Гадаад улсын хэвлэлүүд “Монгол Улс тэмбүү өвчинтэй дайн зарлалаа” хэмээн мэдээлж эхлэв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн үгнээс иш татан, англи, хятад хэлтэй мэдээллийн сувгууд Монголын тэмбүүний талаар мэдээлж байна. Мөн аяллын компаниуд ч жуулчид манай улсыг зорих тасалбараа цуцалж эхэлсэн тухай мэр сэр ярьж эхэллээ. Тэгэхээр Эрүүл мэндийн сайд, салбарын мэргэжилтнүүдтэйгээ уриа лоозон барьж хийсэн хэвлэлийн бага хурал гавьяа байгуулах бус гай тарих үйлдэл болсон нь илт байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн салбар бүхэлдээ өнөөдрөөс эхлэн бэлгийн замаар дамжих халдвар тэр дундаа тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна” хэмээн сүржин мэдээлсэн нь Монголыг энэ өвчнөөр алдаршуулах шалтгаан болов. Монголын Эрүүл мэндийн сайд өөрийн биеэр мэдээлэл хийж, салбар нь бүхэлдээ “дайн” зарласан гэхээр сүржин байх нь аргагүй. Өөрөөр хэлбэл Монгол Улс бүхэлдээ тэмбүүтсэн гэсэн ойлголтыг дэлхий нийтэд тараалаа. Зарим нэг ажлыг чимээгүй хийх нь жинхэнэ гавьяа болно. Харин улстөрчийн үүднээс попрох нь гай тарьдгийн жишээг Д.Сарангэрэл сайдын үйлдлээс харж болох нь.
Тэмбүү өвчний тархалт ихэссэнийг үгүйсгэсэнгүй, эрүүл мэндийн салбарынхан анхааруулж буй учраас анхаарах шаардлагатай болсон гэсэн үг. Гэхдээ энэ үе бол XXI зуун. Шинжлэх ухаан цаг минутаар хөгжиж, анагаах арга ухаанууд ч төрөл бүрээр дэлгэрч байна. Социализмын үе шиг хамар унагах хэмжээнд хүртэл доройтохгүй нь мэдээж. Д.Сарангэрэл сайдын хэлсэнчлэн дэлхий нийтэд зарлаж “тэмцээд” байх шаардлагагүй. Эрүүл мэндийн салбарынхан оношилж, эмчилж чадаж л байгаа бол тэмбүүгээ дайны хэмжээнд зарлаж, нэрээ хугалах ёсгүй.
Д.Сарангэрэл сайд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын хаалттай хуралдаанд тэмбүү өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан гэдгийг онцлов. Харин яагаад хаалттай хуралдаанд ярьсныг тэр ойлгоогүй бололтой. Монголын парламент тэмбүү өвчнийг нээлттэй ярьж, дэлхий нийтэд муу муухайгаа зарлах ёсгүй учраас хаалттай хаалганы цаана ярьсан хэрэг. Харин салбарын сайд нууж хаасангүй, мөдхөн монголчуудын хамар унана гээд хэлчихлээ.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа хүн хэлэх үгэндээ хямгатай байх ёстой. Эл үйл явдлын өмнөхөн сүрьеэ өвчний халдвар илэрч, хэсэгтээ л шуугисан. Тэр үед ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл миний үед эрүүл мэндийн салбар сайн ажиллаж илрүүлсэн гэх утгатай зүйл ярьж, “арьсаа” хамгаалсан. Тэмбүүгийн талаар ч ялгаагүй, олон жил энэ ажил ярианаас цааш хэтрээгүй, би бодит ажил эхлүүлж байна гэж том дуугарлаа.
Эрүүл мэнд, боловсролын салбарт попрох шаардлагагүйг харуулсан нэгэн жишээ энэ болов. Монгол Улс бэлгийн замын халдварт өвчин тэмбүүг дийлэхгүй хэмжээнд хүрсэн гэх үг цуурай мэт дэлхий нийтэд тарна. Манайх жижигхэн улс, гэхдээ аль нэг арал дээр хаягдчихаагүй, дэлхийгээс тасраагүй. Мэдээлэл асар хурдтай тархаж буй энэ үед хийх ажлаас илүү хэлэх үгэндээ анхаарах хэрэгтэй. Тэр дундаа монгол төрийг төлөөлж буй хүмүүс амныхаа зоргооры ярих нь гавьяа болохгүй, гай тарина.
Улстөрчдийн ажил хийсэн, хийх гэж байгаа мэт харагдах үг, үйлдэл гавьяа болж байсан нь цөөхөн.
Б.Болд