2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар баталсан. Тиймээс ч УИХ-ын сонгуууль 29 тойрог, 76 мандаттайгаар явагдана. Сонгуулийн тойрог, мандатыг зураглахдаа нийслэлийн мандатыг цөөлж, эрх баригч нийслэлээс дөлж, орон нутагт хүч тавьсан гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа. Гэхдээ аль ч сонгуулийн үед нийслэлийн сонгогчдын санал жин дарж, улс төрийн намууд энэ хэрээр хотын сонгогчид руу анхаарлаа хандуулсаар ирсэн. Ямартай ч МАН эрх барьж байх үед мэдэгдэхүйц үр дүнгээ өгсөн ажлын нэг нь сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулсан “гавьяа”-тай. Энэ ч утгаараа МАН нийслэлээс “нүүр бууруулах” үндэслэлгүй.
Хэдийгээр намууд бага хурлаа товлож, нэр дэвшигчдээ тодруулаагүй ч горилогчдын таамаглал эхнээсээ тодроод эхэллээ. Энэ удаад МАН-аас нийслэлийн тойрогт хүч үзэх магадлалтай эрхмүүдийн таамаглалыг хүргэе.
Багахангай-Багануур-Налайх /сонгуулийн 21 дүгээр тойрог, 2 мандаттай/:
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу нийслэлийн Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн хоёр мандаттай. Эрх баригч хүчнээс энэ тойрогт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы нэр явж байна. Тэгээд ч ирэх жил Налайхыг түшиглэж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар утаагүй, алслагдсан дүүргүүд утаатай гэсэн шүүмжлэл сайжруулсан түлшний үйлдвэр баригдсанаар шийдлээ олох бодлогыг хотын мэр барьж очих биз. Харин хоёр дахь мандатад нэр дэвших эрхмээр баттай бус ч МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар яригдаж байгаа. Тэрбээр өмнө нь энэ алслагдсан гурван дүүргийг хотын статустай болгоход бодлого боловсруулах түвшинд санаачлагатай ажиллаж байсан нэгэн.
Баянзүрх /сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай/:
Нийслэлийн хүн ам ихтэй энэ дүүрэг хоёр тойрог, таван мандаттай. “Үхлийн тойрог” гэгдэх энэ дүүрэгт сонгогчдын санал ч барьцгүй байдаг. Ямартай ч энэ удаад МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ЖДҮ”-чнээрээ цоллуулж байгаа ч дахин нэр дэвших юм билээ. Басхүү тус тойргоос өмнө сонгогдсон Б.Саранчимэг ч дахин хүч үзэх дэг. Харин тус дүүргийн экс Засаг Б.Батзориг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзүүлэх дээрээ тулж, улс төрийн карьераа дуусгаад байгаа. Тиймээс энэ удаад сонгуульд нэр дэвшихгүй. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, БХ-ын сайд Н.Энхболд нар тус дүүрэгт нэр дэвших сураг гарч байна.
Сүхбаатар /сонгуулийн 24 дүгээр тойрог, 3 мандаттай/:
Нийслэлийн төвийн дүүрэг Сүхбаатарт МАН-аас УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар нар нэр дэвших нь нэгэнтээ тодорхой байгаа. Үүн дээр эмэгтэйчүүдийн квотоо төлөөлөн “Сүхбаатар" нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Чимгээ нэр дэвшихээр яригдаж байна. Тэрбээр 2008 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт С.Баяр, С.Батболдын хамт нэр дэвшиж байсан, тойрогтоо танигдсан эрхэм.
Чингэлтэй /сонгуулийн 25 дугаар тойрог, 3 мандаттай/:
Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар дахин хүч үзэхээр бэлтгэлээ базааж байгаа юм билээ. Харин гишүүн Д.Ганболдыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь нам дотроо тодорхой болсон гэх яриа бий. Шадар сайд Ө.Энхтүвшингийн тухайд Чингэлтэйгээс нэр дэвших үү, тойрог солих уу гэдэг нь ч мөн эргэлзээтэй байна.
Баянгол /сонгуулийн 26 дугаар тойрог, 3 мандаттай/:
Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дахин өрсөлдөнө. Харин Улсын бага хурлаас эхлээд байнгын үйл ажиллагаатай парламент бий болсноос хойш тасралтгүй сонгогдож ирсэн Д.Лүндээжанцан гишүүн саяхан казинотой нэр холбогдсоноор, ямартай ч Баянголоос нэр дэвших эрхээ хасуулаад байгаа сурагтай. Тиймээс МАН-аас энэ тойрогт нийслэлийн орлогч Ж.Батбаясгалан, төлөөлөгч Ш.Анхмаа нар нэр дэвших магадлалтай гэсэн яриа байна.
Сонгинохайрхан/ сонгуулийн 27 дугаар тойрог 2, сонгуулийн 28 дугаар тойрог 3 мандаттай/:
Сонгинохайрханд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Д.Тэрбишдагва нар нэр дэвшихээр яригдаж байгаа. Харин Д.Ундармаа гишүүний тухайд “Капитал” банкны асуудлаар улс төрийн карьераараа өндөрлөж байна.
Хан-Уул /сонгуулийн 29 дүгээр тойрог, 3 мандаттай/:
МАН-аас энэ дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан нар нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болоод байгаа. Зарим эх сурвалж Ц.Нямдорж гишүүнийг өөр тойрогт нэр дэвших магадлалтай гэж байгаа ч энэ нь тийм ч баттай бус таамаглал.
Судалгаагаар 2019 оны 8 сараас хойш Засгийн газрын хэрэгжүүлсэн ажил ард түмэнд таалагдаж, У.Хүрэлсүхийн рейтэнг буурахгүй байгаа дүн гарсан байна лээ. Энэ нь 2008 оны С.Баярын Засгийн газрын рейтэнгийг давтаж байна гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр Засгийн газрын тэргүүний рейтэнг өндөр ч нэр дэвшигчид сул бол сонгуульд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ч ард түмэнд таалагдаж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн байр сууриа эрх баригч хүчний удирдагч нэгэнтээ мэдэгдсэн. Дээрх нэр дэвших магадлалтай эрхмүүдийн дийлэнх нь намын “хууччуул” байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчид тойргоо “усалж”, бодлого, шийдвэрээ хэрэгжүүлж ирсний илрэл гэж дүгнэх хэсэг ч байна. Ямартай ч нийслэлд эрх баригч хүчин “барьц алдахгүй” өрсөлдөх бэлтгэлээ хангаад байгаа аж.
Н.Энхлэн
Уншиж байна |