Сөрөг хүчин АН-аас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсөвтөө тодотгол хийн, эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө гаргах шаардлагыг Засгийн газарт гурвантаа хүргүүлээд байгаагаа мэдэгдсэн.
Ерөнхийлөгч ээлжит сонгуулийг хойшлуулж, төсөвт тодотгол хийж, эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөндөө яаралтай шилжих уриалгыг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүний тухайд ийн уриалга гаргах нь түүний бүрэн эрхийн хүрээний асуудал. Үнэхээр үнэмлэхүй олонхи эрх баригчид өнгөрсөн хоёр сарын хугацаанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоохтой зэрэгцээд эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөгөө хийлгүй орхигдуулсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын цаасан дээрх эдийн засгийн өсөлт өрх айлд мэдрэгдээгүй. Иргэд зээлээс зээлийн хооронд амьдралаа залгуулж ирсэнийг хөл хориотой зэрэгцсэн банкны салбарын чанаргүй зээлийн өсөлтийн хурд харуулна. Бизнесийн үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүд ажиллагсдадаа цалин олгох бус ажлын байрыг нь хадгалж үлдэхийн төлөө ч өөр өөрсдийн зохицуулалтыг хийж байна.
Үүнтэй зэрэгцээд УИХ-ын сонгууль хаяанд ирж, улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө боловсруулан Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа. Улс төрийн намууд, горилогчид дор бүрнээ сонгууль өрсөлдөх бэлтгэлдээ хүч тавьж байгаа. Харин удаагийн сонгуулийн жилээр дэлхий дахинаа коронавирусийн халдварын цар тахлын хэмжээнд хүрч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар байна. Өнөөдрийн цаг үеийн тухайд эрүүл мэнд хамгийн эрхэм гэдгийг дэлхий нийтээрээ мэдэрсэн үе тохиож байна.
Энэ хугацаанд МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар цаашид энэ хэвээр үргэлжилвэл 260 мянган хүн ажлын байргүй болно гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Тиймээс ч бизнес эрхлэгчид, эдийн засагчид, улстөрчид төр, засгийг эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөө гаргахыг шаардсаар ирлээ.
Харамсалтай нь Засгийн газраас энэ асуудлаар ямар нэг дорвитой арга хэмжээний хөтөлбөрийг гаргаагүй. Зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан ч энэ нь хөрсөн дээрээ хэрэгжээгүй. Монгол холбогдох дүрэмдээ өөрчлөлт оруулсан ч арилжааны банкууд “дээрээс ямар нэг шийвэр ирээгүй, дотоод журам гараагүй” гэсэн хариултыг өгч, иргэд, аж ахуйн нэгжийг зээлээ хугацаандаа төлөхийг шаардсаар байгаа.
Харин Ерөнхийлөгчийн уриалгатай зэрэгцээд Үндсэн хуулинд байхгүй заалт, засаглалд халдлаа гэх зэргээр шүүмжлэл өрнүүлж байна. Парламентын засаглалтай манай улсын тухайд Ерөнхийлөгчийн уриалга шууд хэрэгжүүлэх, эсвээс УИХ хэлэлцэх шаардлагагүй. Гэхдээ Ерөнхийлөгч уриалга гаргах нь нээлттэй. Үнэмлэхүй олонхи эрх баригч хүчин МАН эдийн засгийн төлөвлөгөөгөө ул суурьтай гарган хэрэгжүүлээгүй, сөрөг хүчин АН, бизнес эрхлэгчийн шаардлага, саналыг үл ойшоож, ажлаа хийхгүй байгааг Ерөнхийлөгчийн уриалга тодотгож байна.
Сул зогсолт зарлаж, ажилгүй байгаа иргэд гадуур ажил хийгээд ч нэмэргүй, банкны зээл, хэрэглээний асуудал нэмэгдэж, эдийн засгийн хямрал дээр сэтгэлзүйн хямралд өртөөд байгаа. Энэ үед Ерөнхийлөгчийн гаргасан уриалга зарим иргэдэд “загатнасан газар маажих” гэгчээр хонгилийн үзүүрт гэрэл байгааг мэт итгэл төрүүлж байгаа. Гэхдээ сонгуулийн хойшлуулах эсэх нь хуулиар шийдэгдэхээр уриалгаар хэрэгжихгүй.
УИХ-ын ээлжит сонгуулийг ямар нөхцөлд хойшлуулж болох вэ?
УИХ-ын сонгуулийн тухай хууль:
9.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.
9.5.Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно.
9.6.Улсын Их Хурал энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.
9.7.Улсын Их Хурал энэ хуулийн 9.6-д заасан хугацаанд ээлжит сонгуулийг товлон зарлаагүй бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.6-д заасны дагуу сонгуулийг зохион байгуулна.
Үндсэн хуулийн 25 дугаар зүйл:
2.Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
3.Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.
Н.Энхлэн