Манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилж буй. Тэрбээр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцох урилгатай яваа.
Энэ үеэрээ өчигдөр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ. Уулзалт найрсаг, нөхөрсөг болсон нь мэдээж байх. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийнхөө мэндчилгээг уламжилж, Шинзо Абэ ч чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол-Японы харилцаа найрсаг байжээ. Гэхдээ Японы Ерөнхий сайд манай Засгийн газрын тэргүүн нэгэн томоохон “бэлэг”-ийг барьжээ.
Шинзо Абэ “Монгол Улс мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна” гэжээ.
Үүнийг ойлгоход хэцүү биш. Манай улсын энэ сарын 18-нд морилон орсон “Саарал жагсаалт”-тай шууд холбоотой. ФАТФ-ын “саарал жагсаал”-д орсон Монгол Улстай болгоомжтой харилцах нь зүйтэй гэж япончууд үзэж. Хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа ч хамаагүй.
Манай улстөрчид, Монголбанк “саарал жагсаалт” бол нэр төдий зүйл, энд орсон нь сайн зүйл гэж түмний тархийг угааж буй. Тэгвэл эхнээсээ горыг нь амсаж эхэллээ, одоо юу гэж хэлэх вэ?
Эдийн засагчид “саарал жагсаалт”-д орсноор гадны хөрөнгө оруулагчид зайгаа барина гэдгийг сануулсан. Энэ сануулга Японоос эхэлж, биеллээ олж эхэллээ. Барилгын ажил нь дуусч, менежментийн төсөл нь эхэлж, өнөө маргаашгүй нээгдэхдээ тулсан шинэ нисэх буудлын ашглалтад дахиад л хойшлох нь, энэ янзаараа. Монголын улс төр, банк санхүүгийн салбар хүндрэлээ шийдсэний дараа иенээ өгнө гэдгээ Шинзо Абэ шулуухан хэлээд өглөө. “Саарал жагсаалт”-аас даруйхан гарахгүй л энэ мэт сануулга цааш үргэлжлэх нь мэдээж. Монголын эдийн засгийг тэжээж буй Олон улсын валютын сан ч бас нэгэн сануулгыг бэлдэж байгаа нь тодорхой. Япон шиг л дараагийн шатны санхүүжилтээ азнана гэхэд л У.Хүрэлсүхийн Засгийн газар, цаашлаад Монгол Улс эвгүйднэ.
Тэр үед газрын гаргасан бодлогынх нь үр дүнгээр иргэд нь амиа алдаж байхад ч “үхдэг л амь” хэмээн загнадаг. Олон улсын байгууллага саарал жагсаалтдаа оруулж, улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй орнуудын тоонд оруулаад байхад ч “бидэнд таатай нөхцөл байдал” гэж өөрсдийгөө өмөөрдөг Засгийн газрынхан юу гэхийг нь сонсох нь үнэндээ тоглоом биш шоглоом болсон байх биз. У.Хүрэлсүхийн Засгийн газар хэнэггүй, дээрэнгүй. Энэ зангаа дотооддоо гаргаж, номхон монголчуудыг дээрэлхэж болох ч гадаадад бол өчүүхэн гэдгийг нь Шинзо Абэгийн үг харууллаа.
Одооноос “саарал жагсаалт”-аас айж эхэлсэн нь дээр. Энэ зүгээр л зөвлөгөө, сануулга биш гэдгийг Японы хандлага харуулж байна.
Японы Төрийн ёслолд уригдсан Ерөнхий сайд маань томоохон сануулгатай буцаж ирэх нь тодорхой боллоо. Одоо түүнд баяр ёслол цог жавхаатай санагдаж буй болов уу?
Б.Энэрэл