Сэргэхээ хүлээх Сэлбэ минь
2014-07-05

Сэлбэ сэргэсэн үү гэх асуултыг хүн бүр нэг нэгнээсээ асууж байна. Учир нь нийслэл хотод залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, амарч зугаалах талбай  талбай цөөн байдагт байгаа юм. Өнгөрсөн жил Cэлбэ голын урсацыг сайжруулах зорилгоор тендер зарлан Нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гарган бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Дээрх асуултын хариултыг олохоор засвар хийсэн гэх зуун айл орчмоор алхав. Зуун айлын замаар давхих олон олон машины их дуу толгой эргэм байсан ч зорьж яваа газар маань ямаршуухан дүр зургаар угтах бол гэсэн бодол л толгойд эргэлдэж байлаа. Гялтганасан сайхан шат, эргээ халин мөстсөн Сэлбийн сэргээсэн ус, нахиагаа дэлгэх гэж буй  моддын төгөл угтах болов уу, эсвэл харалсан хөрс, дутуу барьсан шат, суулгаад үржиж чадаагүй моддын нүцгэн мөчир нүдний өмнө бөртөлзөх болов уу.

7

Сэлбэ сэргэхээсээ өнгөрчээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Учир нь голын усыг дотогш шахан урсацыг нь нарийсгажээ. Хоёр метр хүрэхгүй өргөнтэй усны урсгал овоолсон шороон дээгүүр арай хийн урсана. Ингэж урсахдаа урсацыг нь шахаагүй хэсэг хөрсөн дээр дээр 10 см хүрэхгүй  гүн юм. Харин урсацыг нь шахсан газраар урсаж байгаа усны гүн нүдэн баримжаагаар тохой дарам харагдана. Тэнд одоо дутуу хийгдсэн цементэн шат, барилгын ажлаас үлдсэн хог л байна. Зуны дэлгэр цагт ажлаа эртхэн тараад сэлбийн голын хажуугаар алхах залуусын мөрөөдөл ажил гүйцэтгэгч компаниудын ажлын удаашрал, мөнгө хоёртой замхарчээ. Төсөлд тусгагдсан хугацаа ёсоор бол өнгөрсөн оны долдугаар сард тохижилтын ажил дуусч Сэлбэ гол саваа дүүрэн  урсаж, хүүхэд залуус тэр их усанд нь тольдон сууж, их хотын иргэд оройн цагаар симфоны гайхамшигт аянд уяран суух байлаа. Үлгэрийн гэмээр энэ бүхэн ойрын хэдэн сардаа бүтэхгүй бололтой.

7

Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл боловсруулан 2 жилийн өмнө уг төслийн нээлтийг хийж байсан. Тус ажлын хүрээнд Сэлбэ голыг сэргээхий тулд голын эх ундарганы усыг хуримтлуулан газрын хөрсөнд шингээхгүйн тулд хөрсийг хуулж, ус шингээдэггүй төхөөрөмж суурилуулсан байна. Барилгын ажлыг “НОРБУ”, “Шимт газар” ХХК-иуд хийж гүйцэтгэсэн билээ. Мөн манай улс өмнө нь гол сэргээх, ийм төрлийн ажил хийж байгаагүй учраас ОХУ-ын Эрхүү хотын мэргэжилтнүүд болон энэ талаар мэргэшсэн инженерүүдийг урьж авчирч зөвлөгөө хүртэл авсан. Сэлбэ голыг сэргээх эхний төслийн хүрээнд Их Тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.2 км хэсгийг тохижуулан, урсацыг нэмэгдүүлэх ажил төлөвлөгдсөн  байлаа.  Үүний тулд 1966 оны үерийн дараа барьсан ч өдгөө эвдэрч хэмхэрсэн 1.8 км урт төмөр бетонон хашлагыг нурааж, шинэчилсэн байна. Ус халиах бетонон босго наймыг хооронд нь 150-180 м зайтай барьснаар 0.6-0.8 метр гүн усны толио үүсгэх юм байна. Уг нь яг ийм зорилгоор 1980-аад онд ус халиах бетонон найман босго барьж байжээ. Харин тэдгээр нь  бүгд нурж, голын дунд хог болон үлджээ.  Сэлбэ голын тэжээлийн 69 хувийг хур бороо, таван хувийг цас мөс, 26 хувийг хөрсний ус эзэлдэг байна. Тиймээс усны урсцыг хөрсний болон үерийн ус ашиглан нэмэгдүүлэх шийдлийг төслийн багийнхан сонгожээ. Тухайлбал, Улаанбаатар хотын төв болон хойд хэсгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр/секунд хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар зуны улиралд Сэлбэд нийлүүлнэ. Харин өвөлд нь Туул гол руу урсгана гэсэн тооцоотой юм байна. Түүнчлэн уг шахуургын станцын тусламжтайгаар тус бүр 20 цацруулагчтай 20 м урттай хоёр эгнээ оргилуур ажиллуулах юм. Ойролцоогоор 6-7 метр өндөр уг оргилуур нь мөн орчин үеийн гэрэлтүүлэгтэй байх юм байна. Хуучин барьсан далангийн өргөнтэй харьцуулахад гол хэтэрхий нарийхан тул зай талбайг ашиглан, голын хоёр талаар хүмүүс сууж болох чулуун шат хийсэн билээ. Мөн голын усыг өвлийн цагт мөсөн хотхон болгоно гэсэн ч тэрхүү төлөвлөгөө нь өнгөрсөн өвөл хэрэгжээгүй.

7

Цагтаа Сэлбийн гол нь нийслэлийн баруун хойно орших Бага Хэнтийн салбар Их бага Баянгийн уулнаас эх аван Санзай, Хандгайтын голуудаар  сэлбэгдэн харгиатсаар Дунд голтой нийлэн Хатан туулыг сэлбэдэг байсан нь түүх болон үлджээ. Сэлбэ гол цагтаа Туул голыг сэлбэж хамгийн их усаар ундаалж байсан. Ийм ч учраас Сэлбэ хэмээн нэрлэжээ. Сэлбэ гол нь хотын суурьшлын бүсийг дайран өнгөрөхөөс гадна нийслэлийн оршин суугчдын зуслангийн гол нутгаар урсдаг билээ. Ойролцоогоор 60 жилийн өмнө хотын төв орчимд Сэлбэ хоёр салаалан урсч байсан бөгөөд 1959-1960  оны үед Баруун Сэлбэ голын гольдролыг хотын барилгажилтаас болоод дарснаар үгүй болсон гэдэг. Мөн хотжих үйл явцтай холбоотойгоор Сэлбэ голын хөндий дэх геологийн орчин эвдэрч, бохирдож байгаа юм байна. Сэлбэ гол далайн төвшнөөс 1510-1620 метр өндөр орших бөгөөд  Хандгайтын гол, Хайлааст гол, Чингэлтэй гол, Шарга морьт гол, Бэлхийн гол, Яргайтын горхи, Ар гүнтийн горхи, Шадивлангийн горхи зэрэг горхи цутгадаг байна. Сэлбэ голын усны 69 хувь нь хур борооны усаар, таван хувь нь цас мөсний усаар, 26 хувь нь хөрсний усаар тэжээгддэг.  Гол мөрний горимын ангиллын хувьд хаврын шар усны ба дулааны улирлын хур борооны үертэй голд хамрагдана.  Нийт хур тунадасны 75-80 хувь нь зуны гурван сард бөгөөд усны төвшин маш тогтворгүй, зарим жилд тасардаг байна. Тэгэхээр тохижилт хийж байгаа компаниудын сонгосон тоног төхөөрөмж арга зам нь зөв ч өдийг хүртэл тус ажлыг дуусгахгүй байгаа нь харамсалтай юм. Алийн болгон мөнгө, байгаль эхийн зан авир хоёрт буруугаа өгч явах юмболдоо. Тэр болтол нь Сэлбийн гол нэр төдий болж, Сэлбийн гол далан болох юм биш байгаа даа. Олон жилийн өмнөх шиг их урсгалыг нь бий болгож чаддаггүй юмаа гэхэд хөрсийг нь чийгтэй хэвээр нь үлдээгээсэй дээ.

7

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
дарга нарын болон хамаатан,найз нарын нь мөнгө идэх нэг арга байсан биз газрыг нь аваад л эхлэх дөхөж л байгаа энэ ажлын зохин байгуулан хийж байгаа компани хийсэн ажил зарцуусан хөрөнгөө ард олонд танилцуулж чадах тэнхээ байна уу ажлаа дуусгах чадал,хөрөнгө,чадамж байна уу?
2014-07-06