Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад өгдөг “Үдийн цай” асуудал дагуулсаар олон жилийн үдлээ. Сурагчид “Үдийн цай”-наасаа хордлого авлаа гэх мэдээлэл улиг болж, байх л ёстой үзэгдэл мэт хандсаар цөөнгүй жилийг үдэв. “Үдийн цай” гэх сүржин нэртэй даржин хэрэгжилттэй хөтөлбөр хичнээн олон хүүхдэд ходоодны архаг өвчлөл үлдээж байгааг хэлэх боломжгүй. Өвтгөж байгаа нь л үнэн.
Энэ жилийн хичээлийн шинэ жил ч сурагчдын хоолны хордлогоор эхэллээ. "Уудам Монгол" эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлого авлаа. Тэднээс 14 сурагч нь ХӨСҮТ -д хэвтэж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. Тухайн сургуулийн сурагчдын хоолыг нийлүүлдэг “Рааш булаг” ХХК-ийн “The fountain” ресторан хоолыг хуванцар саванд хийж, зориулалтын бус суудлын машинаар 40-50 минут тээвэрлэж хүргэдэг нь тогтоогдсон байна.
Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар 16 сурагч үдийн цайнаасаа хорлого авсан нь илэрч, эмнэлэгт ханджээ. Зөөврийн усыг хоол хүнсэндээ хэрэглэсэн нь хордлогын шалтгаан болсон байж болзошгүй хэмээн мэргэжлийн байгууллага үзэж буй.
Мөн хичээлийн эхний долоо хоногт 84 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлэгч “Коко десерт” ХХК барилгын материалын саванд тараг тээвэрлэж байсан нь илэрсэн. Лабораторийн шинжилгээгээр тухайн сав болон тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэнийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Хүүхэд хордлого аваагүй ч халдвар үүсгэгч илэрсэн нь хамгийн том аюул.
Сурагчдын “Үдийн цай”-ны төсөв 600 төгрөг. Аяганы тал хар цай, ганц хазам кекс. Эсвэл ганц хоолны халбага сүүтэй будаа, үгүй бол балга тараг. Хүүхдийг цатгаж гийгүүлсэн зүйл үгүй. Гэтэл тэр 600 төгрөгийн үнэтэй балгахан хүнс нь хоол биш хор болж байгааг энэ мэт жишээнээс бэлээхэн харж болно.
УИХ-ын баталсан Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох хууль 2021 оноос хэрэгжинэ. Тэр хуулиар сургууль бүр хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүхий гал тогоотой болох ёстой. Хэрвээ энэ хууль зүй ёсоор хэрэгжвэл сурагчид хоол гэх хор идэж, сургууль дээрээ хордохгүй нөхцөл бүрдэж магад. Тэр болтол “Үдийн цай” хөтөлбөр өнөөгийн үлгэн салган байдлаар хэрэгжиж, хоол нэртэй хорыг хүүхдүүдэд өгсөөр байх нь.
Сургуулийн захирал, сургалтын менежерийн танил тал, эсвэл ашигтай санал тавьсан нэгэнд сурагчдын “Үдийн цай”-г атгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаггүй байдал олон олон хүүхдийг дотор эрхтний суурь өвчтэй болгох аюулыг дагуулж байна.
Хордсон хүүхдээ тоолж суух бус БСШУСЯ, мэргэжлийн хяналтын байгууллага “Үдийн цай”-нд онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхдийн ходоод хогийн сав биш.
Б.Энэрэл