Ирэх сонгуулийн чимээ оройтож, УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, УИХ-д горилогчид өөр өөрсдийн сценариа дэлгэж эхэллээ. Намрын чуулган эхлээд энэ нь улам ч эрчтэй өрнөж байна.
“Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг” нь үнэн. Тиймээс ч албан тасалгаа, албан тушаалаа авч улдэх сонголтын төлөө улстөрчид цонхны цаанаас чихэр долоолгох ажилдаа орлоо. Д.Оюунхорол нарын гишүүдийн өргөн барьсан энэ хуулийн төсөлд “Итгэлийн зээл эхний ээлжинд 200-300 тэрбумын санхүүжилттэй байх ба энэ нь Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88.0 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая төгрөг хүртэлх зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэнэ гэжээ.
ЖДҮХС-гийн урт хугацааны, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, хамаарал бүхий компанидаа авсан түшээд энэ парламентад байгаа. Жирийн иргэдийн хувьд ЖҮДХС-гийн дээрх зээлийг л хүүгүй зээл гэж үзэн, хөөцөлдөөд авч чаддаггүй, өндөр босготойг мэднэ. Энэ өндөр босго нь улс төрийн өндөр албан тушаалтанд нээлттэй байдгийг мэдэж авсан нь сайшаалтай. ЖДҮХС-гийн зээл УИХ-ын гишүүдэд хүрснийг мэдээд бухимдсан олонд дараагийн “Итгэлийн зээл” гэгч “ард түмэн та бүхэн илүү сайн хөдөлмөрлөж, татвараа тушаавал дараа жил хүүгүй зээл авч үзүүлнэ шүү, бид” гэж тохуурсан аятай л сонсогдсоныг улстөрчид мэдмээрсэн. Гэвч улстөрчид нийгмийг тольдох бус тойрон хүрээлэгчдэдээ ваакумжуулсан байдгийг яалтай.
Саяхан Ц.Гарамжав нарын гишүүд зарим тэтгэврийг нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа. Энэ нь зах зээлийн нийгэмд шилжих үед олон хүүхэдтэй гэдгээр эрт тэтгэвэрт гарсан эхчүүдэд хамаарах юм. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал эхчүүдэд төдийгүй амьжиргаанд нь нэмэртэй. Харамсалтай нь УИХ-аар батлах эсэх нь эргэлзээтэй. Ирэх оны төсвөөс өмнө хэлэлцэгдэн батлагдахгүй бол төсөл хэвээрээ дарагдана. Учир нь энэ парламент улсын төсөвт тодотгол хийхгүй гэсэн зарчим барьж байгаа. Сонгуулийн жил өөрсдийн эрх ашиг нь хөндөгдөхгүй л бол төсөвт гар хүрэхгүй. Цаашдаа ч УИХ-ын гишүүд сонгогчдодоо амласан амлалтаа биелүүлэхээр мөрөөдлийн төслөө үргэлжлүүлэн барьсаар байх болно.
Үүнтэй зэрэгцээд улс төрийн хүчнүүд мөн л үйл ажиллагаа эрчимжүүлж эхэллээ. УИХ дахь гурав дахь хүчний төлөөлөл МАХН ирэх сонгуулиар парламентад олонх болвол орон сууцыг үнэгүй олгон” гээд бүртгэл ч явуулаад эхэллээ. МАХН болон бусад улс төрийн хүчнүүдтэй хамтарсан Шинэ дээд Үндсэн хуулийн төсөлд энэ талаар тусгасан байдаг. Орон сууцаар зогсохгүй их, дээд сургууль, эмнэлэгт үнэгүй үйлчлүүлэх талаар заасан МАХН-ын энэ төсөл социалист нийгмийг эргэн сануулдаг. Хүний амьдрах орон сууц, сурч боловсрох, эмчлүүлэх бүх зүйл соц нийгэмд л үнэгүй байсан. Гэхдээ манай улс шинэ Үндсэн хуулиа батлаад, өнгөрсөн 30 жилд парламентын засаглалтай, ардчилсан, хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулахаар зүтгэж ирсэн. Хэрвээ МАХН-ын амлалтуудыг хэрэгжүүлэхийг хүсвэл тэдний боловсруулсан шинэ дээд Үндсэн хуулийг батлалцах хэрэгтэй болно биз дээ. Өнөөдөр Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах гэж гацаж, гарцгүй болж байхад, юун шинэ дээд Үндсэн хууль вэ?
Нийгэм өнөөдөр бухимдалтай, айдастай байна. Үүнийг өнөөдрийн сайжруулсан түлшээр жишээлэхэд хангалттай. Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсийг нийслэлд оруулж ирэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын 220 мянган айл өрхөд нийлүүлэх тогтоол энэ намраас хэрэгжиж эхэлсэн. Уг нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй арга хэмжээ болно гэж мэргэжилнтүүд ярьж байгаа. Гэвч сайжруулсан түлшний угаарт иргэд хордож, зургаан хүн амиа алдаж, цаашид хэрхэх талаар төр, засгийн шийдвэрийг олон нийт хүлээсээр байна. Өнгөрсөн шөнө хордлогын 13 дуудлага ирж, өмнөх өдрөөс 50 хувь багаслаа гэсэн таатай мэдээлэлтэй өглөөг угтлаа. Өнгөрсөн шөнө нийслэлд +1 хэмийн дулаантай байсан. Тиймээс Гэхдээ сайжруулсан түлшийг хэрэглэхээс сэрэмжилж гэр хорооллын хичнээн айл галлагаагүй хоносныг тооцох хэрэгтэй. Хэн амиа алдахыг хүсэх билээ. Тэгээд ч одоо дөнгөж намрын дунд сарын эхэн үе. Харин идэр есийн хүйтэн өдрүүдэд хаяанд ирээд байна. Маргаашнаас шөнөдөө хүйтний эрч нэмэгдэхээр байгаа. Холбогдох байгууллагаас ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр сайжруулсан түлшнийг хэрхэн түлэх талаар зөвлөгөөг хийж байна. Сайжруулсан түлшний асуудлаа төр, засаг шуурхай шийдэж, нийслэлчүүдийг айдасгүй болгоосой.
Өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт үргэлжилж, өрхийн төсөв хумигдаж, сургууль, цэцэрлэгийн багтааж хүрэлцээгүй хэвээр, нийслэлд нийтийн тээвэр хомсдохын зэрэгцээ түгжрэлийн хугацаа уртасч, хичээлийн шинэ жил эхлээд нэг сар өнгөрч байхад сурагчид сурах бичиггүй уягдсан өдрүүд үргэлжилж байна. Сурах бичиггүй сурагчдыг яаж хичээлдээ анхаар, сайн сур гэж зөвлөмж, зэмлэх вэ гэж эхчүүд бухимдаж байна. Эдийн засгийн өсөлт цаасан дээр хөөсөрснийг онцлоод, хөрсөн дээр хэзээ буухыг эрх баригчдаас асуугаад ч нэмэргүй.
Ийнхүү нийгэмд айдас, бухимдал үнэмлэхүй давуу нүүрлэсэн энэ үед хүүгүй зээл, тэтгэвэр нэмэх, үнэгүй орон сууц гээд чихэнд хүрэх үгсийг сонгож улс төрөө үргэлжлүүлж байна. Үүнийг чихэнд чимэгтэй үгсийн цуглуулга гэхээс өөрөөр хэрэгжинэ гэж мөрөөдөлт ч үгүй. Үүний оронд амьдралаа бодож, амьжиргаагаа дээшлүүлэхээр хувь хувьдаа зүтгэх нь бидэнд өлзийтэй.
Н.Энхлэн