Хэдэн жилийн өмнө нэгэн албан хаагч өөрийн усанд автсан гэрээ орхиод, гамшгийн дуудлагад гарч байсан. Ингэж л бусдын зовлонтой өөрийн юм шиг тэмцдэг эгэл, эрхэм хүмүүс бол аврагчид.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.
Тэрбээр Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан долоо дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат юм. Өмнө нь 2018.12.28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан билээ.
Ахлах дэслэгч Х.Мөнхбат 2008 оноос хойш 11 жил Онцгой байдлын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй. Зэвсэгт хүчний анги салбарт ажиллаж явсан түүнд онцгой байдлын албанд ажиллах саналыг анх танил ах нь тавьснаар энэ албатай амьдралын зам мөрөө холбожээ.
Тэрбээр 2011 онд “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон.
Амь өрссөн энэ ажиллагааны тухай Х.Мөнхбат “Хоёр жолоочийн нэг нь амиа алдсан байсан. Түүнийг 47 метрийн гүнээс гаргах нь миний үүрэг байлаа. Нүүр нүдгүй цасаар шуурсан, 30-40 градусын хүйтэн өдрүүд байсан. Бид 40-50 метрийн зузаан мөс цоолж, цооног гаргаад, шумбаж эхэлсэн. Тухайн үед бидний хүчилтөрөгчийн зуултуур зуных байсан учраас 15-20 метрийн гүнд шумбахад л хөлдөж, амьсгалах аргагүй болсон. Би гурван өдрийн хугацаанд найман удаа шумбасан ч үүргээ гүйцэтгэж чадаагүй. Харин ес дэх удаагийн оролдлогоор машинд нэлээд ойртол хүчилтөрөгчийн зуултуур дахиад хөлдчихөв.
Буцалтгүй нэрвэгдэгчийн /амь эрсэдсэн иргэн/ ар гэрийнхэн, НИК компанийнхан, манай хамт олон гээд бүгд хүлээж байгаа. Бүгд л даарч, хөрч, ядарч буй. Би л хурдан гаргахгүй бол болохгүй гэсэн бодол төрж зуултуур хөлдсөн ч тэр чигтээ шумбачихсан. Өөд болоод гурав хоночихсон учраас буцалтгүй нэрвэгдэгчийн хоёр гар нь машинаас барьсан чигтээ хөшчихсөн байсан тул нэлээд цаг алдуулсан. Арай ядан гарыг нь тавиулж, олсоор уяад, өөрөө дээшээ зүтгэлээ. Гэтэл хэсэгхэн зуур азотын хордлогод орж, ухаан балартсан юм шиг байна лээ. Тухайн үед үхэлтэй нүүр тулгарсан. Ухаан балартаж, байдал эвгүйдсэнийг мэдэх үед өнгөрсөн амьдрал, дурсамжууд, хүүхдүүд минь нүдэнд үзэгддэг юм билээ. Цооногийн дээрээс хоёр охин минь “Ааваа гараад ир, хурдлаарай” гэх шиг болоод гэнэт ухаан орсон” хэмээн ярьсан.
Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэний амь насыг авран хамгаалсан зэрэг аврах ажиллагаануудад амжилттай үүрэг гүйцэтгэн ажиллаж байжээ.
Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрж, өссөн. Түүний хүүхэд нас нутгийн хүүхдүүдийн адил Дэлгэр мөрний хөвөөнд өнгөрчээ. “Хүүхэд байхад бусдын л адил сэлж, гүйж харайж өнгөрөөдөг байсан нь усчин-аврагч болоход нөлөөлсөн гэж боддог” хэмээсэн юм.
Х.Мөнхбат баяр наадмын өмнөхөн Хөвсгөлөөс Улаанбаатар хотыг зорин ирж “гавьяат”-ын тэмдгээ зүүгээд нутаг буцсан. Шинэхэн гавьяатаа ОБЕГ-ууд угтан авч хүндэтгэл үзүүлсэн. Дараа нь тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн удирдлага, мөрдэс нэгт нөхөд нь гавьяатаа халуун дотноор угтан авч баяр хүргэсэн байна.
Удалгүй Улсын баяр наадам болж “Хэнтий аймгаас шинэхэн аварга төрлөө” хэмээн ёстой гол усаар л найр наадам болж байна. Түрүү бөхөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol Y62” автомашины түлхүүр гардуулан өгөв. Дараа нь нутагтаа очиход нь хан Хэнтийнхэн баяр наадам болон угтаж нутгийн зөвлөлөөс шинэхэн аваргадаа монголдоо л хамгийн тансагт тооцогдох “King tower” хотхонд таван өрөө байр бэлэглэжээ. Э.Оюунболд 512 бөхөөс ес даван түрүүлж аргагүй хүчтэн гэдгээ баталж чадсан тул гавьяа шагнал хүртэх эрхтэй. Баяр хүргэе. Бахархаж байна.
Тэгвэл Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатын хувьд Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Манайхан монгол бөхийн цагаан хийморь хэмээн сүсэглэж түрүүлсэн бөхийг түмнээс дээгүүр өргөмжилж эд хөрөнгө, эрх мэдэл “амалдаг” уламжлал тогтсон. Тэгвэл бид хүний төлөө хийсэн үйлийг нь хүндэлж аврагчдынхаа амьдрал ахуйд санаа тавихад буруу нь үгүй л дээ. Гэхдээ тэр үүнийг хүсээгүй гэдгийг онцлох нь зөв. Хэзээд хүний төлөө бүтээсэн гавьяандаа шагнал хүсдэггүй нь онцгойгийн алба хаагчдын эрхэмлэж явдаг үнэт зүйл. Тэрбээр өдгөө нутагтаа ажлаа хийгээд даруухан хөдөлмөрлөж яваа.
2017 онд буюу Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Цэдэвийн Содномдорж ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ.
Улсын арслан Цэдэвийн Содномдоржийн цолны мялаалгын наадам /2017.07.27/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Улсын арслан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэн “аархаж” байлаа. Уг хөөрөг нь хувилгаан ринбүчи Гүрдаваагаас уламжлагдан ирсэн авшигтай эдлэл аж. Иймд ерөөл бэлэгдэн гардуулж буйгаа УИХ-ын Л.Энх-Амгалан хэлж байв.
Түүнчлэн Улсын арслан Ц.Содномдоржид аймаг орон нутгийн зүгээс 30 сая, Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөлөөс 33 сая төгрөг тус тус бэлэглэж байсан. Мөн “Монос” группээс 4 өрөө орон сууц, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээнээс хүндэтгэл үзүүлж “Lexus 570” маркийн автомашин бэлэглэж, цолыг нь мялаасан юм.
Тэгвэл Хөвсгөлийнхөн энэ удаад бусдын төлөө амь бие үл хайрлах тангарагтаа үнэнчээр зүтгэж аврагчдаас төрсөн хоёр дахь гавьяат эгэл аврагч хүүгээрээ хэрхэн бахархаж, бардамнах бол?
Г.Сүрэн