“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг хэмээх эрхэм Монголын улстөрчдийг базах замаар улсын үйлдвэрийн газруудыг удаа дараалан гартаа оруулсан нь тодорхой болж шуугиулж байлаа. Түүний гарт өртсөн төрийн өмчлөлийн газруудыг дурдвал:
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгийг “эзэн” хэмээн өргөмжлөн дуудсан бөгөөд “эзнээ харчихаад үхэх юмсан” хэмээн санааширч байсан цаг саяхан. Улстөрчдийн “эзэн” болсон Д.Эрдэнэбилэг улсын үйлдвэрүүд рүү хараагаа бэлчээгээд зогсдоггүй байж. Улаанбаатар хотын газар руу ч гараа дүрсэн баримтууд олдлоо.
Одоогоор Д.Эрдэнэбилэгийн мэдэлд Улаанбаатар хотын зургаан байрлал "базагдаад" байгаа нь илэрлээ. Тэрбээр нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаярын хоёр удаагийн захирамжаар нийтийн эзэмшлийн таван цэцэрлэг, талбайг эзэмших эрхийг авчээ. Өмнө нь 2006 онд нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаярын захирамжаар Д.Сүхбаатарын хөшөөний өмнөд хэсгийг эзэмших эрхийг авч, автомашины зогсоол болгосон "хэрэг" нь саяхан илэрсэн.
Д.Эрдэнэбилэгийн эзэмшиж байгаа газруудаас хачирхал, зэвүүцэл төрүүлж байгаа нь Хөрөнгийн биржийн баруун талд байх нийтийн эзэмшлийн зам, талбай. 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс таван жилийн хугацаатайгаар, банкны үйл ажиллагаа явуулах зориулалтаар 0.07 га газрыг Улаанбаатар банкинд эзэмшүүлэхээр шийдсэн байх юм. Тэр газар нь банкны ямар ч үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлгүй нь тодорхой харагдана. Авто зам болон явган зорчигчдод оногдох өчүүхэн бага талбай байх агаад хэрвээ тэнд Улаанбаатар банк байшин барьвал машин байтугай хүн алхах ч зайгүй, битүү болно.
2018 оны 9 дүгээр сард заасан хугацаанд ашиглаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нийслэлийн Газрын алба уг газрын эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгох гэж байгаагаа Д.Эрдэнэбилэгт мэдэгджээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Долоон жил өнгөрөхөд юу ч хийгээгүй учраас өөр яах ч билээ.
Гэтэл "сахал" Д.Эрдэнэбилэг дээгүүр доогуур гүйж, хуучин хотын дарга нар, МАН-ын нөлөө бүхий улстөрчдөөр дарамтлуулсаар байгаад газар эзэмших эрхийг цуцалсан, цуцлаагүй нь тодорхойгүй төлөвт оруулж дөнгөсөн байна.
"Сахал" Д.Эрдэнэбилэг хотын газраас түүвэрлэн базахдаа сонирхолтой зарчим баримталсан нь дан нийтийн эзэмшлийн талбайд шуналт нүдээ тусгажээ. Д.Эрдэнэбилэгээс өөр хүн Хөрөнгийн биржийн баруун талд, авто зам, явган зорчигчийн зам дээр банкны байшин баръя гэж хэлж зүрхлэхгүй. Ийм зүйл хэн хүний санаанд буухгүй, зүүдэнд ч орохгүй.
"Сахал" Д.Эрдэнэбилэгийн гараас хотоо салгая !
М.Болд