Хаврын улс төрийг сөрөг хүчин, иргэний нийгмийн хөдөлгөөн гэхээсээ эрх баригчид илүүтэй өдөөж байна.
Нэгэнтээ бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилүүддээ орсон эрх баригчидын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, шүүмжлэлтэй хандаж, амлалтыг нь шаардан сөрөг хүчний зүгээс жагсаал зохион байгуулсан. Эдийн засгийг сэргээж, иргэдийн амжиргааг дээшлүүлэн, хамтдаа улсаа хөгжүүлэх эрх баригч хүчин МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 51 хувьтай байгаа гэсэн албан тоог Засгийн газраас мэдээлсэн.
Одоогоос дөрвөн жилийн өмнө дефольт зарлахад хүрээд байсан эдийн засаг жилээс жилд өсөн сэргэж, өнөөдөр 6.8 хувь болж өссөн гэж эрх баригчид онцолдог. Гэвч энэ цаасан дээрх тоон өсөлт иргэдийн амжиргаанд мэдрэгдээгүй, өнгөрсөн хугацаанд валютын ханш чангарч, төгрөг сулран, бензин шатахууны үнэ өсч, энэ хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэн, өрхийн төсөв хумигдсаар ирсэн. Тиймээс л эрх баригчдын цаасан дээрх өсөлтийг хөрсөн дээр буулгаж, амжиргаагаа дээшлүүлэхийг олон нийт шаардаж, эдүгээ эдийн засгийн өсөлтөд итгэл алдраад байгаа.
Цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд өнөөдрийн ваакумжсан төр, засгийн удирдлагууд л тойрон хүрээлэгчдийнхээ зохиомол үзүүлэлт итгэнэ үү гэхээс олон нийтийн тухайд хөх инээд хүргэсэн хошин жүжгийг санагдуулж байгаа.
Бүрэн эрхээрээ, үнэмлэхүй олонхиороо илүүрхсэн парламентаас өнөөдөр улсын хөгжилд байтугай иргэдийн амжиргааг дээшлүүлсэн даацтай алхам, дорвитой шийдэл хийгдээгүй нь үнэн. Тиймээс үлдсэн жил хүрэхгүйн хугацаанд сонгогчид амин хувьдаа горьдлого тээх бус алс ирээдүйд гай болчихгүй бол боллоо гэсэн хандлагатай болж.
Тэгээд ч өнөөдрийн эдийн засгийн өсөлтийн хүрсэн түвшин эрх баригч хүчин МАН-аар овоглогдохгүй. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлуудын үр дүн. Дээр нь улирал, жил бүр ОУВС-гийн төлөөлөл хөтөлбөрийн хэрэгжилтээ хянаж, цаашид ямар ажил хэрэгжүлэх талаар эрх баригчдад чиглэл өгч, зааж зааварлаж байгаа нь туйлын үнэн. Тиймээс л “Эдийн засгийн асуудалд эрх баригчид хуруугаа ч хөдөлгөөгүй” гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн гашуун боловч үнэн үг.
Харин хаврын чуулган эхэлсэн энэ өдрүүдэд улс төрийн халуун сэдвийг эрх баригчид өөрсдөө өдөөн, нийгмийн бухимдлыг дэвэргэж байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүн шийдвэрлэхдээ эрүүдэн шүүсэн ажиллагаа явуулсан гэж Засгийн газар хэргийн зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж, хуулийн байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнд камерийн өрөөний бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд үзүүллээ. УИХ-ын гишүүд бичлэгийг үзээд “нийгэмд ийм зүйл хэрхэвч байж болохгүй” хэмээн дуу алдан, заримынх нь даралт ихссэн бол сэтгүүлчид үзсэн бичлэгийг бодитоор, өнгөтөөөр олон нийтэд мэдээлэхэд нийгэм өөр өөрсдийн өнцгөөс хүлээн авч дүгнэлээ. 20 гаруй жилийн мөрдөгдөж байгаа энэ онц ноцтой хэргийн асуудлыг хууль, шүүхийн байгууллага л эцсийн шийдвэрийг гаргана гэдэг дээр олон нийт санал нэг байгаа юм.
Харин “Жаст”-ын Батхүүгийн тавьсан “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэр дарж, өргүй болголоо гэх Шадар сайд Ө.Энхтүвшингийн мэдээлэл олон нийтийн дургүй, зэвүү, жихүүцлийг зэрэг зэрэг өдөөгөөд байна. “Олон улсын арбитрийн шүүхээр 100 гаруй сая ам.долларыг “Эрдэнэт”-ээр төлүүлэх шийдвэр гаргасныг 40 сая ам.доллар болгон төлж барагдууллаа” гэж алга ташуулахыг хүссэн Шадар сайдын амыг алгадах ч багадана. Татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэг компанийн, хэсэг бүлэг хүмүүсийн өрийг дарж, тоглохгүй ээ Засгийн газрын тэргүүн ээ.
“Эрдэнэт”-ийн эрдслийн сангаас гаргасан гэх 40 сая ам.доллар, зуучлагч компани, үлдэгдэл өрийг хэрхэн барагдуулах талаар судлах ажлын хэсэг байгуулснаас сөрөг хүчин мэдээлсэн. Хэдийгээр сөрөг хүчний ажлын хэсгийн судалгааны үр дүн шийдвэр болж хэрэгжихгүй, хэт цөөнхдөж байгаа ч олон нийтэд энэ асуудлаар хяналт тавьж, мэдээлэл өгөх эрх нь АН-д бий.
Цаашлаад 40 сая ам.долларыг өр төлөхтэй зэрэгцээд Капитал банкны үйл ажиллагааг зогсоогоод байна. Капитал банкны том хувьцаа эзэмшигч нь “Эрдэнэт”-ийг Стандарт барьцаалсан хэрэгт холбогдогчдын нэг Г.Алтан гээд их өр, их мөнгөний сүлжээ үргэлжилж байна.
Ийнхүү эрх баригчдын дэглэсэн хаврын улс төр нийгмийг цочроосоор. Уг нь өнөөдөр эрх баригчид улстөржих завгүй бүтээн байгуулалт өрнүүлж, ажиллаж байхаар. Гэвч сонгогчдын итгэлийг царцаах байтугай хөсөр хаяж, эрх мэдлээрээ илүүрхцгээж байна. Амлалт бол өр гэдгийг үл ойшоосон эрх баригчдад албан тушаалаасаа буцах цаг хугацаа ойртсоор байгааг ирэх өдрүүд сануулсаар байгаа.
Н.Энхлэн