Багш нар өр,зээлийн тэглүүлэхийг саналыг салбарын сайддаа тавьжээ. Өнгөрсөн намар байгуулагдсан “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” үйл ажиллагаагаа өргөжүүлээд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулсан байна. Энэ багш нарын цалинг нэмэхгүй бол өр, зээлийг нь тэглэ гэсэн дараагийн шаардлагаа сайдтай хийх уулзалтын үеэрээ хүргүүлж, санал солилцсон гэнэ.
Харин салбарын сайд энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсаныг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцэж, цагдаад гомдол гаргаад байгаа юм. Гэхдээ тэдний цалингаа нэмэгдүүлэхийг эсвээс өр зээлээ төрөөр барагдуулахыг шаардах шаардлага хэвээр үргэлжилж байгаа юм билээ.
Өнгөрсөн намар багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагыг төр, засгаас нааштай шийдэж, төрийн албан хаагч бүрт нэг удаагийн 300 мянган төгрөгийг олгосон. Үүнээс гадна энэ оны төсөвт багш нарын урамшууллын хэмжээг нь нэмэгдүүлсэн. Багш нар дэвтэр засахаас эхлээд илүү цагийн, ур чадварын нэмэгдлийг сар бүрийн үндсэн цалин дээрээ нэмж урамшуулал болгон авдаг. Гэхдээ энэ урамшууллынхаа талаар дэлгэх дургүй. Банкнаас зээл авахад цалингаас гадуурх орлого нь нэмэр болсон баймаар, уг нь. Цаашлаад үндсэн ажлаас бусад үед багш нарт орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга зам уг нь нээлттэй, хуулиар хааж, боогоогүй. Хоцрогдол арилгах давтлага өгч, элсэлтийн шалгалтад бэлтгүүлэхээс эхлээд өдөр өнжүүлэх ажиллуулах зэргээр овсгоотой зарим нь орлогоо нэмэгдүүлж байгаа. зарим багш нар нийлж өдөр өнжүүлэх ажиллуулан, нэмэлт давтлага өгч орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлсээр байгаа.
Мэдээж, авсан цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй албан хаагчид зөвхөн багш нар биш. Нийгмийн дундаж давхрагын, хувийн, төрийн байгууллагын ажилтнууд цалингаа амьдралдаа хүргэх гэж зүтгэж байгаа. Басхүү зөвхөн багш нар л зээлтэй биш. Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэн бүр их, бага хэмжээний зээлтэй байгаа. Зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулахаар авдаг цалингаасаа гадна нэмэлт орлого олохоор янз бүрийн л ажил хийж байгаа.
Ер нь үйлдвэрчний эвлэлүүд ажилчдын нийгмийн асуудалд анхаарах үүрэгтэй. Энэ нь зөвхөн цалинг нь нэмүүлэх, авсан зээлийг нь тэглэх зэргээр хязгаарлагддагүй баймаар. Багш нарын ур чадварыг сайжруулах, мэдлэгийг дээшлүүлэх, сурган хүмүүжүүлэх ухаанд суралцуулах гээд боловсрол, хүмүүжлийн олон арга хэмжээ бий.
Тэгээд ч багш нарын зээлийг тэглэх байтугай цалинг нь нэмэгдүүлэх мөнгөний эх үүсвэр төрд байхгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Энэ оны төсөвт тодотгол хийхгүй гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.
Хоёрхон сарын дараанаас хичээлийн жил дуусгавар болж, улсын шалгалт эхэлнэ. Тиймээс багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчдаа, тэр дундаа ахлах ангийнхныг улсын шалгалтад бэлтгэх завгүй өдрүүд үргэлжилнэ. Сурагчдын сурлагын түвшин хангалтгүй байгааг жил жилийн улсын шалтгалт, ЭЕШ харуулаад байгаа. Тиймээс энэ үед цалин нэмэх, зээлээ тэглүүлэх багш нарын шаардлага сайдаа огцруулах улстөржилтөөр үргэлжилж Төрийн ордныг гороолон, ажил хаялт зарлах сценарийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон зохион байгуулахгүй байх гэж найдъя. Энэ холбооныхон ч бас багш, сурган хүмүүжүүлэгчид биз, бодвол.
Мэдээж, багш нар “Цалин нэм” гэж шаардах эрхтэй. Гэхдээ энэ нь ардын боловсролыг хөгжүүлж, хүүхдүүдийг сургах эрхээр ч хязгаарлагдана гэдгийг санаж, сэрж байх хэрэгтэй шүү, “нарт ертөнцөд байхгүй, нандин сайхан мэргэжил”-тэнүүд минь.
Н.Энхлэн
Уншиж байна |