2010 оны үед байх. Барс захын лангуу түрээслэгчид /хүүхнүүд голдуу/ бүгд шахуу нэг л өдөр компанийн захирал болжээ. Хэсэг найзууд, лангуу ойрхон фракцаараа нэгдэж, бичил архидалт хийж тэмдэглэв. Бялуу тавьж, ширээ ч засаж. Харин дараа нь татварын тайлангаа сар бүр гаргах, орлогоо дарж бичих гэдэг том толгойны өвчинтэй болцгоож.
Тухайн үеийн Засгийн газар, Сангийн сайдын шийдвэрээр татвараа төлөгч гэдгээ “илчилж”, ийнхүү компани байгуулах шаардлагыг бүх том захын лангуу түрээслэгчид биелүүлжээ. Гэнэт “захирал” гэдэг албан тушаалтай болж, татварт нэр нь зоогдчихов. Гэхдээ монгол хүн өөдрөг. Бэлэг дэмбэрэлээ бодож, шинэхэн гэрчилгээ, компаниа угааж бараг долоо хоног ууж дампуурах шахаад цааш хэвийн амьдралдаа оржээ.
2000 он гараад ганзагаас жаахан мөнгө олсон зарим нь бяцхан томорч, галт тэргээр бараа ачуулдаг болж эхэллээ. Зах зээлийн нийгэм гэсэн “юм”-нд шилжиж буй болохоор том, том захууд мөн бий болж эхэлсэн тул өөрийн гэсэн лангуутай болцгоов. Хүн авчихаар юуг ч хамаагүй улирлын сезон харж байгаад дардаг байсан наймаачид чиглэл чиглэлдээ гаршиж, түншүүд харилцагчтай болж, наймаа арилжаа нь дагнаж төрөлжиж ирэв. Даавуу оёдол, хоол хүнс, гутал, гурил будаа, төмс байцаа, жимс нарийн ногоо гээд өргөн хэрэглээний бараа голдуу чиглэлд дагнасан наймаачдын сүлжээ бий болж эхэлсэн байдаг. Орлого нь ийн нэмэгдэж тэрүүхэндээ бизнес нь цэцэглэж байлаа ч улсад төлөх татвар төлөлт нь бараг тэг шахуу байж. Бараг бүгдээрээ дүүргийн худалдаа үйлчилгээний мэргэжилтэнд жаахан юм хаяад, амархаан авсан нэг лангууны лицензтэй . Энэ нь хувиараа жижиг бизнес эрхлэгч гэдгийг харуулах тул нэг лангууны түрээснээс гадна татварт сардаа 10 000 л хураамжтай. Хожим энэ лангуу нь хар аяндаа ханш нь өссөөр нэг байрны үнэ хүрсэнийг Нарантуул, Бөмбөгөр зэрэг зах шатахад түрээслэгчдийн гаргасан нэхэмжлэлээс бид мэдсэн. Үүний цаана 20-д жил татвараас соёлтой бултаж, оффшорт гаргасан хөрөнгийг төр ч хэлж мэдэхгүй болсон.
Төр маань “төсөв нимгэн байна” гэсэн зовлонгоо ярингаа улстөрчдийн тааллаар үр ашиггүй цацдаг хэвээр байлаа. Үндэсний үйлдвэрлэгч гээд харахаар татвар төлж төсөвт нэмэр өгч гийгүүлэх юм цөөхөн тул сэм бэнзийгээд байгаа том наймаачдаа татварт татаж авахын тулд Төр арга сувэгчлэх хэрэгтэй байлаа. Үүний хэрэгжилт нь дээр өгүүлсэн лангууны эзэн бүр компанийн захирал болж гэнэт “томорсон” түүхийн угтал юм.
Тухайн үедээ ийнхүү түрээслэгчдийг ААН болгож, татварт бүртгэлжүүлж авснаар төсөв орлогод нөлөө үзүүлсэн ч татварыг багасгаж суурь баазыг нь тэлэх бодлого хэрэгжсэнгүй. Татвар төлдөг хэдийгээ чангалах байдал давамгайлаад байх болсон тул “ТЭГ” тайлантай компаниуд зөндөө болов. Мөн өндөр татвараас өндийх бэрх болсон тул компаниа жижиглэж үржүүлэх болов. Гэтэл дээрээс нь НӨАТ гэж хадны мангаа гарч ирэв. НӨАТ төлөгч болчих юм бол орлогоос нь шууд 8-10 хувь хамаад эхэлсэн. Үүнээс яаж бултах вэ гэдэг аргыг компаниуд бодож эхлэв. Тэр аргаа ч олсон байдаг.
Өнөөдөр 100 мянгыг давсан хувийн компани байгаа гэдэг. Үүний арав хүрэхгүй хувь нь л нийгэмд татвар төлдөг. Үлдэх хувийн цөөхөн нь амиа дөнгөж авч буй бөгөөд бас цөөнгүй хувь нь улс төр бүлэглэлийн нөлөөгөөр татвараас бултагсад байгаа. Гэхдээ төрийн аливаа хөнгөлөлт зээлийн бодлого хэрэгжихэд эдгээр бултагсад бүгд “Баялаг бүтээгч” гэсэн гоё малгайг өмсөөд хөнгөлөлтийг адилхан хүртдэг. ЖДҮ-ийн дэмжсэн хил гаалийн хөнгөлөлтөд үнэндээ ЖДҮ-лэгч гэсэн шар хуудас олж авсан том компаниуд ихээр багтдаг гажиг тогтсон. Үүнийг яаралтай цэгцэлж, дахин бүртгэлжүүлэх ёстой гэж жинхэнэ ЖДҮ- лэгч нар хэлдэг.
1997 оноос завхарлаар эхэлсэн НӨАТ хэрэгжилт нь татварын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих цогц суурь шинэчлэл хэрэгтэйг харуулсан. Төр энийг ойлгосон ч хийх эвээ олохгүй байсаар. Харин 2015 онд дөрвөн төрлийн татварын хуульд өөрчлөлт оруулсан. Гэхдээ татварын суурь баазыг тэлэх буюу бага татварын системээр аль болох олон ААН-ийг хамруулах бодлого мөн л хэрэгжиж чадсангүй. Гэхдээ 2016 оны татварын орлого 500 тэрбум давж биелжээ. Энэ нь ААН-үүдийн чанар сайжирсан, ашиг орлого нь нэмэгдсэн гэж шууд холбож харах үзүүлэлт биш гэдгийг эдийн засагчид хэлдэг. Татвараа татах систем нь зөв ажиллаж дата баазаар татвараа хянах боломжтой болсон хэрэг.
Нэг ёсны бид НӨАТ-ын баримтаа шивээд байна гэдэг нь өөрсдийн худалдан авалтын төдийгүй мөн аль компанийн ямар бараа бүтээгдэхүүн хэр хэмжээтэй борлогдоод, ямар хэмжээний ашигтай ажиллаад байгааг цаагуураа татварынханд “матаад” өгчихөж байгаа юм л даа. Үүний ачаар цаасан дээрх тайлангаар бултуулж байсан олон татвар нэг бааз дээр шивэгдээд баригдаад эхэлсэн хэрэг. Харин цаана нь татварын суурь шинэчлэл ААН-үүдээ дэмжсэн бодлого “тэг” хэвээр л байгааг төр, намаа давхар барьсан У.Хүрэлсүхийн засагт дахин сануулахыг хүслээ.
Өнөөдрийн мэдээллээр харвал манай улс 17 төрлийн татвар авч байна. ОУВС-гийн болзлоор 7 төрлийн татвар нэмэх шийд гарсан. Хөтөлбөр хэрэгжиж буй тул энэ нь хүчинтэй хэвээр байгаа. Мөн төсвийн алдагдал үргүй зардлыг бууруулаагүй цагт махаа зулгааж зүтгэж буй татвар төлөгчдийн төсөвт төлсөн нэг төгрөг бүр ч хайран байна.
Энэ оны аравдугаар сарын байдлаар татварын орлого1 их наяд төгрөгөөр даваад байгаа гэнэ. Хэрвээ төр хоёр их наяд давсан цаасан мөнгө хэвлээгүй бол, дараалсан бондуудаар гараа угааж 1.5 их наяд ам.долларын өр тавиагүй бол татвар төлөгчдийнхөө зүтгэлээр төсөв сэхэж,эдийн засаг дотоод нөөцөөрөө сэргэх эхлэл бодитой яригдах байлаа. Гэтэл өнөөдөр татвар төлөгчдийн 2017 онд “давуулан”биелүүлсэн татварын 1 их наяд төгрөгийн орлогоор бондын өрний нэг жаахан нүхийг л таглана. Нэг ч цэцэрлэг, сургууль барихгүй гэхээр “муухай”. Намчирхсан төр, жалга дов харсан түшээдийн төлөө батлагдсан төсөв ийм л хортой ажгуу.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /