Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д “хоригдох” болов. Хэдийгээр түүнийг шоронд хийгээгүй ч 10 хоногийн хугацаанд хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, Солонгост хорилоо. Учир нь тэр зүй бус авирласан. Д.Одбаяр нь Монгол төрийн өндөр албан тушаалтнуудын нэг. Тэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дараа орох эрх мэдэлтэн. Товчхондоо Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн дарга байгаа цагт түүнтэй хамт Монгол төр яваа гэсэн үг. Гэвч тэр монгол төрийн нэр нүүрийг гутаалаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гадаадад мөрийтэй тоглосон нь нотлогдсон хоёр албан тушаалтныг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасныг танилцуулав. Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар казино тоглож байсан нь тогтоогдсон учраас ажлаас нь халлаа. Монгол төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмээр төрийн албан хаагч та гадаад улсад зорчихдоо мөрийтэй тоглох, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхгүй байх үүргийг хүлээсэн. Харин энэ үүргээ уландаа гишгэсэн нөхдүүд эхнээсээ албанаасаа чөлөөлөгдлөө.
Энэ бүхэн ойрын өдрүүдэд өрнөсөн гуравхан жишээ. Үүний цаана монгол төрийн албаны нэр хүндийг гутаагчид хэдэн арваараа байгаа. УИХ-ын гишүүд нь хүртэл парламентын танхимдаа казино тоглож арчаагаа алдсан нэгнээ аварсан тухайгаа ярьж, хэрэлддэг шүү дээ.
Тэгэхээр манай улсын төрийн албанд хатуухан хууль хэрэгтэй байна. Гадаад, дотоодод монгол төрийн нэр хүндийг гутаасан, гэмт хэрэг хийсэн, хууль зөрчсөн нэгэнд хуулийн хатуухан хариуцлага хүлээлгэдэг. Хамгийн чухал нь дахин хэзээ ч төрийн албанд ойртуулахгүй байх зохицуулалт туйлын хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн, хууль зөрчсөн дарга төрийн нэг албанаас нөгөө алба руу шилждэг увайгүй гажиг тогтолцоог халаагүй цагт монгол төр цэвэрлэгдэхгүй.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагын “Бэлгийн дарамт үйлдсэнийг нь нотлохоор өөр байгууллагын даргаар томилчихдог” гэсэн гарчиг монгол төрийн албаны бодит үнэнийг шуудхан хэлээд өгнө.
Хүний эрхийн байгууллага гэмт үйлдэл хийснийг нь шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллага руу дарга болгоод явуулчихдаг гэнэ. Ингэж дэвшүүлэн зайлуулдаг эсвэл шилжүүлэн хаацайлдаг тогтолцоо монгол төрийг гутаасаар байгаа нь бодит үнэн.
Тиймээс л монгол төрийг цэвэрлэх боломж нь гэм үйлдсэн нэгнийг дахин төрийн албанд оруулахгүй байх хуулийн зохицуулалт хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн, ёсзүйгүй авирласан, хууль зөрчсөн бүхэн төрийн албанд нуугдах ёсгүй.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг Монголын төрд дахин хармаагүй байна.
Монголын хууль дүрмийг сахина, ёсзүйг баримтална гэсэн төрийн албаны тангаргаасаа няцаж, улсын нэр хүнд унагаасан тэдэнд өршөөл байхгүй. Хүн өөрийнхөө нэр нүүрийг бодохгүй байхад монгол төр тэднийг хайрлах үүрэгтэй гэж үү?!
Б.Энэрэл