Засгийн газар сонгуулийн жилийн төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцжээ.
УИХ-ын ээлжит сонгуулийн жил эрх баригчид улсын дансыг сэгсэрч, нийгмийн халамжийн чиглэлд мөнгө цацдаг уламжлалтай. Энэ удаад ч уламжлалын дагуу давтагдах нь.
Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн чухал төсөл арга хэмжээг тусгажээ. Өнөөдрийн тухайд боловсролын салбарт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй, сургуулиас түрээсэлдэг сурах бичиг нь хүрэлцэхгүй, гадуур номын худалдаачдаас эцэг эхчүүд зах зээлийн ханшаар хуучин сурах бичиг худалдан авч өгч байгаа нь үнэн. Харин энэ байдал ирэх жил арилж, тэр байтугай боловсролын эрэлт, нийлүүлэлтийг зохистой хангах чанартай боловсролын тогтолцоог төрөөс дэмжих юм байна. Тухайлбал улсын төсвийн төсөлд МСҮТ-д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэж, 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоол, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг 50 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүр авч чадахгүй, эмнэлгийн ор, багаж төхөөрөмж хүрэлцэхгүйгээс дугаарласан ч хасагдах, хэдэн сараар хүлээгдэх асуудалтай өдөр бүр тулгардаг. Харин ирэх онд эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болох нөхцөлийг бүрдүүлж санхүүжилтийн ялгавартай байдлыг арилгах гэнэ. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож, нэмэгдүүлж, иргэн амбулаторийн оношилгоо, хөнгөлөлттэй эм, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг нэг дор цогц байдлаар авах боломжийг бий болгох аж. Төрийн өмчийн эмнэлгүүд үзүүлсэн тусламж үйлчилгээний тоо хэмжээ, чанарт тохирсон санхүүжилт авч, төсвийн менежментээ бие даан хэрэгжүүлэх юм байна.
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, эхчүүд, ахмад настан болон төрийн албан хаагчдын бодит орлогыг хүссэн ч эс хүссэн ч нэмэгдүүлэхээс гарцгүй үе бол сонгуулийн жил. Тиймээс ч 2020 онд:
Цаашлаад төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхээр 160 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Ингэснээр багш нарын сарын дундаж цалин өнгөрсөн жил шаардаад байсан 1,5 саяд нь хүрэх тооцоо гарчээ. Ямартай ч багш нарын ирэх онд санасандаа хүрсэн цалингаа авах нь. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олны талархал хүлээсэн сайшаалтай арга хэмжээ нь яах аргагүй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ жил 4.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол ирэх жил 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр 5.3 тэрбум төгрөгийг нэмж тусгажээ.
УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд 43 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих урамшуулалд нийтдээ 66.6 тэрбумыг төсөвлөжээ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих урамшууллын төсөв жил бүр нэмэгдсээр ирсэн. Тухайлбал улаанбуудайн урамшуулал энэ оныхоос 10 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэвч өнөөдрийн тухайд гурилын үнэ нэмэгдэх магадлалтай гэсэн дохио байгаа. Өнгөрсөн жил мах экспорлох эрх авсан компаниуд махааа нөөцлөөгүйгээс худалдаандаас бараагаа татсан. Энэ нь эргээд иргэдэд сөргөөр тусч, махны ханш тэнгэрт хадаад байгаа. Харин ирэх жил мах 20 мянган тонн мах нөөцлөхөөр 9.2 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ.
Ирэх оны төсвийн төслөөс харахад гурван жил хүлээсэн эдийн засгийн мэдрэгдээгүй өсөлтийг ирэх жил сонгууль хүртэл хугацаанд түр болов мэдрэх төлөвтэй. Манай эдийн засаг, санхүү ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсээр ирсэн. Тиймээс ч төсвийн сахилга батыг сахиж, нийгмийн халамжийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай зөвшилцөнө гэсэн зарчмыг Сангийн яам баримталдаг. Магадгүй, ирэх жилийн төсөвт нийгмийн үйлчилгээний дээрх арга хэмжээг тусгахдаа ч ОУВС-тай зөвшилцсөн гэж найдна. Гэхдээ зөвшөөрсөн эсэхэд эргэлзмээр.
Ер нь олон улсын байгууллага ирэх жил манай улсын эдийн засгийг хүндхэн байх төлөвтэй гэсэн урьдчилсан таамаглалаа дэвшүүлээд байгаа. Харин Засгийн газраас боловсруулсан улсын төсвийг харахаар харин ч эдийн засгийн өсөлт иргэддээ мэдрэгдэхээр эерэг харагдаж байна.
УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэхэд зарлага нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Учир нь гишүүд тойрог тойрогтоо өнгөрсөн хугацаанд амласнаа хэрэгжүүлэх эцсийн боломж нь энэ удаагийн улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг.
Тэгээд ч сонгуулийн жил эдийн засаг солонгордог нь юутай үнэн.
Н.Энхбат