Ирэх жилийн энэ үед бус энэ зургадугаар сард эрх баригч хүчин МАН мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, амлалтаа урьдчилсан байдлаар “хамгаалах”-ад цаг үеийн хайчилбар дээр ирээд байна.
Учир нь энэ зургадугаар сард Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлогдож, бэлтгэл ажил сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа. Энэ сард гэхэд тухайн тойргийн нутаг дэвсгэрт сонгуулийн хэсгийн хороог байгуулна. Харин хоёр өдрийн дараа буюу баасан гаригт эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулгантай зэрэгцээд сөрөг хүчин, нийгмийн хөдөлгөөнүүд эрх баригчдаас амлалт нэхсэн жагсаал хийхээ мэдэгдсэн. Эрх баригчдад хамаарал бүхий "60 тэрбум", ЖДҮ-чдэд хариуцлага тооцох асуудал шийдэгдээгүй, тэр дундаа МАН-ын дарга ЖДҮХС-гаас эрх мэдэл, давуу байдлаа ашиглан зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хөндөлгүй өдийг хүрсэн. Энгийн иргэдэд хуваарилагдах зээлийг бүрэн эрхтэй түшээд нь хамаарал бүхий компанидаа авсан нь нийгмийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн үйлдэл.
Эдийн засгаа сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлж, түмнээ ядуурлаас гаргах Ардын намын амлалт сонгуулийн дараах бүрэн эрхийн хугацааны гурав дахь ондоо орсон хэдий ч бүрэн хэрэгжээгүйгээс гадна олон нийтэд мэдрэгдээгүй л байгаа. Харин нь ч валютын ханш өдөр бүр нэмэгдэж, энэ хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ өсч, цалинг Засгийн газраас үе шаттай гэх тодотолтойгоор ямх ямхаар нэмж байгаа ч өрхийн төсөвт нэмэр болох төдийхөн. Засгийн газар тооцоо судалгаан дээрээ үндэслэн эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсан гэх ч өрхийн төсөв, хөрсөн дээр энэ нь мэдрэгдээгүй, олон нийт бухимдалтай хэвээр. Эдийн засгийг дефольтоос гаргаж, сэхээний тасгаас жирийн тасагт шилжүүлсэн гэж өөрсдийгөө үнэлсэн үнэлгээг нийгэм таашаан хүлээн аваагүйгээр барахгүй Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдөр хамгийн хэцүү ажлыг ОУВС хийж байгаа. Энэ засаглаж байгаа хүмүүс жаргаж байгаа. Өнөөдөр эрх баригчид "Эрдэнэс Тавантолгой" компани дээр найрлаж байна. 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан "Эрдэнэс Тавантолгой" дээр хэн нь илүү мөнгө авах вэ гэж байгаа. Хөгжлийн банк дээр авлига явж байна. "Эрдэнэт"-ийн 49 хувийг хөөж явуулчихаад тендергүй шалгаруулж, сонгуулийн мөнгөө босгох гэж байна” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцолж, эрх баригчдын “ажил”-ыг үнэгүйдүүлсэн. Үнэхээр ч ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн сахилга батыг сайжруулж, гадаад, өр зээлүүдээ төлж, валютын урсгалыг оруулж байгаа нь үнэн. Энэ хөтөлбөр ирэх 2021 он хүртэл хэрэгжих нөхцөлтэй.
Саяхан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Засгийн газар хэлцэж, 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна гэсэн дүнг гаргасан байна лээ. Үүнээс
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь
- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь
- Нийгмийн бодлого 51.1 хувь
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь
- Засаглалын бодлого 55.4 хувьтай байгаа аж. Цаасан дээрх энэ тоо, судалгааг ямар аргачлалаар тооцон гаргаснаас эс хамаарч нийгэмд эрх баригчид мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлээгүй гэсэн бухимдал давамгайлж, 50.5 хувийн хэрэгжилтэд нь үл итгэсэн өнгө анзаарагдаж байна лээ. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна лээ. Гэхдээ энэ удааширсан хэрэгжилт төрийн албан хаагчдаас бус намаас хамаарч байгааг хэн хүнгүй мэднэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр энэ онд хөрөнгө оруулалтыг түлхүү тусгасан. Хаврын урин цаг ирж, хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтаа өрнүүлээд эхэлсэн энэ цаг дор төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалт тендер зарлах төдий шатандаа явж байгаа нь харамсалтай гэхээсээ ердийн үзэгдэл болтлоо өнгөрсөн хугацаанд хэвшин тогтжээ. Уг нь өнөөдөр эрх баригчид алдсан цаг хугацаагаа нөхөхөөр бүтээн байгуулалтыг өрнүүлэх үе хэдий ч вакумжсан улстөржилтөөсөө гарч чадаагүй л явна.
Парламентад олонхийн суудал авсан эрх баригч хүчин МАН өнгөрсөн хугацаанд албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, өнөө ч хагарал нь үргэлжилсээр байгаа. Үүнийг МАН-ын 200 гаруй мянган гишүүний хүрээнд бус парламент дахь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба МАН-ын бүлгийн 64 гишүүний эв түнжингээс тод харагддаг. Парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН өөрсдийн байгуулсан Засгийн газраа ч огцруулж, УИХ-ын даргаа ч чөлөөлж, дараагийн УИХ-ын дарга, Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа. Энэ нь өнгөрсөн хугацаанд төр, засаг тогтворгүй байгаагийн илрэл.
Тиймээс ч МАН-ын даргын төрсөн нутагт явагдах Хэнтийн нөхөн сонгуулиар эрх баригчид эхний дүнгээ хэрхэн тавиулахаас ирэх сонгуулийн жилийн өнгөө тодорхойлох юм.
Н.Энхбат