Энэ хаврын чуулгантай зэрэгцээд Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн бэлтгэлт ажил явагдаж байгаа. Сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу энэ долоо хоногт тус аймагт Сонгуулийн хороо, хэсгийн хороод байгуулагдана.
Улс төрийн хүчнүүд нөхөн сонгууль зарласантай зэрэгцээд тандалт, судалгаа, бэлтгэл ажлаа аль хэдийнэ эхэлсэн. Сонгуулийн хуваарийн дагуу ирэх долоо хоногоос нөхөн сонгуульд оролцох улс төрийн хүчнүүд СЕХ-нд материалаа хүргүүлнэ. Тавдугаар сарын эхний долоо хоногт сонгуулийн төв байгууллага УИХ-ын нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэсний дараагаар улс төрийн хүчнүүд бага хурал, чуулганаа хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах юм.
Тиймээс ирэх тавдугаар сараас зургадугаар сарыг дуустал нөхөн сонгуулийн марафонд улс төрийн хүчнүүд өрсөлдсөн, сонгуулийн сарууд байх болно. Хэдийгээр Хэнтий аймаг дахь нэг тойрогт явагдах ч энэ нь ирэх сонгуулийн жилийн улс төрийн хүчнүүдийн өнгийг тодорхойлно гэж ажиглагчид харж байгаа.
Ямартай ч парламентад суудалтай АН, МАН, МАХН-аас нөхөн сонгуульд оролцож, нэр дэвшигчээ өрсөлдүүлэх нь тодорхой. Харин энэ гурван хүчнээс хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь улс төрийн намуудын дотоод асуудал хэдий ч олны анхаарлын төвд байна. Ер нь парламентад суудалтай улс төрийн хүчнүүдээс нэр дэвших магадлалтай эрхмүүд эхнээсээ тодорч байгаа.
Өнөөдөр л гэхэд МАХН-ыг парламентад суудалтай болгосон УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшвэл дэмжиж оролцоно” гэж байр сууриа хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн байна. Хэнтийн нөхөн сонгуулийг өөрөө өрсөлдөх үү, намын гишүүдээсээ өрсөлдүүлэх үү гэдэг МАХН-ын даргын бүрэн мэдлийнх. Гадны хүчин зүйлээс хамаарч ямар нэг хориг, тээг үүсэхгүй бол Н.Энхбаярыг өрсөлдөнө гэсэн таамаглал байгаа.
Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд "Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт" Үндэсний чуулганыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Үндэсний энэ чуулганд Ерөнхий сайд оролцож хэлсэн үгэндээ Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосныг онцлоод “Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвийн эх үүсвэрээр Хэнтий аймагт Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, аялал жуулчлалын 3 том цогцолборын ажил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд эхлэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгох асуудлыг таслан зогсоож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах асуудлыг үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн”-ийг мэдэгдэн Монгол Улсынхаа Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд Хүчээ нэгтгэхийг уриаллаа.
Үүнийг ажиглагчид Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой боллоо гэж харж байна. Тэгээд ч бүрэн эрхийн хүрээнд аялал жуулчлалын сезон эхлэх торгон мөчид, сонгуулийн цаг хугацааны хайчилбартай зэрэгцэн дээрх арга хэмжээ зохион байгуулж байна гэсэн таамаглал хөвөрлөө.
Энэ удаад эрх баригч хүчнээс УИХ-ын 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийг МАН-ын бага хурал бус “нийгмийн захиалга”-аар аль эрт тодруулаад байгаа. Учир нь өнөөдөр үнэмлэхүй 64 суудалтай эрх баригч хүчнийг парламентын гаднаас удирдаж байгаа, Бүх цэргийн нэгдсэн холбооны тэргүүн, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрсөн нутагтаа болох нөхөн сонгуульд өрсөлдөх зайлшгүй нөхцөл бүрдээд билээ. Хэнтийн нөхөн сонгууль У.Хүрэлсүхийн төдийгүй МАН-ын рейтэнгийг тодорхойлно.
Харин УИХ дахь цөөнхийн цөөнх сөрөг хүчин гэсэн тодорхойлолтоо бататгаж, бүлгийн байр сууринаасаа ухарч, хоёр гишүүнээ намаасаа хасч, зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа АН-аас одоогоор нөхөн сонгуульд нэр дэвших эрхмүүдийн таамаглал бүрхэг байна. АН-ын дарга асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн өрнүүлж байгаа. Саяхан АН-ын дотоод ротаци явагдаж, ҮБХ-ны гишүүдээ шинэчилсэн. Өнгөрсөн жилийн таамаглалаар тус намаас сумогийн их аварга Д.Дагвадоржийг өрсөлдөнө гэсэн таамаглал ч явж байсан. Гэхдээ одоогоор хэн нэгийг таамаглах нь эрт байгаа, тус намд.
Ийнхүү улс төрийн хүчнүүдийн Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг өрсөлдүүлэхээ удахгүй тодруулна. Тэгээд ч улс төрийн хүчнүүдийн ирэх сонгуулийн жилийн өнгийг аль нэг судалгааны байгууллагын захиалгат жагсаалт бус энэ удаагийн нөхөн сонгууль тодорхойлох юм.
Н.Энхлэн