Монголын улстөрчид увайгүй гэдгийг угаартсан долоон хүн амиараа харуулж байна. Гэртээ амиа алдсан тэдэнд харамсаж байгаа төр засаг ч, сайд, дарга ч алга. Төрийн тэргүүн нь эмгэнэл илэрхийлсэн нэрээр нүүрс нийлүүлсэн байгууллага руу дайрч, хувийн өсөө харууллаа. Харин сайд дарга нар үхсэний хохь гэж хэлж байна. Бүр хүн үхэж л байдаг, үхээ л биз, үхүүлж байж л энэ утааг чинь арилгана гэж хэлэх нь холгүй хүний амиар тавлаж сууна.
Сайжруулсан шахмал түлшинд хамгийн их хамааралтай хүмүүсийн нэг нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн. Түүний хариуцсан ажил. Гэтэл сайдтан хариуцлага гэдгийг мэддэггүй ажээ. Харин ч бүр хүн үхэж л байдаг, юундаа сүржигнэсэн юм хэмээн загнаж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс хариуцлага асуусан юм. Иргэд амиа алдлаа, та огцрох уу гэж. Хариуд нь Ц.Даваасүрэн сайд “Өмнө жилүүдэд хүн угаартаад байхад та яагаад дуугүй байгаад байсан юм бэ. Өнөөдөр олны анхаарал татаж байгаа нь сайн. Одоо бид иргэддээ анхаарч байна шдээ” хэмээн хүний амийг дэнчин болгов. Хүний амийг золиослон байж ард иргэдээ анхаардаг төртэй байгаа нь монголчуудын золгүй тавилан. Тэглээ гээд төрийн сайд иргэдийн амийг дэнчин болгон тавлаж суух нь ёсзүй мөн үү.
Өнгөрсөн жилүүдэд амиа алдсан хүмүүс өөрсдийн буруугаас болсон гэж орхиё. Тэгвэл энэ сард амиа алдсан долоон хүн төрийн, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаад хорвоог орхилоо. Тэгвэл яах вэ, Ц.Даваасүрэн сайд аа?!
Өчигдөр ч ялгаагүй Зариг.мн сайтын сэтгүүлчийн “Иргэд амь насаа алдаад байна?” гэсэн асуултад “утаатай байхыг хүслээ” хэмээн зад загнаж байх юм. Хэрвээ хүний ёсоор, улстөрчдийн ёсзүйгээр, төрийн сайдын зангарагаар бол амиа алдсан хүмүүсийн гэр бүлээс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлэх ёстой. Төрийн шийдвэрийн үр дагавараар эрүүл саруулаар, орон гэртээ хоносон хүн өглөө сэрээгүйд харамсах учиртай. Тэр Засгийн газрын өмнөөс иргэдээсээ уучлал хүсэх үүрэгтэй. Эрх нямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь ч бас үүрэх ёстой. Гэтэл хариуцлага асуусан бүхний өмнөөс уурлаж, биеэ өмөөрөөд зогсохгүй, иргэдийн амиар дэнчин хийж байна.
Япон улсыг хар салхи дайрч, олон хүн амиа алдлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнөөс Японы төр засгийнхан иргэдээсээ уучлал гуйж, бөхийж байна. Харин Монголын төрийнхөн гаргасан шийдвэрийнх нь үр дагавараар иргэд нь амиа алдаж байхад үхэж л байдаг амь гээд уурлаж, загнаж байна.
Аравдугаар сарын 03-наас хойш угаартсан иргэдийн дуудлага тасарсангүй. 300 гаруй иргэн тусламж хүслээ, долоон хүн амиа алдлаа. Энэ уучлал хүсэх, цаашлаад албан тушаалаасаа огцрох хангалттай шалтгаан биш үү?! Яагаад хүний амийг дэнчин болгож, хариуцлага нэхсэний төлөө уурлаж сууна вэ?, Ц.Даваасүрэн сайд аа!
Б.Энэрэл