-ОХУ-ын Тувагаас Хятад хүрэх экспортын төмөр замыг Монголоор дайруулан барих тухай ярилцжээ-
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол манай улсад чимээгүйхэн айлчилж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийгээд буцлаа.
Энэ айлчлалын өмнө оросын хэвлэлүүдэд тэрбээр мэдээлэл өгсөн байна. “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгджээ. Мөн уулзалтаар хоёр талын эрчим хүч нийлүүлэх хамтын ажиллагааны асуудлыг хөндөх аж. Саяно-Шушенскийн УЦС-аас эрчим хүч Монголын баруун бүсийн нутгуудад нийлүүлэх боломжтой гэдгийг тэрбээр тодруулжээ.
"Элегестийн нүүрсний ордыг Транссибирийн төмөр замтай холбох Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замын барилгыг РЖД компани нь энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Төмөр замыг 4-4.5 жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм. 2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газраас “Кызыл-Курагино” төмөр замыг концессоор байгуулах тухай зөвшөөрлийг баталсан. Засгийн газрыг төлөөлж захиалагчаар “Росжелдор”, концесс хэрэгжүүлэгчээр Лидер групп (47.5%), “Тувагийн эрчим хүчний корпораци” (47.5%) болон РЖД (5%) хамтарсан компани байх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын 15%-ийг концесс хэрэгжүүлэгчид өөрсдийн хөрөнгөөс, үлдсэн 85%-ийг хамтарсан компани зээлээр санхүүжүүлэх аж. Кызыл-Курагино төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжүүлэн Монголын нутагт шинээр баригдах төлөвлөгөөтэй Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбохоор Оросын тал сонирхолтой байгаа юм” хэвлэлүүд мэдээлжээ.
Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам барихаар төлөвлөж байсан ч Овоот төслөө эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхний арван жилд авто зам барих хувилбартай байгааг онцолсон юм. Уг төмөр замын шугам нь Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт ч тусгагдсан билээ.
Айлчлалын үеэрх уулзалтаар ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын “ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан. Энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа, тус асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн” талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албан мэдээнд дурджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр Зүүн хойд Азийн маршрутыг худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж, Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын магистралын ажлыг дуусгахыг зорьж байна. Энэ нь Оросын Холбооны Улсын зүүн хэсэгт орших Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл бөгөөд үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ гэдгийг онцолсон байдаг. Харин энэ хамтын ажиллагаа манайд хэр үр дүнтэй вэ? Үүний цаана хойд хөршийн сонирхол юунд чиглэж, яарч байгаа талаар манай ажиглагчид эртнээс танадаж, ирсэн таамаглал өнөөдөр бодит ажил хэрэг болоход ойртоод байна. Учир төмөр замын ажил нэгэнтээ эхэлж, ажлаа хурдасгахыг Оросууд яарч байхад, манай улс энэ төмөр зам тавигдсанаар харилцан ямар ашигтай байх техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан тооцсон уу?
Манай улс ч коксжих нүүрсний нөөц арвин, урд хөршийнхөө том зах зээлд ахиухан нийлүүлэх зорилго өвөрлөдөг. Бид хойд, урд хөршийг холбосон энэ төмөр замаар Тувад мах, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж, эрчим хүчийг хөнгөлөлттэй импортолж, цаашлаад урд хөрш рүү нүүрсээ их хэмжээгээр борлуулах зорилгодоо хүрч чадах уу, замын дунд "гацсаар" байх уу?
Э.Сонор