АТГ, тагнуулын байгууллагыг удирдаж байсан генерал Б.Хурц гэх хүн манай улс төрийн хүрээний хурц асуудал болоод байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг даргын сандал ширээнээс нь буулгаж, багагүй хугацаанд хөөцөлдсөн саналаа ажил хэрэг болгож чадсан. Тэглээ гээд Б.Хурц лааз өшиглөсөнгүй. Харин ч 30 мянган монголчууд амьдардаг БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор Төрийн ордонд “бөмбөг тэсэлж” явна.
Тэр хуульзүйн сайд Ц.Нямдоржийг “Эрдэнэтийн шахаачин, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нарын бүлэглэлийн гол хорчин” хэмээн дуудаж, илчлэх ажлаа эхэлсэн. Мэдээж үүнд Ц.Нямдорж сайд яаран хариу өгч, “Б.Хурц өөрийгөө илчиллээ” хэмээн асуудлыг намжаасан.
Үүний дараа тэрбээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “зэвсгийн наймаачин, хүн амины хэрэгтэн” хэмээн УИХ-ын гишүүн Л.Болдыг улалзуулав. Л.Болд гишүүн ч “Харин ч би зэвсгийн наймааг зогсоосон” гэх тайлбарыг өгч, нэр төрийн асуудлаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд буй.
Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос эхэлж, Л.Болд гишүүнээр үргэлжилсэн түүний үг бусад гишүүдэд сануулга болж буй нь мэдээж. Түүний тухай муу үг амнаасаа гаргасан хүн бүрийн өмнөөс өгөх хариулт нь бэлэн байгаа нь дээрх хоёр жишээнээс харагдана. Тиймдээ ч Ж.Батзандан, Ц.Нямдорж нараас бусад нь түүнийг яриулахыг хүсэхгүй байгаа. Томилгооны сонсгол явуулах Ж.Батзандангийн бичигт 21 гишүүн гарын үсэг зурсан гэж байгаа ч тэд үйлдлээ хамгаалж, чуулганы танхимд үг хэлсэнгүй. Магадгүй тэд Б.Хурцаас айж буй биз.
Төрийн түшээд Б.Хурцыг яриулах дургүй байна. “Цаашаа ярих уу, яах уу” гэсэн түүний үг төрийн эрх мэдэлтнүүдийн толгойд анхаарлын тэмдэг болон очсон нь мэдээж. Гэхдээ олон нийт түүнийг яриулахыг хүсч байна. Монгол төрийн толгойд суугаа эрхмүүд хэрхэн идэж уудаг, яаж наймаалцдаг, хэнийг хэрэгтэн болгодог, хэрхэн гэмт хэрэг үйлддэг гээд ухаж төнхөөд байвал олон зүйл гарах бололтой. Энэ бүхнийг ард түмэн мэдэх эрхтэй. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн, хууль бус үйл ажиллагаа төрийн нууц гэсэн үгээр халхлагдаж, далд байх ёсгүй. Монголын нийгэм ядуурч, Төрийн ордонд суугаа хэдхэн хүн тансаг амьдарч байгаагийн гол шалтгаан эндээс гарахыг ч үгүйсгэхгүй.
Б.Хурц албан тушаалын байдал, эрх мэдлээ ашиглан олж авсан материалаа төрийн эсрэг ашиглаж, түшээдийг сүрдүүлж буй мэт харагдаж буй. Албан тушаалын төлөө хийж буй түүний үйлдэл эрээ цээргүй харагдаж, түүнийг шүүмжлэгчид ч олон бий. Гэхдээ түүний энэ үг, үйлдэл хууль бус үйлдлийг, далд нууцыг илрүүлэх боломж ч байж болох. Б.Хурц генералын ярих уу, яах уу гээд үлдээсэн олон олон нууцыг ард түмэн мэдмээр байна. Эрхэм түшээдийн ил далд нууцыг илүү тод томруун, тодорхойгоор яриулмаар байна. Парламентын танхимд хэдэн жил улиран сууж, шударга нэрийн дор тэд юу хийж явааг олон нийт мэдэхгүй. Тиймээс Б.Хурцыг яриулъя. Айх айдас, далдлах нууц, болгоомжлох хууль бус үйлдэлгүй хүмүүс мэдэх эрхээ эдэлмээр байна.
Б.Энэрэл