Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ дахь МАН-ын бүлэг ч энэ төслийн хэлэлцэхийг 100 хувь дэмжсэн байна лээ. Харин УИХ дахь АН-ын зөвлөл энэ парламент, тэр дундаа үнэмлэхүй олонхийн суудалтай эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлвэл АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, оролцоно гэдгээ мэдэгдсэн.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг тусгаж байгаа. Төсөлд УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох заалт оруулсан байна Өнөөдрийн үйлчилж байгаа дэгээр УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос долдугаар сарын нэгэн, намрын чуулган аравдугаар сарын эхний долоо хоногоос хоёрдугаар сарын эхний долоо хоногийн хүртэл хугацаанд үргэлжилдэг. Хуулиараа нэг чуулганы үргэлжлэх хугацаа 50-иас доошгүй хоног үргэлжилнэ гэж заасан байгаа. Гэхдээ бодит байдал дээр дунджаар ажлын 70-88 хоног үргэлжилдэг. Ер нь УИХ-ын чуулганы үргэлжлэх хугацааг сунгахыг олон нийт дэмжиж байгаа юм.
Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлажээ. Өнөөдрийн Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-тэй, УИХ-ын гишүүд хавсран гүйцэтгэж байгаа. Үе үеийн парламент УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллаж, “давхар дээл”-тэй байхыг хориглох хуулийн төслийг хэлэлцүүлж байсан ч гишүүдийн дэмжлэг авч байгаагүй. Ерөнхийлөгчийн зүгээс ч энэ талаар хуулийн төсөл санаачлан оруулаад, дэмжлэг авалгүй буцааж байлаа.
Уг нь УИХ-ын гишүүдийг зөвхөн хууль санаачлан боловсруулах эрхээ эдэлж, Засгийн газартаа чиглэл өгч ажиллах үндсэн үүргийг эдлүүлэх дээрх хуулийн өөрчлөлтийг олон нийт хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлын тухайд дээрх заалтыг УИХ дэмжих эсэх нь эргэлзээтэй.
Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүний квотод тодорхой хэмжээгээр УИХ-аас томилогдож болно гэх заалт оруулах магадлалтай.
УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулахаар өөрчилсөн. Харин Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхийг олгожээ.
Өнөөдрийн хуулиар Засгийн газрын гишүүдийг парламент нэг бүрчлэн томилдог. Ингэхдээ парламентаас дэмжлэг авахын тулд Ерөнхий сайд өөрийн багийг бус бүлэглэлийн фракцуудын төлөөллөөс танхимаа бүрдүүлэх шаардлагатай тулдаг. Харин Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлж, танхимаа өөрөө томилон бүрдүүлэх боломж олгож байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь Ерөнхий сайдаар томилогдох эрх фракц, бүлэглэлийн дэмжлэгийг авахын тулд танхимын бүрэлдэхүүнээ томилох тохироог урьдчилан явуулах магадлалтайг гэж хардах хэсэг ч байна, учир нь улс төрд эрх ашиг л үйлчилдэг. УИХ-аас дэмжлэг авахгүйгээр бодлогоо хэрэгжүүлэх нөхцөл, эрхзүйн чадамж өнөөдөр манай улстөрд бүрдээгүй, эрх ашгийн зарчмаар ажил явагддаг.
Тиймээс ч УИХ-ын гишүүн давхар албан тушаал хашихгүй, Ерөнхий сайд ч парламентаас дэмжлэг авахын тулд тохироогүйгээр танхимаа бүрдүүлнэ гэж итгэх гэнэн тэнэг байхгүйг олон нийт шүүмжилж байна.
Ямартай ч энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг дэх хэлэлцүүлгээ эхлүүлэх ч ард нийтийн санал асуулга эцсийн шийдийг гаргах юм.
Н.Энхлэн