НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар төлөөлөгчдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл цацагдлаа. Гэхдээ энэ мэдээ шинэ биш. Учир нь төлөөлөгч Ж.Батсайхан өнгөрсөн зургаадугаар сард ч НИТХ-ын хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргыг огцруулах тухай санал гаргаж байв. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан албан тушаалын төлөө томилогдсон хүн. Гэтэл Засаг дарга болсноосоо хойш нийслэлд хийж, хэрэгжүүлсэн, нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн ажил огт байхгүй. Дүр эсгэсэн хэлбэр төдий, бусдын санаачилсан ажлуудыг хийсэн мэт дүр эсгэж байна.
Түүний оронд төрийн мэргэшсэн албан хаагчдыг хууль зүйн үндэслэлгүй халж, хувийн компанидаа халаа, сэлгээ хийж байгаа мэт аашилж байгаа нь ноцтой алдаа юм. Мөн дөрвөн орлогчийг зургаа болгосон, өөрийнхөө Засаг даргаар томилоход дэмжсэн хүмүүсийг орлогчоор томилсон, өөрийг тань шүүмжилсэн хүмүүсийг гүтгэж, гутаан доромжилж байгаа тань үнэн. Нийслэлийн иргэдийн эрх ашгаас илүү хувийн эрх ашгаа урьтал болгодог” гэсэн үндэслэлийг гаргаж тавьж байв. Тэрбээр энэ үндэслэлээр хотын дарга С.Амарсайханыг огцруулахын төлөө эцсээ хүртэл тэмцэхээ ч илэрхийлсэн. Харин одоо тэр эцсийг үзэхээр төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бололтой.
Нийслэлийн төлөөлөгчид бас хотын удирдлагууд “Улаанбаатар гэх их айл” хэмээн ярих дуртай. Харин энэ их айлд нь “эцэг” тогтохгүй бололтой. Сонгуулийн дөрвөн жилд хэдэн даргын нүүр үзэх ёстойг тааварлах боломжгүй болох нь.
2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хотын дарга С.Батболдыг томилж байв. Хотын гал тогооноос бус гаднаас томилогдсон дарга удаан тогтоогүй. Тэр 2018 оны 11 дүгээр сарын 27-нд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөөд явсан. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг шахсан. Ажлаа хийж чадаагүй учраас огцруул гэсэн албан бичгийг НИТХ-ын тухайн үеийн дарга С.Амарсайханд хаяглаж байв. Эрх баригч намын хуваагдал, үл ойлголцлоос үүдэн Улаанбаатар хот нэг сонгуулийн хугацаанд хоёр дахь даргынхаа нүүрийг үзсэн нь энэ.
С.Батболдын дараа өнөөгийн дарга С.Амарсайхан хотыг удирдахаар болов. Энэ бол 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр. Өнөөдрөөс яг долоон сарын өмнө гэсэн үг. Долоон сарын хугацаанд хийсэн ажилдаа тэр муу гэсэн үнэлгээ авчээ. Тиймдээ ч өнөөдөр огцруулах тухай яригдаж буй. Мөн л МАН дотроосоо.
Улаанбаатар хотыг улстөржүүлэх хэрэггүй, энэ бол ахуйн ажил гэж нийслэлийг удирдаж байсан үе үеийн дарга нар хэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ битүү улс төр явагддагийг даргын томилгооноос эхлээд огцруулах шат хүртэлх бүхий л үйл явц харуулдаг. Нэгэнт улс төрийн томилгоотой дарга шахалт болон дэмжлэгийг хамтад нь авна. Дэмжлэг авсан хэрээрээ шахалтыг ч мэдэрнэ. Нэг үгээр хэлбэл томилсон даргын дургүй хүрсэн бол огцрох нь тодорхой. Улс төрийн акц өрнөж байх энэ хугацаанд огцорч, огцруулах гэж байгаа дарга биш нийслэлчүүд хохирдог.
Мөдхөн утааны улирал ирлээ, замын халтиргаа гулгаа эхэллээ. Нийслэлд шийдэх асуудал, хийх ажил мундахгүй олон. Сандал ширээний хэрүүл хийх хугацаа үгүй, угаас 2020 оны сонгууль болоход үсрээд л есөн сар дутуу байна. Иймхэн хугацаанд огцорч, огцруулах жүжиг тавих нь С.Амарсайханд ч, Ж.Батсайханд ч сайн нэр нүүрийг авчрахгүй. Шинэ дарга томиллоо гэхэд сонгууль хүрэх есөн сарын хугацаанд тэр юу хийх вэ. Ажилтайгаа танилцаж, халаа сэлгээ хийж байтал хугацаа нь дуусчихна. Тэгэхээр үлдсэн есөн сарын хугацааг С.Амарсайханд үлдээх нь алдах юмгүй. Түүнд сэтгэл зүтгэл байгаа бол эхэлсэн ажлаа дуусгаг. Харин үгүй бол нийслэлчүүд түүнийг үнэлээд явуулна. Сонгууль ч хаяанд ирсэн байна.
Б.Энэрэл