Монгол хүн та дээшээ морил. Тийм ээ, би Монгол хүн таныг дээшээ морил хэмээн залж байна. Ингэж байгаа маань ч тодорхой учир шалтгаантай. Өнөөдөр гадаадын өчнөөн иргэн эх оронд маань эзэн мэт аашлах болов. Үүнд Монголын 2.7 сая иргэний адил миний бие эгдүүцэн зэвүүцэж явдаг. Харин Монголчууд бид эх орондоо эзэн мэт байж чадаж байна уу? Мэдээж гэх хүн олон гарна. Гэтэл бидний өөрсдөө хийж бүтээн, түүндээ эзэн сууж байгаа нь хаана байна? Дандаа л харийнхны эд бараа, элдэв нэр, эрх ямбаар нүдээ хуурч, сэтгэлээ баясгаж байна, Саяхны нэгэн сонин дээр "Хятадын Америкжсан Монгол" гэсэн нэгэн Итали нөхрийн бичсэн аян замын тэмдэглэлийг орчуулж тавьсаныг уншлаа" Тэр нөхөр бидний байгаа байдлыг бараг л бодитоор нь бичсэн байв. Харин интернэтээр энэ материалыг уншсан олон арван Монголчууд ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байсан. Хятад, Америкийн үеэ өнгөрөөсөн зүйлийг бид орчин үеийн соёл хэмээн шүтэж хүлээн авч байгааг дээрх Итали эр олоод харчихсан, хөх инээд нь хүрээд бичсэнд дургүйцэх нь аргагүй биз. "Хоол унд, электрон бараа, бүр шар айргийг нь хүртэл хангаж өгдөг Солонгос болон Япончуудын идэш болсон Монгол орон. Гуанз, бууз гэгддэг элдэв хоолны газар нь одоо "фаст фүүд" болсон ч өнөөх л тавилга сэлт нь тавьсан нурж ойчих гэж байгаа дөрвөн хананыхаа хооронд идүүлнэ. Дуу хөгжим нь бүгд Орос юм уу Солонгосын нөлөө нэвт ханхалсан. Гэрээний дагуу юм шиг Монголын эрх баригчид Америкийн бүх юмыг дуурайна. Адуу малаа Солонгос юм уу, Япон жипээр солихын тулд нядална" хэмээсэн байх юм. Энэ ор үндэсгүй нь лав биш. Цааш нь "...Эмэгтэйчүүд нь гуяа гаргасан хувцас өмсч, эрэгтэйчүүд нь костюм өмсч, англи хэлгүйгээр ажил олох аргагүй хэмээн сэтгэнэ. Европжсон хоол, Хятадын бүх зүйлийг жигшсэн байдал, барууны орнууд, Орос, Япон, Солонгостой хэтэрхий дотносох гэж оролдох нь хачин..." хэмээн өгүүлжээ.
6
Та бидний төдийлөн анзаараад байдаггүй, анзаарсан ч энэ байдлаасаа гарч чадахгүй байгаа бодит үнэнийг Монголд жуулчилж ирсэн харийн нэгэн нөхөр ийн элдэв нөлөөнд авталгүй өөрийн бодсон, санасан зүйлээрээ бичжээ. Энэ бол Монгол Улс, Монголчууд биднийг XXI зуунд ямархуу сул дорой, үлбэгэр байдалтай байгааг хөндлөнгийн нэг этгээдийн хийсэн дүгнэлт хэрхэн голоо олсныг харуулсан явдал болсон. Гэхдээ бид энэ арчаагүй байдлаас гарах нь үнэн.
6
Үүний төлөө тэмцэх нь зайлшгүй. Харин тэмцэж байна гээд Хятад иргэдийг хэл амаар дайрч давшлах, энд тэнд найз нөхөдтэйгээ уулзаж суухдаа ингэж компани байгуулна, тэгж мөнгө олно хэмээн хий хоосон мөрөөдөлд автахаас цаашгүй байгаа нь харамсалтай. Энэ нь Монгол хүний үнэ цэнэ алдагдаж, өөрсдийгөө хэн ч биш болгоод байгаагийн нэгэн илрэл биз ээ. Монгол хүний үнэ цэнэ алдагдаж байгаа энэ үед бидэнд Монгол биш л бол ямар ч улсын гуйлгачин түйлгэчинхэн ч бай хаан мэт санагдах болж. Солонгосоос нэгэн нөхөр хоосон гуяа ганзагалж ирээд Монголчуудын хөлс хүчийг ашиглан хөлжчихөөд нутгийн зүг жолоо залах нь ихэслээ. Монгол охид маань гадаад хүн л бол мөнгөтэй хэмээн сэтгэж, элдэв үгэнд хууртан эх орноо орхин харь оронд очоод элдэв зовлон зүдгүүр амсах болсон нь бид бүхний нүднээ ил байгаа. Гэтэл Монголчууд бид өөрсдөө хэдэн зуун мянгаараа харь улсад хөлс хүчээ шавхан боол мэт зүтгэсээр... Монгол хүний үнэ цэнэ хаачив. Энэ бүхэн Монгол хүний үнэ цэнэ алдагдсаны гор. Тэгвэл энэ нийгэмд Монгол хүний, үнэ цэнийг өргөсөн зүйл байна уу гэвэл бас байна аа. Гэхдээ Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хоёр сая Чингис хэмээн ярьж байгаа нь бодит байдал дээр бидний үнэ цэнэ, сүлд хийморийг өргөсөн явдал мөн үү гэвэл би л лав биш гэж хэлнэ. Харин Монгол хүн та бидний үнэ цэнийг өргөсөн, хүндэтгэсэн энгийн нэг зүйл гудамжны нэгэн цайны газар.
6
Өнгөрсөн жилийн өдийд нэгэн хоолны газар орсон юм. Тэр хоолны газар тухайн үед нээгдээд төдийлөн удаагүй байсан, өдгөө Улаанбаатарын өнцөг булан бүрт салбараа нээсэн гэж хэлж болохоор "Үндэсний бууз". Эдний үүдээр ороход нүдний чинь өмнөх ханан дээр "Монгол хүн та дээшээ морил" гэсэн бичиг угтана. Хонины шарсан өвчүү, шарсан хавирга гээд хөдөө гадаа амралт зугаалгаар явахдаа л бидний шавайгаа ханатал идэж авдаг нөгөө зоог маань хоолны цэсэн дээр бичээстэй. Сэтгэлд маань тайлбарлаж хэлэхэд эвлэхгүй нэг л оч гялалзах шиг болов.
Нүдний үзүүрт "Монгол хүн та дээшээ морил" гэсэн бичиг байн байн өртөнө. Ханан дээр нь эсгий туургатны нэгээхэн хэсэг болсон Буриад, Халимаг, Захчин, Дөрвөд... зэрэг олон үндэстний дээл хувцас бүхий зураг өлгөөстэй. Эдгээр зүйлс эх оронч сэтгэлгээ, өөрийнхөө үнэ цэнийг умартаад байсан оюун ухааныг маань хооллосон гэвэл хэтрүүлэг болохгүй биз ээ. Энд л жинхэнэ Монгол хүн бүхний үнэ цэнийг өргөж байна. Зүгээр л нэг хоолны газар шүү дээ.
6
Нөгөө Монголчуудыг баалж, бидний ундууцлыг ихээхэн хүргэсэн Итали эрийн бичсэнчлэн бидний ихээр үйлчлүүлдэг, баруунд өргөн тархаж, одоо хэрэглээнээс нэгэнт шахагдаж байгаа "Fast food" буюу түргэн хоолны газар, Солонгос, Хятад хоолны газруудаас илүүтэй үндэсний гэх тодотголтой энэ газар Монгол хүнийг жинхэнэ утгаар хүндэлж байна. Улаанбаатар хотын энд тэндгүй Хятад, Солонгос, түргэн хоолны газрууд "цэцэглэж" байна гэхэд болно. Энэ ч яахав хөгжилтэй орны соёл, хэрэглээ нь ядуу буурай, хөгжиж буй орнуудад импортлогддог бичигдээгүй хуулийг дагуу болж байгаа жам ёсны зүйл. Бидний дурлаад байгаа Солонгос, Хятад зоогийн газар, түргэн хоолны газрууд ямаршуухан дүр зурагтай байдаг билээ. Энд төчнөөн Хятад, Солонгос зоогийн газар, өчнөөн түргэн хоолны газар байгаа гэж хэлэх нь илүүц биз. Түүнчлэн тэр Солонгос зоогийн газар тэгж эрүүл ахуйн шаардлага хангаагүй, энэ Хятад зоогийн газрын хоолноос ингэж хорхой шавьж гарсан гэж тоочих нь нэгэнт хүн бүхний мэддэг зүйл.
6
Үндэсний идээ будаагаа зооглоцгооё. Өнгөрсөн хавар нийслэлийн ихэнх Хятад зоогийн газруудад хонины гүзээ нийлүүлдэг гэх нөхөр ямар нь үл мэдэгдэх химийн бодисоор хэрхэн гүзээгээ цэвэрлэдгийг бид бүхэн харсан, сонссон. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хятад, Солонгос зоогийн газруудын талаас илүү хувь нь эрүүл ахуй, чанарын шаардлага хангадаггүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагч нар онцолж байна. Ийм жишээг өч төчнөөнөөр дурьдаж болно. Энэ бүхний эцэст бид гадны элдэв юмыг шохоорхохоо больё гэж хэлэхийг хүссэн юм. Элдэв гадаадын гоё, амттай хоол гэхийн оронд үндэсний идээ будааг зооглоцгоож байя. Ядаж л элдэв химийн бодисгүй, хэрэглэж заншсан гэдгээрээ аминд халгүй биз. Мэдээж үндэсний идээ будаа, зоог гүнцэг гэхээр явцуу ойлголт болох нь дамжиггүй. Магадгүй Монголын цайны газрууд ч мөн адил эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, бохир заваан гээд олон зүйл сөргүүлэх биз.
6
Тийм ээ Монголчууд өөрсдийн гэсэн хоолгүй шахам болж, гадаадын хоолыг өөрсдийн мэт эзэмших болсон. Мөн манай цайны газруудын нэлээд хэсэг нь стандартын шаардлага хангадаггүй нь үнэн. Холбогдох байгууллагууд нь ч тийм гэдгийг тогтоочихсон. Харин бид энэ бүхнээс гарах л хэрэгтэй. Сөүлийн гудамжинд лааз өшиглөж явсан, Монголд ирээд "мэргэжлийн тогооч" болчихоод байгаа нөхрийн ямар материалаар хэрхэн хийдэг нь тодорхойгүй хоол идэж байснаас өөрсдийнхөө хоолны газруудын болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг шүүмжилж, тэднийг өөд нь татвал хаана хаанаа ашигтай баймаарсан. Үйлчлүүлэгч бид нар өөрсдийнхөө хоолны газруудаар үйлчлүүлвэл тэдний чанар ч сайжирч, бүх л хоолны газрууд "Монгол хүн та дээшээ морил" хэмээн угтах болно. Ганцхан хоолны газраар жишээ авахад Монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөх өргөн боломж байна. Хоолны газруудаас ийн Монголчуудынхаа үнэ цэнийг өргөж эхлэх аваас цаашид нийгмийн бүхий л салбарт Монгол хүн үнэ цэнэтэй байх биз ээ. Хамгийн бага хөлсөөр харь оронд хөдөлмөрлөдөг нэр нэгтнүүд маань ч толгой дээш явах биз. Энэ бүхний ийн нуршсаны учир үндэснийхээ үзлийг өөртөө шингээж, түүгээрээ сэтгэл зүрхээ, эх орноо дүүргэе хэмээн хэлэхийг хүссэн юм. Монгол хүний үнэ цэнэ ямагт өндөр байх ёстой. Ингэж байж бид хөгжинө. Монгол хүн та дээшээ морил.
6
Н.Бадамжав