Төрийн албан хаагчийн оймсноос авлигын боодол 100-тын ам.доллар гарч, албан тасалгааны паар, диваны ар талд мөнгөн дэвсгэртүүд чихрийн цаас мэт хөглөрч, төрийн эрх баригчдын хүрээнд “60 тэрбум, ЖДҮ-чид тэрбум тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан нь цаасан дээр хараар бичиг тамгалдсан, эдийн засгийн хямралтай улсын иргэд банкны зээл төлж, амьжиргаагаа тэжээхээр өдөр бүр зүтгэх явцдаа дээрх кино мэт амьдралыг харж, шүүмжилсэн цаг үед бид амьдарч байна.
АТГ-аас олон нийтэд тараасан МХЕГ-ын байцаагч нарын дүрс бичлэг тухайн өдрийн газар дээрх халуун үйл явдал бус шийдвэрлэгдэж, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хүчингүй болсон “хэрэг” байлаа. Эдийн засгийн хямрал, хүрэлцээгүй цалин, хэрэглээний зээлэндээ дарагдсан нийгмийн бухимдал дээр шар тос нэмж, төрийн албаны нэр хүндийг улам дордуулсан уг дүрс бичлэгтэй холбогдуулан хэргийг сэргээн шалгах үүрэг өгөөд байгаа. Нэгэнтээ авлигын хэргийг сэргээсэн нэрийдлээр нийгмийн бухимдлыг түр намжаана гэж эрх баригчид тооцсон байх. Тэдний тооцоолсноор нийгмийн бухимдал түр намжсан ч хавтаст хэрэг үүсгэн дарж, хугацаа хожих хуулийнхны башир аргыг олон нийт мэдэхтэйгээ байгаа.
Нөгөөтэйгүүр сөрөг хүчин эрх баригчдаас “ЖДҮ”-чид, “60 тэрбум”-ынхтайгаа хариуцлага тооц гэж шаардсаар ирсэн. УИХ-ыг тараах асуудал сөхөгдөж байгаа энэ үед АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ тарах үндэслэл нь "60 тэрбумын асуудал", "Жидүүчдийн хулгай" юм бол эхлээд тэр хүмүүстээ хуулийн хариуцлага хүлээлгэж, тохирох шийтгэлийг нь оноох ёстой! Дараа нь, УИХ оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсныг зарласнаар тарах үйл явц өрнөх ёстой!” гэсэн байр сууриа ч илэрхийлсэн. Нэгэнтээ энэ парламент ч авлигачин гэдгийг нотлох үндэслэл нь мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан нь цаасан дээр тодорхойлогдоогүй ч албан тушаалаар далайлгасан авлигын нэг хэлбэр байлтай. Энэчлэн хүрээний бузар булайг дэлгээд байвал далай далай гэж Итгэлтийн хэлдэгдчлэн төрийнхний авлигын хэргийг яриад байвал гүйцэгдэхгүй.
Харин саяхан нэр бүхий гишүүд Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд “Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилго”-той гээд үндэслэлээ лут лоозогносон байна. “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Урамшуулалд улсын төсвөөс нэмэгдэл зардал гарахгүй бөгөөд улсын орлого болгон хураасан хөрөнгөөс санхүүжүүлэх юм байна. Авлига өгөлцаж, авалцаж байгаа этгээдүүд гэрчтэй солилцоно ч гэж юу байх вэ. Тэгээд ч манай нийгэмд мэдээлэгчийн талаарх нууцлал, хамгаалалт сул. Тиймээс энэ хуулийн төсөл цаасан дээр л батлагдан хэрэгжсэнээр төрийн авлига зогсоно гэх итгэл үл төрнө. "10 хувь"-ийн төлөө мэдээлэгч нэмэгдэж, авлига зогсоно гэвэл бүүр эндүүрэл.
“Авлига бүү өг, бүү ав” гэдэг уриаг төрийн албан хаагчаасаа эхлээд удирдах түвшнийхэн мөрдсөн цагт авлига буурна. Түүнээс хуульгүйдээ авлигын сүлжээ үүсээд байгаа бус. Асуудлын гол нь төрийн ажлыг хувийн эрх ашгийн үүднээс хэрэгжүүлдэг л байгаа.
Тэгээд ч сонгуулийн жил дөхсөн энэ үед УИХ-ын гишүүд гоё гоё нэртэй хуулийн төслийг хэдэнтээ өргөн барих биз ээ.
Н.Энхлэн