хурдан өнгөрдөгсөн. Балчирхан бага насны минь сэтгэлд нар, хайр хоёрыг хамтад нь үлдээсэн миний тэр жилийн наадам. Эргээд наадмын сэрүүн дэнждээ нэг очихсон, нар шиг дугуй хуушуурыг хурууны өндгөөрөө барьж идэхсэн, аагим халуунд сэрүүн айраг залгилж, асрын тэртээд сайхан бүсгүй мишээхийг дахин харах сан.

6

Дэнжийг дэлгэнүүлж дээдсийн буяныг ерөөлсөн их Монголын Наадам аугаа ихээ гайхуулан ирлээ.

5

Н.Галбадрах

Shuud.mn
Сонин хачин
hongoroo :
tsag ueteigee taarsan sain niitlel boljee
2014-07-11
zochin:
mongol ahan duus mini saihan naadaarai ! mongol naadam denduu saihan shuu !
2014-07-10
монгол хүн:
яг л хүүхэд насны минь баяр наадмыг дурайтал нь бичжээ, гайхалтай. тийм ээ, монгол наадам ирлээ. монгол түмэн минь сайхан наадаарай.
2014-07-10