Засгийн газрын мөнгө, төрийн хөрөнгө гэж байхгүй, эрх баригчид аа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ. Та бүхний захиран зарцуулж байгаа хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө, байгалийн баялгийн үр шим. Энэ мөнгийг баруун солгойгүй цац гэж та бүхэнд эрх мэдлийг өгөөгүй. Зөвхөн татварын төлөгчдийн мөнгийг зөв менежменттэйгээр зохистой зарцуулах л эрх та бүхэнд бий. Хэн нэгний өрийг төлж, өөр нэгний банкинд байршуулан дампуурсан нэрээр хийсгэх эрх ямар ч мэдэлтэнд үгүй.
2019 оны 04 сарын 05: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гадаад төлбөргүй болов.
Ийм сүржин мэдээллийг Засгийн газраас өгөв. Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын өрийг төлсөн гэнэ. Ингэхдээ Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхээс тавьсан 117 сая ам.долларын өрийг ярьж хэлэлцсээр 40 сая ам.доллар болгон бууруулан төлжээ. Үүнийгээ үр дүнтэй хэлцэл хийсний үр ашиг гэж Засгийн газар тайлбарлав. Засгийн газар гавьяа байгуулсан юм огт биш. Гагцхүү Монголын стратегийн чухал ордыг гадны банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл аваад төлж чадаагүй “Жаст”-ын Батхүүгийн өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн хэрэг.
Улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьж байхад төрийн эрх мэдэлтнүүд юу хийж байв! Төрийн бүхэл бүтэн өмчийг барьцаанд тавих эрхийг Ш.Батхүүд хэн өгөв! “Жаст”-ын Батхүү том толгойлж, төрийн өмчийг хулгайлан барьцаанд тавьсны өрийг татварын мөнгөөр төлөх ёстой юу! Эзэнгүй төрийн эмгэнэл энэ.
2019 оны 04 сарын 08: Капитал банкийг татан буулгалаа.
Монголбанкнаас ийм мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн тус банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй болсон учраас татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоолоо. Хичнээн харилцагч иргэн хохирч буй мэдээлэл тодорхойгүй.
Харин төрийн гэж нэрлэгдсэн татварын төлөгчийн 340 тэрбум төгрөг Капитал банкны дампууралд “нэрвэгджээ”. Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус банкинд байршиж байжээ.
Шат дарааллын дагуу эхлээд харилцагч иргэдийг хохиролгүй болгох учиртай. Хадгаламжийн даатгалын тухай хуулиар 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж даатгалтай учраас эрсдэлгүй гэдгийг Монголбанк мэдэгдсэн. Тэгвэл татварын төлөгчийн 340 тэрбум төгрөгийг хэзээ, хэн төлөх вэ?! Мэдээж, төр нэхэмжлэл гаргана. Эхнээсээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөгийг нэхэмжиллээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр бол Капитал банк 2015 оноос санхүүгийн чадамжгүй болж, төрийн мөнгийг гаргаж өгч чадахгүй байсаар өчигдрийг хүрчээ. Гурваас дөрвөн жил дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр дампуурсан банктай хамт татварын төлөгчийн 340 тэрбум төгрөг салхинд хийсч болзошгүй нөхцөл байдал үүслээ.
Татварын төлөгчдийн 340 тэрбум төгрөг дээр харилцагч иргэдийн мөнгийг эргэлдүүлж, дундаас нь ашиг олж ажиллах учиртай банк яагаад дампуурав? Төрийн их хэмжээний мөнгийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулж “идсэн” булайгаа далдлахын тулд зохиомлоор дампуурал зарласан уу? Иргэдийн хадгаламж даатгалтай учраас төлөгдөнө. Харин төрийн мөнгөн дээр хоосон хүний хоёр чихийг ав гээд суух тактик барьж, банкаа дампууруулсан байхыг ч үгүйсгэх аргагүй.
Харин Капитал банкны эзэн Б.Ундармаагийн хэлснээр Капитал банкны дампууралд улс төр орсон бол тэр хамгийн азгүй нэгэн. Өөрийнхөө намын эрх мэдлийн үед өөрийнхөө банкийг дампууруулсан азгүй нэр түүнд үлдэх учиртай.
Эцэст нь дахин хэлье, төрийн мөнгө гэж байхгүй. Зөвхөн хөлс хүчээ урсгаж хөдөлмөрлөсөн хүмүүсийн татвар гэж л бий. Энэ татвараар гэртээ цоожлогдож байгаа 52 мянган хүүхдийг цэцэрлэгтэй болгож, гурваараа шахалдан сууж байгаа сурагчдыг сургуультай болгох учиртай. Бас цалин, тэтгэврийн нэмэх зориулалттай. Түүнээс долоо хоног дараалан хэн нэгний өрийг төлж, нөгөө нэгний банкинд түгжих ёсгүй.
М.Болд