УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлээд байгаа. Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Гэхдээ Н.Номтойбаяр ХНХ-ын сайд байхдаа албан тушаалаа ашиглан хууль бус шийдвэр гаргасан, мөрдөн байцаалтын явцад нууц задруулж байгаа нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд тусгагдсан. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг нууцын зэрэглэлтэй учир хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр байгаа ч эрхэм гишүүн нээлттэй явуулж өгөх хүсэлтийг гаргаад байгаа.
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувь дэмжсэн шийдвэр гаргасан. Халдашгүй байдлын дэд хороог ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь байдаг. Өөрөөр хэлбэл, парламентад хамгийн олон удаа сонгогдсон, хамгийн туршлагатай түшээдээр Халдашгүй байдлын дэд хорооог ахлуулдаг. Тиймээс энэ дэд хорооны таван эрхмийн үг, шийдвэр аль ч парламентад “хууль” гэж болохоор.
Харин Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана.
Нөгөөтэйгүүр УИХ дахь АН-ын зөвлөлийн тухайд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалгуулахыг Ерөнхий прокурорын саналыг дэмжиж байгаа. Тэд Г.Батхүү агсны хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Учир нь Г.Батхүү агсны гэр бүлийнхэн энэ асуудлаар УИХ-д нээлттэй захидал хүргүүлээд байгаа.
Эрх баригч хүчин МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд тодорхой шийдвэрт өнөөг хүртэл хүрээгүй, цаг хожсоор байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүнийг “өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөөд шалгуул” гэсэн чиглэл өгсөн байна лээ. МАН-ын даргын шаардлагыг гишүүн хүлээж аваагүйгээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь ч нэгдмэл биш байгаа бололтой.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа энэ өдрүүдэд үнэмлэхүй олонхи 65-уулаа сонгогдсон эрх баригчид парламентын нэг суудлаа нөхөөгүй хоосноор ээлжит сонгуулийг угтаж байгаа. Үүнтэй зэрэгцээд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналд эрх баригчид дотроо түдгэлзсэн байр суурьтай байгаа нь дэд болон байнгын хорооны шийдвэрээс харагдаж байна.
Цаашлаад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй ч ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намын гишүүнчлэлээс нь чөлөөлнө гэсэн яриа гарсан. Улс төрийн хүчин гишүүнчлэлээсээ чөлөөлах үү, сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах уу гэдэг МАН-ын, тэр дундаа намын даргын бүрэн эрх. Харин хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй ч мөрдөн байцаалтын ажилд саад болсон үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал хүргүүлсэн Ерөнхий прокурорт ямар хариу өгөх нь парламентын, төрийн мэдлийнх. Энэ өнцгөөсөө эрх баригч хүчин парламентын гаднах намын даргын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үү, УИХ-ын хэмжээнд шийдвэрээ гаргах уу гэдгийг олон нийт ажиглаж байна.
Ямартай ч цаг хугацаатай асуудалд парламент энэ долоо хоногт шийдвэрээ гаргаад, прокурорт хариу өгнө.
Н.Энхлэн