Улс төрийн хүчнүүд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд бэлтгэн, нам эвсэн, сэм хуйвалдацгааж байна, дотооддоо. Сонгуулийн хуулийн цаг хугацааны хуваариар энэ долоо хоногт багтааж, улс төрийн хүчнүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хүргүүлнэ.
Өнөөдөр Монголд 32 нам бүртгэлтэй гэдэг ч энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуулиар парламентад суудалтай МАН, АН, МАХН-ын өрсөлдөх нь тодорхой. Бусад улс төрийн хүчнүүд оролцох хүсэлгүй, эсвээс дэмжигч хэлбэрээр оролцоно гэж харж байна. Учир нь зарим улс төрийн хүчнүүд УИХ-ын сонгуулиар “ичээнээсээ гараад” бусад үед нам жим байдаг. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулиар ч нэг талаас үйл ажиллагаагаараа олон танигдаагүй, сонгогчдын дэмжлэг муутай, нөгөө талаас санхүүгийн эрсдлээ тооцож зарим улс төрийн хүчин сонгуульд өрсөлдөхгүй байх. Харин нөхөн сонгуульд өрсөлдөж байгаа хүчнийг дэмжигч хэлбэрээр оролцох намууд бий. Тухайлбал, ИЗНН, МУНН, МНН зэрэг намууд МАХН-ыг дэмжигчээр оролцох магадлалтай. Учир нь энэ улс төрийн хүчнүүд тээр жилийн Сар шинийн дараахан Монголын нэн шинэ Үндсэн хуулийг боловсруулан, хэлэлцүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо ч тэр хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаа биз. Гэхдээ зарим улс төрийн хүчин ирэх сонгуулийн жилдээ бэлтгэж, олонд нэрээ гаргах, өөрсдийгөө таниулах, өрсөлдөгчийн саналыг ширхэгчлэн хуваах үүднээс сонгуульд оролцох магадлалтай гэж ажиглагчид харж байна. Ер нь энэ удаагийн Хэнтийн нөхөн сонгууль улс төрийн намуудын тухайд ирэх сонгуулийн жилийн “бие халаалт” гэж болно.
Хэнтийн нөхөн сонгууль эрх баригч хүчин оролцох эсэхээ шийдвэрлүүлэхээр бага хурлаа хуралдуулна. Уг нь ч эрх баригч хүчин МАН Хэнтийн нөхөн сонгуульд оролцох нь тодорхой. Гэхдээ дүрмээ барьж, гишүүдийнхээ үгийг сонсож, бодлогоо хэлэлцэж, дотоод хагарлаа дэврүүлчихгүй, сонгуульдаа бэлтгэх гээд асуудал ундарч байгаа биз, эрх баригч хүчинд. Ер нь жил гаруй хугацаанд эрх баригч хүчин нөхөн сонгуулийн тойргийг сайтар “усалсан” гэж харж байгаа. Учир нь тэнд эрх баригч хүчин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өрсөлдүүлэх нэр цохоод байгаа, олон нийт. Улс төрийн хүчний рейтэнгийн 50 хувь нь намын даргад байдаг. Хэрвээ энэ нөхөн сонгуульд У.Хүрэлсүх өрсөлдөөд ялагдвал МАН 100 хувийн ялагдал хүлээсэнтэй адил. Судалгааны байгууллагын санал асуулгаар хамгийн өндөр рейтэнгтэй улстөрчийг У.Хүрэлсүх тэргүүлсэн байна лээ. Саяхан "Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт" Үндэсний чуулганыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж, Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосныг дурдаж “Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвийн эх үүсвэрээр Хэнтий аймагт Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, аялал жуулчлалын 3 том цогцолборын ажил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд эхэлсэн” гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцлон дурдсан. Цаашлаад “Бүх цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүний хувиар ч тодорхой арга хэмжээг зохиосоор ирлээ. Энэ бүхэн нөхөн сонгуульдаа бэлтгэлсэн МАН-ын даргын “усалгаа” гэдгийг ажиглагчид харсаар байгаа.
Хэнтийн нөхөн сонгуульд эрх баригч хүчин МАН-д амлалт, мөрийн хөтөлбөр шаардлагагүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид үргэлжлүүлэх хийх арга хэмжээний тайлангаа тавихад л хангалттай. Тэгээд ч өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гээд Засгийн газрыг Хэнтийчүүд тэргүүлж, удирдаж байгаа.
АН ҮБХ-ны хурлаа хийж, нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдсэн бол МАХН сонгуулийн төв байгууллагад нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, холбогдох материалаа хүргүүлээ байгаа. Энэ удаагийн нөхөн сонгуульд АН-аас Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлнэ гэсэн таамаглал явж байгаа. Харин МАХН-аас намын дарга Н.Энхбаяр нэр дэвших магадлал өндөртэй ч мөн л таавар хэвээр байгаа.
Энэ удаагийн нөхөн сонгуулиар улс төрийн хүчнүүд "богино нас"-тай амлалт бус урт хугацааны бодлогоо танилцуулах биз. Ер нь үнэмлэхүй олонхи эрх баригч хүчний бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах нь намуудын сонгуулийн тактик байх болов уу.
Ямартай ч энэ долоо хоногт Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчнүүд тодорч, ирэх өдрүүдэд эх орны зүүн зүг рүү улс төрийн нам, нэр дэвшигчдийн цуваа үргэлжлэх нь.
Н.Энхлэн