2025 оны 01 сарын 21-нд Тэнгэр телевизд АҮЭБЯ-ны сайд Ц.Туваан ярилцлага өгөхдөө нэгэн хачирхалтай мэдээлэл хийв. Хамтарсан Засгийн газарт газрын тосны салбар хариуцаж буй сайд нь шатахууны компаниуд дизель түлшийг ШТС-уудаар борлуулахдаа нафта холин зарснаас агаарын бохирдол нэмэгдэж, хүний эрүүл мэнд, үр удамд хор хөнөөлтэй гэж ярьсан нь олны анхаарал татав. Нафта гэж юу вэ. Нафта (шууд нэрлэгийн бензин ч гэж нэрлэдэг) гэдэг завсарын бүтээгдэхүүн нь газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий газрын тосны анхны нэрлэгийн гарц, автобензиний үйлдвэрлэлийн үндсэн бүрдүүлэгч, суурь бүтээгдэхүүн, 60-66 хүртэл октан тоотой, бензиний агууламж өндөртэй, хөнгөн нүүрсустөрөгчийн нэгдэл юм байна. Дахин боловсруулж өндөр октантай бензин үйлдвэрлэдэг. Нафтаг түлш дээр огт хийж болохгүй. Үүнийг дизелийн түлшин дээр шууд хольж дизелийн түлшний зориулалтаар зарах боломжгүй. Өөрөөр хэлбэл нүүрс-устөрөгчийн хүнд молекултай, цетан тоотой, эфир суурьтай, дизелийн фракцийн бүтээгдэхүүн дээр нүүрс-устөрөгчийн хөнгөн молекултай, октан тоотой, спирт суурьтай бензиний фракцийн бүтээгдэхүүнийг холино гэдэг нь угтаа ШТС дээр түлшээр явдаг автомашинд бензин нэмээд хийхтэй ижил ойлголт гэж салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөн дизелийн түлшинд тавигдах гол шаардлага бол хүхрийн агууламж бөгөөд хэмжих нэгж нь ppm. Агаарын бохирдолд дизельтэй холбоотойгоор хүхэрийн хэмжээ л яригдах учиртай. Гэтэл сайд агаарын тоосонцорын нэгж гэж дэндүү мэргэжлийн бус мэдээлэл өгсөн нь олон нийтийг төөрөгдүүлснээс гадна салбарын мэргэжилтнүүд дунд сайдын үнэлэмжийг унагаав. Дизель түлш тоосонцор ялгаруулдаггүй. Тоосонцор хатуу биетээс үүснэ. Жишээ нь уурын зуух, нүүрсний хаягдал, замын бохирдол гэх мэт. Шингэн биетээс тоосонцор үүсэхгүй. Монгол улсад агаарын бохирдолтой тэмцэх, хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд урд нь борлуулдаг байсан 5000 ппм хүртэл хүхрийн агууламжтай дизель түлшний стандартыг хүчингүй болгож, Евро ангиллын дээд зэрэглэлийн дизелийн түлшний MNS 0216-2017 стандартыг 2017 онд батлуулан мөрдөж байсан аж. Одоо ч төв суурин газрын ШТС-уудад евронормын дизелийн түлшийг борлуулдаг бөгөөд үйлдвэрлэлийн гүн боловсруулалтын горим, өртөг, зардлаас хамааран харьцангуй өндөр үнэтэй байдаг байна. Гэхдээ 2020 оны 05 сард УИХ-ын сонгуулийн өмнө шатахууны үнийн өсөлтөөс ард түмний нуруун дээр хүнд ачаа ирсэн гэдэг шалтгаанаар 2000 ппм хүртэл хүхрийн агууламжтай, харьцангуй хямд үнэтэй дизелийн түлшний MNS 6861-2020 стандартыг гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл импортоор оруулж байгаа түлшний ихэнхи нь сүүлийн үед хүхэр хэд дахин өндөр байгаад дүгнэлт хийх бодлогын шийдэл хэрэгтэй байхад сайд нь огт ойлголтгүй байна. MNS 6861-2020 стандартыг боловсруулахдаа хүхрийн агууламж өндөртэй дизелийн түлшийг жижиглэнгийн борлуулалт буюу ШТС-уудаар зарахыг хориглосон заалтыг орхигдуулсан. Ингэхээр сайдын хэлсэн шиг борлуулагчид нафта дээр дизель хольж зарснаас бус манай улс 2020 онд хүхэр ихтэй дизелийг зөвшөөрсөн стандарт баталж, жижиглэнгийн борлуулалтыг нь хориглоогүйгээс агаарын бохирдолд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ. Мөн анхаарал татах нэг өнцөг бол агаарын бохирдолд гэр хорооллын болон шахмал түлшний нөлөө бараг байхгүй зөвхөн 3,8 хувь гэж УИХ-ын сонсгол дээр ярьж байна. Гэтэл Үндэсний аудитын газрын 2022 онд УИХ-д танилцуулсан тайлан дээр агаарын бохирдолд гэр хорооллын нөлөө 80 хувь гэжээ. Энэ мэтээр төр өөрөө мэргэжлийн бус, агаарын бохирдлын учир шалтгаан гэр хороололд дийлэнх нь байгааг энгийн иргэд ч мэдэж байгаа зүйлийг өөрсдийн "арьсаа хамгаалах" зорилгоор төөрөгдүүлэн мэдээлдэг байдал газар авчээ. УБ ын бүртгэлтэй тээрийн хэрэгсэл 804,000 үүнээс 162000 нь дизель түлшээр явдаг байна. Ихэнх тээврийн хэрэгсэл бензинээр явж байна. Тэгвэл бензиний октан стандартад нийцэж байгаа юу гэдгийг ч судлах шаардлага байна. Салбарын сайд агаарын бохирдолд санаа зовохдоо бодит шалтгааныг арай мэргэжлийн төвшинд судлаж, нийт шатахууны чанарыг хянах, стандарт мөрдүүлэх зэрэг бодитой зүйлд анхаарч, салбараа судалмаар байна. Ц.Түвшин