МАН-ын их хурал ирэх даваа гаригаас эхэлнэ. Тиймээс эрх баригчид их хуралдаа бэлтгээд энэ амралтын өдрүүдэд алжаал тайлах завгүй “ажиллах нь”. Учир нь энэ их хурлын 1033 төлөөлөгч дараагийн МАН-ын даргаа сонгоно.
Өнөөдрийн байдлаар МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа.
Өмнөх МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхдээ МАН-ын даргын албыг ч давхар хашуулах тохироонд ерөнхийдөө хүрсэн байлаа. Уг нь “Парламент дахь эрх баригч хүчний дарга нь Ерөнхий сайд байж Засгаа тэргүүлнэ” гэсэн заалт байдаг. Гэвч өнөөдөр цаг хугацааны явцад улстөрчид, улс төрийн нам энэ дүрмээ хэрэгжүүлэх больж, сонсох ч сонирхолгүй болсон. “Дан дээл”-тэй томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа 100 парламентаас бүрдүүлсэн. Учир нь тэрбээр Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогоо хэрэгжүүлэхэд парламентын дэмжлэггүйгээр урагшлахгүй. Тэр тусмаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ дахь МАН-ын бүлэгтэй тохироонд хүрч эс чадвал Засгийн газар нь ч огцорч мэдэх суудал өнцөгдсөн байгаа. Харин МАН-ын даргыг албыг давхар хашсанаар наанадж УИХ дахь бүлгээ ч зангидаж, Засгийн газраа ч бат тогтвортой байлгах суурь тавигдана. Гэхдээ МАН-ын даргын албан тушаалд тэрбээр ногоон гэрлээр сонгогдохгүй нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал тод харуулж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимын гадна үлдсэн эрхэм. Уг нь түүний нэр Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга эсвэл Сангийн сайдын аль нэг албан тушаалд нь томилогдоно гэсэн бор шувуу нисч байсан. Харин одоо МАН-ын даргад өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэрбээр Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг хавсарч бус тус тусад нь хаших ёстой гэсэн байр суурьтай байна лээ. Дархан-Уул аймгийн Засаг дарга, Сангийн сайдын албыг хашиж, УИХ-д гурав дахиа сонгогдоод байгаа түүнийг МАН-ын даргад нэр дэвшинэ гэсэн мэдэгдэлтэй зэрэгцээд шүүмжлэл ч ар араасаа өрнөж эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүнийг нэгтгэж чадахгүй, 33:32-ын бүлэг болгон талцуулаад байгаа Д.Хаянхярваа 200 мянган гишүүнтэй Монголын улс төрийн ууган хүчнийг удирах чадах уу? гэж бассан, хатгасан асуулт цахимаар хөвөрч байна. Нөгөө талаас “хотын фракц”-ын төлөөлж нэрийг нь дэвшүүлсэн байгаа ч их хурлын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч чадахгүй гэж ажиглагчид үзэж байна лээ.
Гурав дахь нэр дэвшигч Н.Дэмбэрэлийн тухайд мөн л МАН-ын дарга М.Энхболдын хүн. Н.Дэмбэрэл нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн нь санал хуваах зорилготой гэхээсээ МАН-ын зөрчилдөөнийг тодотгож байгаа үйлдэл гэж үзэх хэсэг байна.
МАН-ын бага хурлын төлөөлөгчдийн дийлэнхийг одоогийн МАН-ын дарга М.Энхболдын гэх “хотын фракц” эзэлж байгаа. Тиймээс их хурлын төлөөлөгчдийн дийлэнхийг “хотын фракц”-ын талаас сонгосон байх магадлалтай.
Нөгөө талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооныхон ч зүгээр суугаагүй нь мэдээж. Ямартай ч орон нутгийн МАН-ынхан их хурлын төлөөлөгчдийг сонгох гэж, сонгогдсон төлөөлөгчдийг өөрсдийн фракцид авах гэж бүлэглэлүүд чармайж, мөнгөн амлалт ч өгч байгаа сурагтай.
Хөдөө орон нутгаас оролцох их хурлын төлөөлөгчид маргаанаас нийслэл хотод ирцгээж байгаа. Их хуралд оролцох орон нутгийн төлөөлөгчдийг арай л алд цэнхэр хадаг, цэцэг барьж угтах нь холгүй биз. Ямартай ч тэдний тухлах зочид буудлын өрөөг сарнай цэцэг, шампанскагаас эхлээд юу эсээр чимэх билээ.
Ийнхүү ирэх амралтын өдрүүдэд эрх баригчид дотоод асуудал, дараагийн удирдагчаа сонгох ажилдаа бэлтгэн, завгүй бужигналдах нь.
Н.Энх