Эдийн засаг өссөнөөр олон хүмүүс орон сууц худалдаж авах итгэлтэй болдог. Үүнээс орон сууцны эрэлт ихэссэнээр орон сууцны үнэ өсч таарна. Энэ өсөлтийг дагаад орон сууцны барилгын компаниуд илүү их хөрөнгө оруулалт хийнэ. Эрэлтийг дагасан суурь дээр орон сууцны үнэ өссөөр таагүй түвшинд хүрч ирэхэд өнөөх эрэлт саарна. Үүнээс орон сууцны зах зээл дээрх хөрөнгө оруулалт зогсч түүнтэй холбоотой аж үйлдвэрийн салбар дахь ажлын байр алдагдана. Үүнээс хамааран нийт эдийн засаг гуйвах талтай. Эндээс орон сууцны зах зээл нь эдийн засгийн сэргэлт бас уналтын тусгал болдог гэж эдийн засагчид үзжээ. Үүнтэй адил үйл явц манайд болж байж болох дүр зураг байгаа юм. Метр квадрат нь нэг сая 250 мянга байсан орон сууц зургаан сарын дотор 2.5 сая төгрөгт хүрч бараг нэг нугарч үнийн хөөс гэдэг нь бий болсон.
5
Сүүлийн таван жилийн дотор орон сууцны үнэ 3-4 дахин өссөн гэж мэдээлэгдсэн. Сарын дундаж цалин нь 600 мянган төгрөг байхад орон сууцны нэг метр квадратын үнэ 2500 доллар болтлоо өсч барилгынхан баярлах гайхах гэдэг болж байв. 2009 оноос эхлэн Монголын Засгийн газар барилгын салбарт зөвхөн эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн гэж үздэг. Төрөөс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг барилгынхан эхэлж хүртэх ч зэрэгцээд орон сууцны үнэ өссөөр байсан. Монголын төрөөс 40 мянган айлын орон сууц, 4000 айлын төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөр, зуун мянган айлын орон сууц хөтөлбөрүүд хэрэгжиж барилгын салбар сэхсэн гэдэг ч нөгөө талд бага дунд орлоготой иргэдийн орон сууцтай болох боломж нэмэгдээгүй, харин хумигдсан байдаг. Үүний хажуугаар эрх баригчид нэг удаа зургаан хувийн моргежийн зээл гэдгийг гаргасан ч дунд орлоготой иргэдийг байртай болгох бус зарим нэгийг нь өрөнд оруулсан популизм болж таарсан.
5
Энэ оны эхний хоёр сард орон сууцны үнэ 39 хувийн өсөлттэй гарч байсан. Үүнийгээ эрэлт дагасан үнийн өсөлт гэж барилгынхан маадгар байлаа. Харин энэ зуны статистик мэдээнээс харахад, өнгөрсөн жилүүдэд эрчимтэй өсч байсан орон сууцны үнэ сүүлийн хоёр сар дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ. Барилгын салбарын судалгааны байгууллагуудын гаргасан үнэлгээгээр гуравдугаар сард хамгийн өндөр буюу дунджаар 2.5 саяд хүрээд байсан нэг метр квадрат орон сууцны үнэ зургаадугаар сарын байдлаар 2.2 сая болж буурсан байна. Байршлаасаа шалтгаалж орон сууцны үнэ харилцан адилгүй байгаа хэдий ч бүх дүүрэгт буурсан үзүүлэлт байгаа юм байна. Энэ нь өнөөх уналтын тусгал байхыг үгүйсгэхгүй.
6
Хэл амтай ч цагаа олж хуваарилагдсан харьцангуй хямд үнэтэй “Буянт-Ухаа 1” хороолол орон сууцны үнийн хөөс хагарахад зохих нөлөө үзүүлсэн гэж үзэх хүмүүс ч байна. Орон сууцны үнэ харьцангуй хадгалагдах чадвартай буюу нөлөөлдөг хүчин зүйлс нь хувирахад тийм ч хурдан хугацаанд өөрчлөгдөггүй гэж үздэг. Гэхдээ бондын хөрөнгөнөөс барилгын салбарыг дэмжиж хийсэн санхүүжилт үр дүнгээ үзүүлж эхлэхэд хямд өртөгтэй 2000 айлын орон сууц нэмж ашиглалтад орно гэж үзвэл барилгын салбарт үүссэн үнийн хөөс хагарч, бодит үнэ дээр буух болов уу гэсэн хүлээлт эхнээсээ байсан.
6
Харин одоогийн үнийн хөөсний хагаралт нь эдийн засгийн зөв бодлогын тусгал гэхээсээ цагаасаа түрүүлсэн буюу иргэдийн худалдан авах чадвар, зээлжих боломж огцом буурч байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Үүн дээр жилийн өмнө сүр дуулиантай эхэлсэн найман хувийн зээл сүүлийн саруудад зогсонги байдалд орсон нь орон сууцны үнийг бууруулахад багагүй нөлөөлж байх талтай. Ойрын саруудад орон сууцны үнэ ийн буурах хандлага гарсныг хэд хэдэн нөхцлөөр тайлбарлаж байгаа ч үндсэндээ зах зээлийн өрсөлдөөний хууль, эдийн засгийн хямралын нөлөө, мөн төрөөс нийлүүлэлтийг нь дэмжсэн бодлого тууштай явуулж ирсний үр дүн зэрэг нөхцлүүдийг тоочиж болох юм.
6
Сүүлийн хоёр жилд суга өссөн орон сууцны үнэ буурах төлөв ажиглагдсан нь сайн мэдээ хэдий ч нөгөө талаас томоохон уналтын өмнөх дүр зурагт тодорч байна гэж болгоомжлох эдийн засагчид байгаа.
6
Хөгжингүй улс орнуудын сүүлийн 50 жилийн эдийн засгийг харвал томоохон уналтын өмнө орон сууцны зах зээл ямагт буурсан зүй тогтол ажиглагдсан байна. Орон сууцны зах зээл дээр бий болох өөрчлөлтүүд нь нийт эдийн засгийн сэргэлт, уналтын тусгал гэж үзэх эдийн засагчдийн гаргалгаа байдгийг дээр өгүүлсэн. 2006 онд “Орон сууцны үнэ ба макро эдийн засаг” номондоо Их Британий эдийн засагч Чарлз Гүүдхарт, Борис Хофман нар эдийн засгийн гүйцэтгэл болон орон сууцны үнийн хооронд хүчтэй хамаарал байгааг харуулсан байна. Энэ өнцгөөс нь харвал манайд орон сууцны үнэ багаар ч болов бууж байгаа нь сайн мэдээ мөн боловч нөгөө талдаа эдийн засгийн уналтыг дохиолж байх талтай.
6
Гэхдээ ирээдүйд оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар хямралын хамгийн муу үр дагаврыг ч багасгах бүр түүнээс зайлсхийж болно гэж хямралыг судлаач эдийн засагчид хэлснийг төгсөлд хэлэх байна.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/