Ойрын өдрүүдэд эрх баригчид, тэр дундаа төрийн гурван өндөрлөг судалгаагаар пиараа үргэлжлүүлж байна. Энэ нь сонгууль дөхсөний шинж гэдгийг олон нийт гадарлана. Үнэхээр ч хоёрхон сарын дараа Хэнтийн нөхөн сонгууль, он гараад сонгуулийн жил эхлэх юм.
Саяхан “Сант марал” судалгааны байгууллагын гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод топ улстөрчдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар удаалсан байна лээ.
Гэхдээ топ улстөрчдийг тэргүүлсэн гурван эрхмийг харахад нийслэлд бус нутагтаа, тодруулбал Хэнтий аймагт гэвэл арай үнэмшилтэй тусахаар байлаа. Эдийн засгийн хямралыг хамгийн түрүүн мэдэрдэг газар бол хүн амын гуравны нэг нь оршин суудаг Улаанбаатар хот. Ам.долларын ханш чангарч, шатахууны үнэ нэмэгдэж, энэ хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ өдрөө өдөрт нэмэгдэж, цалин өрхийн төсөвт хүрэлцэхгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч, агаарын бохирдол, автозамын түгжрэл гээд бухимдал, стресст өдөр тутмын ажил, амьдрал нь өрнөдөг Улаанбаатарчууд М.Энхболд даргаасаа урвасан Л.Оюун-Эрдэнийг байтугай эрх баригч хүчний удирдагчийг нь “топ”-д дугуйлахгүй. Харин нь ч эрх баригчдад шүүмжлэлтэй хандаж, өнгөрсөн хугацаанд попорсон үйлдлийг шүүмжилсээр ирсэн. Тэгээд ч аль ч үеийн эрх баригчид зөвхөн нийслэлд ч бус орон даяар шүүмжлэлд өртөж, судалгааны жагсаалтыг тэргүүлээд байдаггүй нь бичигдээгүй хууль.
Цаашлаад УИХ-ын даргаар сонгогдоод гурван сар орчимж болж байгаа Г.Занданшатарын ажлын дүгнэсэн судалгаа бас сошиалаар явж байна. Ингэхдээ өмнөх УИХ-ын дарга З.Энхболд, М.Энхболд хоёрын үед парламентын нэр хүнд унаж, олны итгэл алдарсан байсан бол өнгөрсөн гурван сарын хугацаанд Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ-ын нэр хүнд өсөх хандлагатай ажиглагджээ. Ингэхдээ “Жил ч болоогүй УИХ-д итгэх иргэдийн итгэлд сэргэх үндэс суурь юу байв гэхээр нэгдүгээрт М.Энхболдыг огцруулсан нь иргэдэд найдвар өгчээ. Хоёрдугаарт хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг өөрчилсөнг шударга ёс сэргэхэд нөлөө үзүүлсэн гэж үзэв бололтой. Гуравдугаарт УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг, бүртгүүлдэг болсон нь чуулганы ирц сайжирсан. Энэ нь УИХ-ын гишүүд ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж эхэлжээ" гэж тодотгожээ.
Үнэндээ, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулбал маргаашаас нь эдийн засагт нар мандаж, асуудал арилна” гээд попроод байсан улстөрчид л албан тушаал дэвшсэн болохоос иргэдийн амьдрал өөрчлөлт гарсан зүйлгүй байгаа. УИХ-ын даргаар Г.Занданшатар сонгогдоод намрын чуулганыг 40 хоног гацаасан улстөрчдийг эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хуулийн төслүүдээ ээлжит бус чуулган хуралдуулж шийдвэрлэхийг шаардлаж байлаа. Гэвч ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг өөрчилж, хаврын чуулганы эхэнд Ерөнхийлөгчийн хүргүүлсэн албан тушаалтнуудыг томилох саналыг зөвшилцөн дэмжсэн. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр асуудлыг шийдвэрлэдэг боллоо, парламентын бүрэн эрхэд халдлаа гэж олон нийт шүүмжилсээр байгаа. Энэ хаврын чуулганаас гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болох хуулийг М.Энхболд даргын үед баталсан. Харин Г.Занданшатар УИХ-ын дарга болсноор Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын дараалалд орж, яаралтай хэлэлцүүлгээр батлагдаж, бусад асуудлууд хойшилон, хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрх алдагдаж байгаад сөрөг хүчин шүүмжилж байгаа. Монгол Улс парламентын засаглалтай орон атал ҮАБЗ-ийн зөвлөмжөөр асуудал шийдэгдэж байгаа нь ардчилалд ч хар толбо үлдээж байгаа хэмээн спикер Г.Занданшатар чиглэсэн шүүмжлэл үргэлжилсээр байгаа билээ.
Улстөрчид, тэр дундаа өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд өөрсдийгөө магтуулах гэж зүтгэдэггүй байх гэж эергээр харъя. Харин тойрон хүрээлэгчид нь тал засч, нэр олох гэж нийгэм дэх нэр хүндийг нь битгий харлуулаад бай. Улстөрчдийн рейтэнгийг сошиал баг, аль нэг судалгааны байгууллага бус сонгогчид дүгнэдэг.
Н.Энхлэн