Пёнчоны олимпод Оросын тамирчид төрийн далбаа өргөх эрхгүйгээр оролцлоо. Допингийн асуудлаас ОУОХ ийм хатуу шийдвэрийг гаргаж. Их гүрэн цаашлаад олимпийг өнгөлдөг олон тамирчидтай зэрэг аргагүй шалтгаанууд энд ямар ч хамаа байсангүй. Олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагын хатуу шийдвэр ийнхүү нэг мөр хэрэгжихийг бид харлаа.
Дэлхий нийтийн өмнө үүрэг хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гаргасан шийдвэр үг дуугүй хэрэгжиж байгаа ийм бодит жишээний хамар дор манай Засгийн газар Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрт тун тайван мэдэгдэлтэй сууж байгаа нь мөн л гайхшрал төрүүлж байлаа. Эрдэнэтийн минь 51 хувийг битүүмжлэх шийд гарчихаад байхад хэрэгжих хүртлээ удна, бидэнд гарц байгаа гэж мэдэгдсээр чуулганыг завсарлуулж, Цагаан сараа хийхээр одов, Үүнийг дэлхийн хамгийн уужуу тайван засгаар тодрох жишээ болгож болно. Ардчилал төгс хөгжсөн улсын жишгээр бол хамгийн хариуцлагагүй төртэй улс орон гэж харагдана.
Харин Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ Т. Нямбаатар нарын хэсэг гишүүд “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал бодит байдал дээр ямар ноцтой байгааг олон нийтэд хүргэлээ.
Эрдэнэт баталгаа гаргаж, “Жаст” их хэмжээний зээл авсан гэдэг бол хэдэн жилийн өмнөх дуулиан.
Харин хоёр удаагийн нэмэлт гэрээгээр дүнг нь нэмж, нийт зээл нь 109 сая ам.долларт хүрсэн гэдгийг нэр бүхий гишүүдийн тавьсан асуулгад өгсөн Засгийн газрын хариултаар тодорхой болсон баримт.
Мөнгийг нь төлөхөд санаа зоволтгүй, манай “Эрдэнэт”-ийн олдог ашгийн өчүүхэн хувь гэж Засгийн зүгээс мэдэгдсэний дараа “Эрдэнэт”-ийн дуулианы хамгийн том асуулт босч ирж байна. Шүүх дээр албан ёсоор шийдвэр гарчихаад байгаа 51 сая ам.долларыг хэн төлөх вэ.
Стандарт банкнаас “Эрдэнэт”-ийн дансаар орж, “Жаст” зэрэг нэр бүхий компанийн дансаар эргээд гарсан нь тогтоогдоод байгаа асар их зээлийг яагаад төрийн өмчийн компани төлөх тухай асуудал тавиад байна вэ. Дуулиан болж буй 109 сая ам.доллар эдийн засагт иргэдийн орлогод шингээгүй. Хамаг хэрэгт тохогдоод буй “Жаст”-ын Ш.Батхүүгийн хамгийн сүүлд олон нийтэд мэдэгдсэнээр бол энэ мөнгө явсаар эцэстээ алтны магнат, байгаль сүйтггэгч Ц.Мянганбаярын гараар дамжаад дууссан гэж ойлгогдсон. “АТГ дээр шалгагдаж байгаа ...“ гэсэн шошготой энэ хэрэг нэг тийш болсон ч “Эрдэнэт”ийг битүүмжлүүлэхгүйн тулд засаг өрийг нь төлөх нь бараг тодорхой боллоо.
Энэ талаар тодорхой баримтуудыг хэсэг түшээд ил гаргаж, олон нийтэд мэдээллээ. Нэг талаас түшээд үүргээ биелүүлж байгаа хэрэг биз. Нөгөө талаас нам доторх хуйвалдагч том бүлгийг шахахын тулд олон нийтийн дэмжлэгийг авахыг зорьсон хэрэг байж таарна. Улстөрчид дуулиантай хэрэг дээр мэдэгдэл хийж попрох дуртай л байдаг. Харин энэ удаад Т.Аюурсайхан, Л.Оюун Эрдэнэ, Ж.Энхбаяр , Л.Энхболд, Т.Нямбаатар нарын “Эрдэнэт”-ийн хэрэг дээр тавьж буй асуулга буруутай нөхдүүдээс нам харгалзахгүй хариуцлага нэхэж байгаа нь манайдаа улс төрийн шинэ салхи юм. Одоо намаар халхалж хариуцлагаас бултуулдаг асуудалд цэг тавья гэж залуу гишүүд хэлж байгаа нь шинэ үзэгдэл.
Ийм эрүүл саруул шаардлага урьд өмнө АН, МАН-д цухалздаг байсан ч эрх мэдэлд санаархагчид гэсэн шошго зүүх компанит ажил хэвлэлээр өрнүүлээд дараад авдаг уламжлалтай. “Эрдэнэт” үйлдвэр ба Стандарт банкны энэ дуулианы ард хэргийн эзэд хариуцлага хүлээхгүй өнгөрөх ёсгүй гэсэн нэр бүхий гишүүдийг дарж авах ажил ч удахгүй эхлэх биз.
“Эрдэнэт”-ийн өр зээлийн асуудал энгийн нэг зээлийн асуудал бус улс төрийн хүрээнийхэн оролцсон, тодорхой албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй байгаа ба тухайн үед МАН-ын улстөрчид төр барьж байсан. Хариуцлага хүлээх асуудал зөвхөн “Жаст”-ын Ш.Батхүүгээр бус нэлээд том орон зайд, тухайн үеийн засаг барьж байсан хүмүүстэй давхар тооцогдохыг МАН-ын гишүүд дотроосоо шаардаж буй. Энэ нь “Эрдэнэт”-ийг төлбөрт хаяад энэ хэрэг зүгээр замхрахгүй гэсэн найдлагыг олон нийтэлд төрүүллээ.
Төрийн өмчийн компанийг үнэгүйдүүлэх, ашигтай байгааг нь хувьчлан авах, олон улсад нэр хүндтэй үйлдвэрийг нь зээлийн баталгаанд тавьж, мөнгө завших төрлийн хэрэг маш нууц явагддаг ба буруутай хүмүүс улс төрийн өмгөөлөлд багтаж ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрдөг талаар Т.Аюурсайхан гишүүн МҮОНТ-ээр хатуу мэдэгдлээ. Дашрамд хэлэхэд бараг анх удаа улс төрийн нөлөө бүхий бүлэглэлийн эсрэг хатуу мэдэгдэл хийж хариуцлага нэхсэн ярилцлага МҮОНТ-ээр хаалт, цензургүй цацагдлаа. Энэ нь мөн цаанаа хэрэг явдал улс төрийн хүрээнд том эргэлт дагуулахын урьдчилсан дохио ч байж болно.
“Эрдэнэт”-ийн баталгаагаар Монгол Улс төлөх нь зайлшгүй болоод байгаа 51 сая ам.долларын асуудал яаж үүссэн вэ, хэн төлөх ёстой вэ гэдэг бараг бүрэн зураглалаараа ил боллоо. Харин яагаад хариуцлага тооцохгүй сунжруулаад байгаа вэ гэсэн асуулт хууль хүчнийхэн, шүүх прокурорын байгууллагад хаяглагдаж байна. Улмаар энэ хэргийг шалгаж хариуцлага тооцох тал дээр тодорхой байр сууриа илэрхийлэх шаардлага төрийн тэргүүн Ерөнхийлөгчид давхар хамаарч байна.
Нэгэнт бид давж заалдах боломжгүй болсон тул ОУ-ын арбитрын шүүхийн шийдвэр хэрэгжиж “Эрдэнэт”-ийг битүүмжлэх, хаах зэрэг нь их хол хүлээлт биш. Улс орнууд хүлээн зөвшөөрсөн ОУ- ын шүүхийн шийдвэр хэрхэн хэрэгжих тухай тодорхой зохицуулалт байгаа. Одоо энэ зээл өрийг хэн төлөх, мөн тооцох хариуцлагын асуудлаа бид цэгцлэх ёстой болов уу.
“Аюурсайхаан айх хэрэггүй шүү ..” гэсэн сошиал сүлжээний коментыг төсгөлд нь онцолмоор санагдлаа. Шударга ёсны хүлээлтээр ангасан ард түмний цангааг МАН тайлах эсэхийг цааш өрнөх үйл явдал харуулна.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /