Эрх баригч МАН хүний нөөц арвинтай гэж үеийн үед аархаж ирсэн. Үнэхээр ч соц үед бэлтгэгдсэнээс энэ цагт ч бие бэлтгэсэн, сурсан, туршлагажсан, мэргэшсэн боловсон хүчний ахмад, дунд, залуу гурван үеийнхэн 200 гаруй мянган гишүүд дотор нь байдаг байх гэж хэн хэнгүй итгэдэг.
Харин парламентад үнэмлэхүй олонхийн суудлыг авч, төрийн эрхийг дангаар барьж байгаа энэ цагт өнөөх мянга мянган мэргэшсэн хүний нөөцүүд нь салбар салбарт томилогдож, Монгол Улсыг мандуулаад өгнө байх гэж гурван жил харлаа, ард түмэн. Гэвч эдийн засгийн өсөлт цаасан дээр өссөнөөс бус амьдрал дээр царцсан хэвээр. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, өрхийн төсөв хумигдаж, иргэдийн амьжиргаа улам хүндэрсээр байна.
Ганц нам төрийн эрх барьж байгаа хэдий ч Засгийн газраа тогтвортой үйл ажиллагааг нь явуулалгүй, өөрчилсөн. Хүн амын гуравны нэг нь амьдардаг Улаанбаатар хотын удирдлага жил бүр л солигдлоо. Өнгөрсөн жил НИТХ-ын дарга Ц.Сандуй “60 тэрбум”-ын асуудлаар албан тушаалаасаа огцорсон бол энэ жил нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Өнөөдрийн байдлаар НИТХ-ын дарга гурав, нийслэлийн Засаг дарга хоёронтаа томилогдоод байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ажлаа хүлээж авснаас хойш өөрийн багийг бүрдүүлээд удаагүй байгаа. Түүний багийн бүрэлдэхүүдн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмаа, Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Халиунбат, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүх, Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагай нар томилогдсон. Харин шинээр томилогдсон хотын орлогч нар хийсэн ажлаараа бус үг, үйлдлээрээ олны шүүмжлэлд дагууллаа. Нийслэлийн орлогч нар албан хэрэгцээндээ “00” тохижуулж, гамшгийн голомтод сэлфидэж, дарга болсноо зарлаж сошиалын сэдэв, нийгмийн дургүйцлийг өдөөж байна.
“00”-д тэглэгдсэн үнэлэмж
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан шинэ албан тушаалд дэвшээд, ажлаа албан өрөөгөө тохижуулахаас эхэлсэн бололтой. Тиймээс ч Засаг даргын Тамгын газарт хувьдаа “00”-той болж, тохижуулуулсан нь сошиалаар тархаж, пост хийсэн нэг рүү албан хаагчдаараа утасдуулж, “хэргийн эзэн”-ийг тодруулахаар ажиллаж байгаа юм байх. Баасан гаригийг ч хэлэх үү, өнөөдөр сошиалаар нэг шуугиж байна. Уг нь нийслэлийн асуудал дуусдаггүй, өрөөнийхөө “00”-ын асуудалтай зууралдах мантай л баймаар. Саяхан Төв цэвэрлэх байгууламжид хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйгээс дөрвөн сайхан залуу амиа алдсан ноцтой хэрэг гарч, хотоос ажлын хэсэг томилж, ахлагчаар нь Ж.Батбаясгалан томилогдсон. Тэгээд МАН-ын гэлтгүй бусад улс төрийн хүчнүүд ч Ж.Батзанданг боловсролтой, мэргэшсэн, шилдэг хүний нөөц гэж үнэлдэг байсан. Энэ үнэлгээ “00”-өөр тэглэгдэв, хөөрхий.
Албан тушаалын эрхээ эдлэх нь иргэний үүргээ биелүүлэхээс эхэлмээр
“Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон болно” гэдгээ шинэ орлогч олноо сошиалаар зарлаж, гал түймэр дэгдсэн гамшгийн газар өөрийгөө сэлфи хийж хамтатган түгээв, Мөнхжаргал гэх эмэгтэй. Байгалийн гамшиг дэгдсэн энэ үед хүн бүхний хүчин туслалцаа хэрэгтэй болохоос селфи хийж, баясах нэгэн баймааргүй. Гэвч шинэ албан тушаалд томилогдоод долоо ч хоноогүй байгаа энэ хүнд хотын орлогч гэдгээ мэдэгдэх нь юу юунаас чухал байсан бололтой. Тиймээс л олон нийт хотын орлогчийн албан тушаал хаших байтугай байгалиа хамгаалах иргэн хүний наад захын ёс зүй алга гэдгийг шүүмжилж байна. Үнэндээ ч иргэний үүргээ ч мэддэггүй хүн нийслэлийн агаар орчны бохирдолтой яаж тэмцэх вэ?
Ийнхүү томилогдсон албан тушаалтнуудын үнэн төрх ийм л байна. Цаашид ямар үйлдэл гаргахыг таашгүй. Үг, үйлдэл нь зөрсөн энэ мэт эрхмүүдээс улсын байтугай нийслэлийн хөгжил “нэхээд” ч хэрэггүй.
Н.Энхлэн