Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үргэлжилж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотой 90 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм.
Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн төслийг хамтатган хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг 15 удаа хуралдаж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ойлголцолд хүрэв бололтой. Гэхдээ энэ нь “64-ийн бүдүүн бүлэг” Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд бүхэлдээ санал нэгдсэн гэсэн үг биш. Эсрэг байр суурьтай гишүүд фракц, бүлэглэлээрээ хуваагдсан хэвээр байгаа.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалт тусгасан. Үүнээс эрх баригчид УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил байхыг дэмжиж, харин гишүүдийн тоог 99 байхаар сонгожээ. Харин сөрөг хүчин АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тиймээс ч УИХ-ын гишүүдийн тоог 108 байх Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж байна лээ. Харин Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төслөө бүхэлд нь дэмжүүлнэ гэсэн улс төрийн шахалт хийж, гүрийж байгаа сурагтай.
Төрий байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс татах үндэслэл болно” гэж өөрчлөх Ажлын хэсэг болон АН-ын саналыг гишүүдийн олонх дэмжсэн байнха. Мөн ““Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэж АН-ын зөвлөлийн саналыг тусган өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтттйн хүрээнд дэх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалт явуулжээ. Тухайлбал, “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэсэн дэмжигдсэн байна. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн, “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг , нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажилын төрлөөр данган байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж, мөн төслийн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжжээ.
Харин “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн” гэсэн зарчмын зөрүүтэй саналд МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр түр хойшлуулахаар болжээ.
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлэн хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж дуусгаснаар чуулганы хуралдаанд орох юм.
Н.Энхлэн