УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Хойд Солонгосыг зорилоо. Тэрбээр Монгол-Хойд Солонгосын парламентын бүлгийн уулзалтад оролцохоор тус улсыг зорьж буй юм.
Харин О.Баасанхүүг бараг онгоцонд сууж амжаагүй байхад МАХН-аас хэвлэлийн хурал хийж, түүнийг намаасаа хөөсөн тухай мэдээлэв. О.Баасанхүүг олигархуудын гар хөл болж, намынхаа эсрэг ажилласан хэмээн банга хүртээж буй нь энэ аж. МАХН-ын Гүйцэтгэх хороо О.Баасанхүүг дараах гурван үндэслэлээр намаасаа хөөж буй гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын түнжин хагарсан гэж болно. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлснээс үүдэн, О.Баасанхүү даргынхаа эсрэг дуугарч эхэлсэн. Бүр МАХН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Н.Энхбаяртай хариуцлага тооцно хэмээн мэдэгдэл хийж байв.
Харин сүүлийн үед намын их хурлыг хийхийг шаардаж, Н.Энхбаяргүйгээр МАХН урагшилж, шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг болсон. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр хайр даахгүй байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө хаан гэж ойлгож байна” хэмээн нэлээн том дуугарсан удаатай. Товчхондоо намынхаа их хурлаар даргын суудлыг ярьж, Н.Энхбаярыг буулгаж “хаях”-ыг хүсдэг болсон гэсэн үг. Үүнээс үүдэн МАХН хоёр хуваагдаад буй нь гишүүдийнх нь хийсэн хэвлэлийн мэдэгдлүүдээс тодорхой.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ намын даргынхаа эсрэг дуугарсан. Тэрбээр “Би тушаал биелүүлдэг цэргийн хүний талд байна. Тушаал өгдөг хүмүүсийнх нь араас яв л даа. Тэр Н.Багабандийг хай л даа. Н.Энхбаярыг, С.Баярыг үз л дээ” хэмээн дуугарсан нь МАХН-ын даргын уурыг хүргэсэн бололтой. О.Баасанхүүг намаасаа хөөх гурван шалтгаандаа үүнийг дурджээ.
УИХ-ын чуулганы танхимаас Н.Энхбаярын эсрэг дуугарч, намын гишүүддээ их хурлаа хийх тухай сануулж эхэлсэн учраас О.Баасанхүүг яаран хөөх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр түрүүлж хөдлөхөөр яарчээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудал хаашаа ч эргэж магадгүй хэмээн, О.Баасанхүүг “МАХН-ын нэрийн өмнөөс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй” болгов.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар нэгэн цагт салахын аргагүй “ах, дүү” байв. Н.Энхбаярыг “аав”-ынд байхад О.Баасанхүү хөлөө хүрэх газар хүртлээ явсан. Харин одоо Н.Энхбаяр түүнийг С.Ганбаатараар сольжээ. С.Ганбаатарыг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, дараа нь намынхаа дэд дарга болгон дэвшүүлсэн. Харин сүүлийн үед Н.Энхбаяр, С.Ганбаатар нар ганзага нийлэн хөдөө орон нутгаар явж, 2020 оны сонгуулийн бэлтгэлээ базааж яваа гэнэ лээ.
Нэгэн цагт хамт байсан эрчүүдийн нөхөрлөл энд дуусах бололтой. МАХН-аас хөөсөн талаар О.Баасанхүү байр сууриа илэрхийлж амжаагүй байгаа. Тэр Н.Энхбаярын шийдвэрийг дагаж, сул гишүүн болон “Бор оймсонд хавчуулагдаж, парламентад орж ирсэн” нэрнээсээ холдож магадгүй л юм.
Б.Энэрэл