Манай улс парламентын засаглалтай. Тиймээс ч хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнийг дөрвөн жилийн мөчлөгтэй сонгодог. Энэ удаагийн парламентад нэг нам дангаараа үнэмлэхүй олонхиор сонгогдсон. Үнэмлэхүй олонхийн суудалтай эрх баригч хүчин МАН-ын энэ үед парламентын нэр хүнд өсч, УИХ-ын дэг ягштал мөрдөгдөж, гишүүд хуралдаа цагтаа ирж, асуудлаа хэлэлцэн баталж, хууль журмыг хэрхэн баталж, хэрэгжүүлдгийг олон нийтэд үлгэрлэх нь бүү хэл төрийн тэргүүний зүгээ хоёр ч удаа “УИХ өөрөө эр зориг гарган тар” гэсэн шаардлагыг хүртээд сууж байна.
Үнэндээ ч нэг нам эрх барьсан үед төр, засаг тогтвортой үйл ажиллагаа явуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн сонгогчдын итгэл алд дэлэм зөрөв. Хэдийгээр нэг нам парламентын суудлыг эзэгнэж байгаа ч эрх мэдэл, албан тушаалын булаалдаж, Засгийн газраа ч, УИХ-ын даргаа ч огцрууллаа. Ингэхдээ УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж, үндэслэлгүй шаардлагыг эс хүлээж авсанд хуралдааны оролцохгүй нэгэн намрын чуулганыг 50 хоног гацаасан. Цаашлаад хууль санаачлах эрх нь гишүүдэд байсан хэдий ч парламентаас бус хууль санаачлах эрх бүхий Ерөнхийлөгчийн зүгээс “УИХ-ын гишүүд санал гаргаснаар УИХ-ын даргыг огцруулдаг” төслийг өргөн бариулж батлуулан, спикерээ огцруулсан. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах “ажиллагаанд” Ерөнхийлөгч оролцсон гэсэн үг. Нөгөө талаас гишүүд өөрсдийн бизнестээ зориулж хууль баталдаг байсан бол албан тушаалын төлөө нэг хүнийг огцруулах гэж хууль баталдаг болсныг үүгээр бататгалаа. Сөрөг хүчин төдийгүй зарим гишүүд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг заалтыг парламентын үйл ажиллагааг тогтворгүй болгох нигуртай гэж үзэж байгаа. ГЭхдээ энэ хуулийн заалт өнөө ч хүчинтэй хэвээр байгаа юм.
Хэдийгээр олонхиос бүрдсэн парламент ч олондоо эрдэж, хамгийн залуу гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах бэлтгэл ажил явагдаж байна. Гэвч дээрх асуудлаар ҮХЦ-д маргаан үүсгээд байгаа. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх үндэслэлээ дурдаагүй нь хүний эрх зөрчсөн гэх гомдлыг судлаач Д.Ганхуяг ҮХЦ-д гаргасан бол сөрөг хүчин АН ээлжит улс төрийн захиалгат ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Эрх баригч хүчин нөхөн сонгууль явуулах хүсэлгүйгээс ҮХЦ-д нөлөөлөх магадлалтай гэж тайлбарлаж байгаа.
Олонхидоо эрдсэн МАН-д бүлэг дотроо ч талцаж, ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан ЖДҮ-чин гишүүд ч нэрс тодроод байгаа. Эдүгээ парламентын гишүүдээс 100 хувь бүрдсэн Засгийн газрын гишүүд олон сая ам.долларын авлига авсан асуудал ч сөхөгдөөд байна.Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг шаардсан үндэслэлдээ:
Хуулиараа Ерөнхийлөгч “Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно” гэж хуульчилснаас зарлиг гаргах эрхгүй. Тэгээд ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ парламентыг хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр тар гэх Ерөнхийлөгчийн шаардлагыг ээлжит улстөржилт гэж ажиглагчид харж байгаа.
Үнэмлэхүй олонхийн суудалтай МАН өнгөрсөн хугацаанд парламентын нэр хүндийг сэвтүүлж, харлуулсан нь дээрх үйлдлүүдээс харагдаж байгаа. Тиймээс ирэх сонгуулийн жил сонгогчдын сонголт хариу барих биз.
Нөгөөтэйгүүр “М.Энхболдыг огцруулаад парламентад эрс шинэчлэл авчирна гэсэн хэдий ч өөрчлөлт гарсангүй, эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна” гэж гишүүн Ж.Батзандангийн өнөөдөр чуулганы хуралдаанд попорч байна лээ. Ерөнхийлөгч ч өнгөрсөн намрын чуулганаас хойш, өчигдөр хэлсэн үгэндээ ч “эрс шинэчлэл” хийхийг уриалж байгаа. Магадгүй УИХ-ын даргыг огцруулах эрх хуулиараа бидэнд байгаа шүү гэдгийг Г.Занданшатар гишүүнд сануулах давхар санаа агуулсан ч байж болох. УИХ өөрөө тарах шийдвэрт хүрэхгүй ч УИХ-ын гишүүдэд спикерийг огцруулах эрх нь байгаа.
Харин өнөөдрийн тухайд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” болохоос УИХ-ыг тарааж, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэх бүрэн эрхгүй нь сайхан л даа.
Н.Энхлэн