УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны айл өрхөөр орж, шахмал түлшний хэрэглээтэй танилцжээ. Энэ тухай албан мэдээ http://parliament.mn сайтад тавигдсан. Энд иргэд шахмал түлшинд сайн дүн тавьсан тухай мэдээлжээ. Өөрөөр хэлбэл спикерийн хэвлэлийн алба зөвхөн сайхныг мэдээлжээ. Харин иргэн М.Майра саарыг нь УИХ-ын даргын нүүр рүү харж байгаад хэлж өгсөн.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Хүйтрэхээр яах бол?
Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн М.Майра : Харин...Зурагтаар зөндөө гарч байгаа. Төчнөөн хүн угаартлаа, төдөн хүн үхлээ л гэнэ. За, энэ өвөл нэг бол угаартаж үхнэ, нэг бол хөлдөж үхнэ гээд сууж байна.
Иргэн М.Майрагийн энэ үгний хариуд УИХ-ын дарга болоод албаныхан тачигнатал инээж байна. Мэдээж, паартай байшинд амьдардаг, утааны бүсээс хол дарга нарт энэ яриа инээдэм байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол гэр хороолол амьдарч байгаа иргэдийн бодит амьдрал, бодит айдас. Иргэдийн бодит амьдрал, амь дүйсэн айдас дарга нарт инээдэм байдаг байх нь.
Гэрт нь очиж суугаад үнэнийг сонсоод инээж буй хүмүүс Төрийн ордноос, паартай тансаг байшингаасаа гэр хорооллын иргэдийг тавлаж суудаг биз. Монголчуудын амьдрал сайжирдаггүйн, өнөөдрийг хүртэл утааны эсрэг, гэр хорооллыг барилгажуулах талаар төр засаг дорвитой ажил хийгээгүйг гайхах зүйлгүй. Сэтгэлгүй, зүтгэлгүй дүр эсгэгчид төрийг удирддаг учраас Монголын байдал ийм эмгэнэлтэй байгаа хэрэг. УИХ-ын дарга Г.Занданшатарынхаар бол инээдтэй.
Энэ аравдугаар сарын 03-наас эхлээд угаарын хийнд хордсон дуудлага тасраагүйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон 9 өрхийн 26 иргэн яаралтай түргэн тусламжид ханджээ. Тэдний 15 нь хүүхэд, 11 нь том хүн байв. 15 хүүхдийн нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг дөнгөж сая мэдээллээ. Хамгийн амар тайван байх ёстой газраа хүн хордож, бүр амь насаа алдаж байна. 12 хоногийн хугацаанд нийт 293 хүн угаарын хийнд хордож, долоон хүн амь насаа алдлаа. Энэ инээх зүйл биш. Гэртээ суугаад хөлдөж үхэхгүйн тулд гал түлсэн. Харин тэр гал угаартуулж алах хэмжээний аюултай. Энэ бол айдас хүйдэс.
Өнөөдөр (2019.10.14) өглөөний 06 цагийн байдлаар эмнэлэгт 5 том хүн, 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ямар ч өвчин зовиургүй байсан хүмүүс нэг л шөнө өвчтөн болон хувирчихлаа. Амь насаа алдахаас наагуур эрүүл мэндээ, ажил амьдралаа алдаад эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Энэ яавч инээдэм биш.
Нэг хэсэг нь Улаанбаатар утаагүй болсныг гайхаж байна. Өвөл эхлээгүй, цаана чинь чилийсэн гурван сар хүлээж байна. Хүнээ алаад ч хамаагүй утаагүй болгох гээд буй ажилд нь хангалттай дүн тавиад өгнө. Улаанбаатарыг утаагүй болгох ажлыг эсэргүүцсэнгүй. Гэхдээ иргэдээ элэг бүтэн амьдрах боломжоос хулгайлах хэрэггүй, хүний амины дайтай золиос байх ёсгүй. Дайн дажинд явсангүй, эрсдэлтэй замын хөдөлгөөнд оролцсонгүй. Өндөр барилга дээр амь дүйж ажилласангүй. Гэртээ унтах гэж хэвтээд л өглөө нь босохгүй, хорвоог орхичихлоо, зургаан хүн.
Харин энэ бүхэн төрийн өндөр албан тушаалтнуудад инээдэм болж буй нь жинхэнэ эмгэнэл. Хэзээнээс үхэл инээдтэй болсон юм бэ?!
Б.Энэрэл