Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хоёр ч шийдвэрт хориг тавьж, гишүүдийг хэрэлдэх сэдэвтэй болгов. Харин тэр хоёр хориг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар руу чиглэсэн нь олонд ил байв.
Ерөнхийлөгч анхны хоригоо Сангийн сайдад тавив. Тэр сайд нь Ч. Хүрэлбаатар. Илт эрх ашгийн зөрчилтэй, ах дүүгээрээ нийлж, Монголын баялгийг зарсан хэмээн үзэж, түүнийг Сангийн сайдаар ажиллуулах боломжгүй хэмээн хориглов. Гэвч олонхын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг унагаж, Ч.Хүрэлбаатарыг суудалд нь үлдээсэн.
Үүний дараа Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд хориг тавив. Төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөг тарааж, дэмий салхинд хийсгэлээ хэмээн үзэж, төрийн тэргүүн хуулийн дагуу хориглосон ч УИХ түүний үгийг хүлээж авсангүй. Асуудлын гол нь төсвийн 55 тэрбум төгрөгт бус Ч.Хүрэлбаатар гэх хүнд буй нь илт. Үүнийг чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс харж болно.
...Одоо уул уурхай эзэмшдэг буюу Тавантолгойг тойрсон хэсэг бүлэг хүмүүс энэ улсыг дахин удирдаж буйг өнөөдөр энд сууж байгаа бүх хүн мэдэж байгаа. Түүний төлөөлөл Сангийн сайд болж байгаа тул эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Бүх бизнесийг гацаадаг. Өөрсдөд нь орж ирэх зүйл байхгүй л бол гацаадаг...
...Ч.Хүрэлбаатар болон УИХ-д сууж байгаа олон хүний анкетыг харахад дандаа дээд боловсролтой, гадаад хэлтэй, гадаадад боловсрол эзэмшсэн олон хүн байна. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид өнөөдөр татгалзах ёстой. Жаахан олсон орлогоосоо халамж тарааснаар бид эдийн засагт юу хүртсэн бэ?...
...Ч.Хүрэлбаатар бид хоёр нэг засагт хамт байсан. Янз бүрийн зовлон ярьдаг байсан. Өнөөдөр 55 тэрбум төгрөг их мөнгө үү, та хариулаач...
...Буруу шийдвэр гаргасан шүү, Ч.Хүрэлбаатар аа...
...Ч.Хүрэлбаатар гишүүн бас их санаа зовж ярьж байна. Та нар эрх барьж байгаа шүү дээ. Ажлаа хийнэ шүү дээ. Ажил хийж бизнесийг тэлэх талаар би яриад байгаа шүү. Хумих тухай биш...
Ерөнхийлөгчийн үгэнд Ч.Хүрэлбаатар гэх нэр олон дурдагдсаныг эндээс харж болно. Төрийн тэргүүний хэлсэн үг, утга санаа бүр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар руу чиглэж, түүнд дахиад ч хориг тавихаа Ерөнхийлөгч сануулахаа мартаагүй.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төмөр зам гэх овоолсон шорооны хүүнд жилд 55 тэрбум төгрөг төлж байгаа гэж хариу барив. Товчхондоо төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд өгөх хөрөнгө овоолсон шороо, ухсан нүхний төлбөр болон урсаж буйг Ч.Хүрэлбаатар хэлсэн нь энэ. Х.Баттулга-Ч.Хүрэлбаатар эсвэл З.Энхболд-Ч.Хүрэлбаатар гэх хүмүүсийн хооронд ямар асуудал байгааг таах боломжгүй.
Гагцхүү тэдний хувийн эрх ашиг нь Монгол төрийн шийдвэр, бодлого, үйл ажиллагаанаас өндөрт байдгийг ард түмэн харж байна. Хориг хэлэлцэх үед хэрхэн хэрэлдэж, биенийхээ муу муухайг яаж илчилж байгааг олон нийт харлаа. Монголоос хумсалдаггүй, хулгайлдаггүй хүн энэ төрд байдаггүй аж. Хэрүүлээс нь харвал хулгайч, худалчаар Монголын төр дүүрчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын хэрүүл үүнийг батална.
У.Хүрэлсүх: Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү.
Ж.Мөнхбат: Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж, Шадар сайд болгосон нь буруудаж. Чи өнөөдөр Н.Энхбаяраас ч илүү хаан болчихсон байна.
У.Хүрэлсүх: Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална. Чамайг байранд нь тавих болсон байна.
Ж.Мөнхбат: Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина. Чи муу битгий солиороод байгаарай.
Монгол төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй. Нүүрсээ ч гаргаж чаддаггүй, үнэд хүргэх ч чадваргүй. Монголын энэ бүх зовлонгийн эх үндэс, үүсгэгч нь улстөрчид, УИХ-ын гишүүд, төрийн түшээд юм байна.
Дахин дахин хориг тавиарай, Ерөнхийлөгч өө. Та нарын хэрхэн идэж уудаг, хулгайлдаг, хумсалдгийг ард түмэн сонсч, мэдэх боломжийг дахин нээгээрэй. Худалч, хулгайчдын бүлэг яаж улсаа хувхайруулж, хувьдаа хэрхэн хумсалдгийг мэдэх эрх ард түмэнд бий.
Б.Энэрэл