УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Прокурор түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх албан бус мэдээлэл бий. Ямартай ч түүнийг дуудсан цаг хугацаанд ирэхгүй, томилолттой гэх шалтаг тоочиж, “бултаж” байгааг албан эх сурвалж мэдээлсэн. Өчигдөр гэхэд зарим сайтаар Д.Гантулга гишүүнийг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэсэн мэдээлэл гарсан. Мөн л энэ мэдээлэл батлагдаагүй. Хэрвээ Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх, болон түдгэлзүүлсэн тохиолдолд түүний сонгогдсон Хэнтий аймаг дахь УИХ-ын тойрогт өрсөлдөх эрхмүүд чих тавин хүлээж байгаа. Гэхдээ Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөх түдгэлзэх эсэх нь хувь хүн дангаар шийдвэрлэх асуудал биш. Үүнд УИХ-д түүний нэрийг дэвшүүлэн сонгуулсан эрх баригч хүчин МАН-ын шийдвэр ч нөлөөлнө. Цаашлаад улс төрийн тохироо, шийдэл явагдана.
Харин энэ хүртэл Д.Гантулга гишүүнтэй холбогдох асуудлыг бор шувуу жиргэсээр байна. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх, түдгэлзүүлэх нь хуулинд заалттай. Монгол Улсын их хурлын тухай хуульд:
6.6.3. УИХ-ын гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан.
6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан тохиолдолд шийдвэр гарна.
Харин хуульд заасан 6.6.6-гаар “гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” бол УИХ-аар хэлэлцэхгүйгээр татагдана. .
Өмнөх парламентын үед одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхнэрээ эмчлүүлэхээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гарсныг УИХ хүлээж авч байсан. Тэрбээр тухайн үеийн УИХ-ын сонгуулиар жагсаалтаар сонгогдсон байсан тул нөхөн сонгууль явагдалгүй, намын жагсаалтын дараагийн эрхмийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлсэн. Харин Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болон УИХ-ын гишүүнээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр батлагдсан тохиолдолд түүний сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явагдана.
Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх юм. Түүнчлэн Түүнчлэн дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх заалттай. Үүнд:
-Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.
- Эрх бүхий байгууллага гишүүнийг баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдсэн бол УИХ чуулганы үеэр санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Харин чуулганы чөлөөт цагт дээрх саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх заалттай.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын тухайд МАН-ын удирдах түвшиндээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл гаргуулах шийдэлд хүрсэн гэх бор шувуу энэ долоо хоногийн ажлын өдрийн эхэнд жиргэлээ. Хаврын чуулган эхэлтэл нэг сарын гаруйн хугацаанд асуудал хэрхэн өрнөх нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Н.Энхлэн
Уншиж байна |